Д.Мөнхтөр:Хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор тус хууль эрх зүйн зөвлөмжийг гаргалаа
2016/07/28
Бид өнөөдөр хэрэглээгээ хэрхэн зохицуулах вэ? гэсэн асуултанд хариулахад бэлэн биш байдаг нь нууц биш юм. Чанаргүй бараа бүтээгдэхүүнээс болж хэрэглэгч бид цаг хугацаа, мөнгө төгрөг гээд олон зүйлээр өдөр тутамд хохирсоор л байна. Тэгвэл бидний өдөр тутмын хэрэглээний гомдол саналыг хүлээн авч хянан зохицуулж өгдөг ШӨХТГ нь иргэдэд тулгамддаг гол асуудал, асуултанд хариулт өгөхүйц зөвлөмжийг зурагт хуудас болгон хэвлэн гаргажээ. Хэрэглэгч гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг ойлгодог. Тэгвэл Хэрэглэгч бид эрхээ мэдэх нь эрсдэлээс хамгаалах эхний алхам билээ. Бид ямар тохиолдолд ШӨХТГ-т гомдол гаргах эрхтэй вэ?
- Таны худалдан авсан бараа доголдолтой бол Та хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй
- Худалдагч нь худалдаж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар үнэн бодит мэдээллээр хангаагүй бол хэрэглэгч та үүнийг тухайн газраас шаардах эрхтэй
- Контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-/ХҮТ/, СӨХ нь ус, цахилгаан, дулаанаар хангах үйлчилгээг хязгаарлаж хэрэглэгчийг хохироосон бол хэрэглэгч та тухайн газарт гомдол гаргах эрхтэй. Ус, цахилгаан, дулаанаар хангах үйлчилгээг зөвхөн мэргэжлийн байгууллага хязгаарлах эрхтэй байдаг
- Зах зээлд худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний хаяг шошгожилт нь Монгол, Орос, Англи хэлнээс бусад хэлээр бичигдэж, хэрэглэгч таны зөв сонголт хийх боломжийг хязгаарлаж байгаа бол хэрэглэгч та тухайн газарт шаардлага тавих, гомдол гаргах эрхтэй
- Удаан хугацаанд хэрэглэх бараанд үйлдвэрлэгч, худалдагч баталгаат хугацаа олгоогүй бол Та хуулиар 6 сарын баталгаа авах эрхтэй
- Таны худалдан авсан бараа бүтээгдэхүүнд тасалбар олгоогүй бол Та тасалбарыг тухайн газраас шаардан авах эрхтэй
- Таны худалдан авалтын хариултанд задгай мөнгөн дэвсгэртийг олгоогүй бол Та худалдагчаас шаардах эрхтэй /Жишээ нь 999 төгрөг бол 1 төгрөгөө авч болно/
- Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ тарифыг ил тод байршуулаагүй бол Та үүнийг шаардах эрхтэй
- Хуулиар сурталчилахыг хориглосон бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан бол Та ШӨХТГ-т гомдол гаргах эрхтэй
- Хямдрал урамшуулал нэрийн дор Таныг төөрөгдүүлсэн бол ТА ШӨХТГ-т гомдлоо гаргах эрхтэй. /жишээ нь сар, улирал, жилээр байнгын урамшуулал зарлах гэх мэт/
- БНХАУ-н Эрээн хотод очиж хятад компаниас худалдаа хийж хохирсон бол манай байгууллага болон Эрээн хотын үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчоонд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй
Аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах замаар
- Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох
- Зах зээлийн нутаг дэвсгэр, бараа үйлчилгээний нэр төрөл, худалдан авагчаар хуваарилах
- Зах зээлд нэвтрэн орох боломжийг хязгаарлах
- Тендер, сонгон шалгаруулалт, дуудлага худалдаанд үнэ тохирон оролцох зэрэг нь хууль бус үйл ажиллагаанд тооцогдох бөгөөд дээрх хууль бус үйл ажиллагааг ШӨХТГ-т илчилсэн иргэн аж ахуйн нэгжийг урамшуулах журамтай.
Аж ахуй эрхлэгчдийн зүгээс тендерт оролцох явцад тендерийн баримт бичиг нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзвэл тендер нээгдэхээс өмнө Шөхтг-т гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Өрсөлдөөний асуудал дээр:
- Өрсөлдөгчийн бараа үйлчилгээний нэр хүндийг гутааж, худал зөрүүтэй мэдээлэл түгээсэн бол
- Өөрийн бараа үйлчилгээний талаар худал зөрүүтэй мэдээлэл түгээж хэрэглэгчийг төөрөгдүүлсэн бол
- Өрсөлдөөнд харш зар сурталчилгаа явуулсан бол
- Бусдын барааны тэмдэг, патент, шошго, баглаа боодлыг хуулбарлах, зөвшөөрөлгүй ашигласан бол
- Бараа үйлчилгээний эрсдэлтэй талыг нуун дарагдуулсан бол
- Өөрийн бараа үйлчилгээг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа үйлчилгээг худалдан авахгүй байх болзол тулгасан бол
- Бараа үйлчилгээнд хямдрал урамшуулал байгаа гэсэн хуурамч мэдээлэл түгээх, урьдчилан хэн нэгэнд өгөхөөр тохиролцсон бол шударга бусаар өрсөлдсөн гэж үзэж ШӨХТГ болон Хэрэглэгчийн эрх ашигийг хамгаалах нэгдсэн үндэсний холбоонд хандана уу…