“Титэм үг” айлдах бус тайлан тавих учиртай ТУЗ-ийн гишүүд
2016/10/21
-Дээр хэлсэнчлэн төрийн томчуудыг төр нь эргээд ашиглах нь зөв ч ҮАБЗ-ийн гишүүн байсан, Монголын бүх нууц мэдээллийг мэддэг хүмүүсийг бизнесийн байгууллагад гавьяаны амралтад нь суулгах, шагналын журмаар томилох нь хэр оновчтой вэ?-
Төрд ажиллаж байсан улсын Ерөнхийлөгч, эсхүл парламентын спикер байсан хүмүүсээ нас өндөр болсон хойно нь ч Монголын төр ашиглах нь зүйтэй юм. Ганц Монголд биш хаа сайгүй л ийм жишиг, туршлага бий. Харин манайд энэ хандлага нэг л эвээ олохгүй байгаа нь үнэн.Анхны Ерөнхийлөгчөөс эхэлсэн төрөөс олгож буй насны хишиг, гавьяаны амралтын шагнал байдлаар албан тушаал хаяж өгдөг энэ хандлага өнөөдөр дараа, дараагийн Ерөнхийлөгч, спикерүүдээр үргэлжилж байна. П.Очирбат төрийн албаны хөгшчүүдийн гавьяаны амралтаа эдлэх газар гэж нэрлэгддэг Үндсэн хуулийн Цэцэд олон жил суусан. Энэ ч яах вэ, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, туршлагатай хүн төрдөө л зүтгэж байгаа хэрэг. Гэтэл сүүлийн үед энэ жишиг аль нэг мөнгөтэй компанийн удирдах зөвлөлд оруулж шагнадаг болж хэлбэрээ өөрчилжээ.
Удаах Ерөнхийлөгч Н.Багабанди Монголын баялгийн үүц дээр суусан Оюутолгой компанийн ТУЗ-д хоёронтаа сууж байна. Саяхан УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайг 100 хувь монголчуудын эзэмшилд шилжсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон мэдээлэл цацагдлаа. Дуулиан шуугианы үүр болоод байгаа Эрдэнэтэд очоод Д.Дэмбэрэл гуай ямар байр суурь баримталж, тэр нь монголчуудын эрх ашигт ус болж урсах уу, тос болж шингэх үү гэдэг нь сонирхолтой. Аль эсхүл гавьяаны амралтаа эдэлж, өндөр хэмжээний цалин аваад чимээгүйхэн суух болов уу. Ийм ажилд Д.Дэмбэрэл гуай шинэ хүн юм гэж бодоод түүнээс элдвийг нэхэхээ түр орхиж болох ч “титэм үгч” Н.Багабандийн хувьд олон нийт ихээхэн зүйл шаардах эрхтэй. Хоёр дахь удаагаа Оюутолгойн ТУЗ-д сууж байгаа Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо төр, түмнийхээ өмнө өргөж байсан андгай, тангарагтаа хэрхэн үнэнч байж Монголын эрх ашгийг хэрхэн хамгаалснаа тайлагнах цаг болсон бус уу. Оюутолгойн гэрээний асуудлаар шийдэгдэж өгөхгүй байгаа, шийдэл нь олдохгүй зовоосон олон асуудал бий. Бүр Монголын талд орж ирэх ногдол ашиг лав 10 жилээр хойшлоод байгаа сураг ч бий. Тэгэхээр иймэрхүү асуудалд Монгол төрийн, олон нийтийн эрх ашгийг төлөөлж Оюутолгойн удирдах зөвлөлд суугаа Н.Багабанди ямар байр суурь баримталж байгаагаа мэдэгдэж, өмнө нь Оюутолгойн ТУЗ-д Монголд тустай ямар ажил хийж гүйцэтгэснээ яг л нөгөөх “титэм үг” шигээ л тайлагнах ёстой мэт. Гэвч таг чиг.
Дээр хэлсэнчлэн төрийн томчуудыг төр нь эргээд ашиглах нь зөв ч ҮАБЗ-ийн гишүүн байсан, Монголын бүх нууц мэдээллийг мэддэг хүмүүсийг бизнесийн байгууллагад гавьяаны амралтад нь суулгах, шагналын журмаар томилох нь хэр оновчтой вэ?
Ер нь аль ч талаас нь бодоод үзсэн зохимжтой зүйл биш. Гэхдээ нэгэнт л Монголын эдийн засагт чухал нөлөөтэй тэргүүлэх компаниудад тэднийг томилсон л бол төр, түмнийхээ өмнө тангараг өргөсөн тэдгээр эрхмүүд “амьгүй албат” биш байдлаар л ашиглагдах хэрэгтэй юм. Байнга шахам “Титэм үг” хайрладаг хүнд тайлангаа тавих цаг гарч л таарна, Д.Дэмбэрэлээс ч гэсэн цаг нь ирэхээр ийм зүйл шаардах л учиртай.
Эх сурвалж:
Зочин · 2016/10/21
Хоёр дахь удаагаа Оюутолгойн ТУЗ-д сууж байгаа Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо төр, түмнийхээ өмнө өргөж байсан андгай, тангарагтаа хэрхэн үнэнч байж Монголын эрх ашгийг хэрхэн хамгаалснаа тайлагнах цаг болсон.
Монгол · 2016/10/21
урьд барын сүүл байхаар батганы толгой бай гэдэгсэн өнөө үед ч мөнгөөр бааж байгаа хэний ч өгзөгийг долооход бэлэн болчихсон үе дээ
tur · 2016/10/21
Turiin nuuts meddeg edgeer humuusiin shuud huviin ajil bolon huviin salbart ajillahiig horigloh heregtei ...