Орхон аймагт хүн оршуулах ч газар олдохгүй байна
2013/03/01
Монгол Улсын хамгийн бага газар нутагтай Орхон аймагт 87 мянга гаруй хүн оршин суудаг ч хамгийн их хүн амтай сумаар Баян-Өндөр ордог.
Тус сумын нэг га талбайд 3.5 хүн ногдож байна. Үүнийг Улаанбаатар хотын хүн амын нягтралтай харьцуулахад 0.6 функтээр илүү юм. Тэгээд ч тус сумын газар нутгийн нөөц дууссан. 2012 оны статистик тоон үзүүлэлтээс харахад, 13916 иргэнд 1043.1 га газрыг өмчлүүлсэн бөгөөд энэ нь нийт хүн амын 15.4 хувь нь газраа өмчилж авсан гэсэн үг. Хүн амын дийлэнх нь зөвхөн Баян-Өндөр суманд оршин суудаг тул хэт нягтрал үүсч, газар нутгийн хомсдолд ороод байна. Газар өмчилж аваагүй 76450 иргэн бий. Тэдэнд 28 мянган га талбай шаардлагатай. Мөн малаа дагаж суурьшлаа бүтээдэг малчдын хувьд Сэлэнгэ, Булган аймгийн нутаг дэвсгэрт амьдарсаар. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн 900 гаруй иргэн дээрх хоёр аймгийн нутаг дэвсгэр дээр амьдарч байна. Тэд хоёр аймгийн дунд “хавчигдсаар”…Хэдийгээр малчид нь Орхон аймгийн иргэн ч мал нь өөр аймгийн өвс идэж байгаа тул элдэв дарамтад өртөнө. Уг нь Монгол Улсын иргэн хаана ч оршин суух эрхтэй. Харамсалтай нь газар нутаг гэдэг ямар их харам байдгийг хүний нутгаас гуйж амьдарч байгаа орхончууд л ойлгоно.
1976 онд байгуулагдаж байсан Эрдэнэт хот тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрээрээ дэлхийд цоллогдож байлаа. Гэвч 1994 онд Орхон аймаг болж улмаар газар нутгийн хэмжээ багассан. 84.400 га газар нутагтай Орхон аймагт хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсч газрын хомсдолд орж, улмаар дамжин өнгөрөх аймаг болж хувирсан. Хөдөө орон нутгаас Орхон аймгийг зоригсод хот бараадаж ирлээ гэх боловч тун удалгүй жинхэнэ хот буюу Улаанбаатарыг зорино.Тодруулбал, жилд дунджаар 568 өрхийн 2200 гаруй хүн ирж, 1700 нь явдаг байна. Энэ мэт бэрхшээл олныг дурьдаж болно. Аймгийн хойд талаас урд тал хүртэл явган явахад ердөө 20-хон минут зарцуулна. Ингээд бодохоор Орхон аймаг ямар жижигхэн болох нь ойлгомжтой. Гэвч Монгол Улсыг тэжээж байгаа дэлхийд данстай топ үйлдвэр зөвхөн Эрдэнэтэд л бий. Энэ үйлдвэрээр мянга бахархавч газар нутаг минь сунахгүй, тэлэхгүй. Иймд Орхон аймгийн ИТХ ажлын хэсэг байгуулж “Орхон аймгийг Эрдэнэт хот болгох, хотын статусыг нь сэргээх” талаар олон нийтийн дунд санал асуулга болон хэлэлцүүлэг өрнүүлж байна. Нэг багаас 1000 хүний судалгаа авч, албан байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийж байна. 2000 оноос хойш хотын статусын талаар ярьж ирсэн ч өдий болтол өөрчилж чадаагүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж энэ асуудлыг шийдэх учраас тэр. Гэсэн ч орхончууд хэлэлцсээр. Хэрэв хотын статустай болчихвол аймгийн газар нутаг хааш хаашаа 30 км-ээр нэмэгдэнэ. Гэвч газар нутгийн хэмжээ хөгжлийг тодорхойлох уу хөгжлийг газар нутагт зохицуулах уу гэдгийг бас бодох хэрэгтэй. Энэ талаар иргэд олон санал хэлж байна. Хэрэв аймаг хотын статустай болчихвол иргэний бичиг баримтын өөрчлөлтийн зардлыг хаанаас гаргах вэ, хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш, эмч нарт олгогддог мөнгөн тэтгэлгийг яах вэ гээд. Аймгийг хот болгоход нэг ч иргэн хохирч болохгүй. Иймд иргэдийг хохироохгүй, эдийн засгийн өндөр зардалгүйгээр үүнийг шийдэх хэрэгтэй гэх хүн байна.
Аливаа зүйлд эдийн засгийн тооцоо чухал. Орхон аймгийг Эрдэнэт хот болгох гээд зөвхөн нэр солиход бүх албан бичиг өөрчлөгдөнө. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө, цаг зарцуулахав. Энэ тооцоог гаргав уу гээд асуух, тодруулах зүйл их байна. Зарим иргэн Эрдэнэт хот-Орхон аймаг-Эрдэнэт хот гэсэн энэ үечлэлд хөгжил хэр байв гэдэгт ач холбогдол өгч нэр солигдсон ч бидний амьдрал дээшилсэн үү гэж асууж байна. Гэтэл хэн нэгэн газар нутаг гуйж амьдрах хэцүү. Иймд нэн түргэн хотын статустай болох хэрэгтэй гэж үздэг. Хил хязгаарыг шинэчлэн тогтоож хөгжлөө хурдасгая гэх. Мөн Хотын тухай хууль, дүрэмтэй болчихвол бүх зүйл цэгцэрнэ гэж үзэх ч иргэн байна. Хотын соёлыг хүүхэд байхаас нь төлөвшүүлж хот төлөвлөлтийг тэлж хийх хэрэгтэй. Эсвэл Баян-Өндөр сумыг хэд, хэдэн сум болгож хуваах. Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг УИХ батлах тул Булган, Орхон аймагт үүсээд буй газар нутгийн маргааныг хуулиар зохицуулах нь зүйтэй гэсэн саналыг иргэд хэлж байна. Зарим нь аймаг, хот хоёрын ялгааг ойлгоход бэрх байгаа бололтой. Учир нь Улаанбаатар хот утаан дунд амьдардаг тул хотын хөгжлийг тэгж төсөөлж байх шиг. Энэ мэт хотын статусын талаарх санал, асуулга, үзэл бодол хөвөрсөөр. Аймгийн зарим удирдлага энэ тал дээр өөрсдийн байр сууриа ч илэрхийлсээр. Гэвч эцсийн эцэст бидэнд гишгэх, амьдрах газар хэрэгтэй. Аймгийг хот болгоход олон асуудал тулгарах нь ойлгомжтой. Үүнийг зөв бөгөөд оновчтой шийдвэрлэх нь эрх мэдэлтнүүдэд бий. Нэр солих уу хилийн цэсийг тогтоож өгөх үү гэдэг нь тэдний шийдэх асуудал. Иймд орхончууд өөрсдийн санал бодлоо нэгтгэж ИТХ-аараа хэлэлцээд эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг судалж буй ажлын хэсэгт уламжилна.
Эцэст нь хэлэхэд, хүнээ оршуулах газар нутаггүй байна гэдэг талийгаачаа хотын төвд хаяхтай л ижил юм. Морь уралдах нь ч яамай. Хамгийн гол нь малаа бэлчээж хүнээ тэжээх газар нутаг бидэнд хэрэгтэй. Монголын тал нутаг хязгааргүй ч ….
Б.ОЮУН-ЭРДЭНЭ (Орхон)