-Дотроос нь самарсан С.Баяр одоо гаднаас нь самрахаар шийдэв үү-

 

Монголын улстөрийн хамгийн том тоглогч, 16 нүүдлийн цаадхыг олж хардаг хэмээгддэг С.Баяр үнэхээр дараа дараагийн асуудал, үйл явцыг харж байж нүүдэг нэгэн бололтой. Түүнийг саяхан Англи дахь Элчин сайдаар томилогдохтой зэрэгцэн зарим нь энэ бол шагнал гэж байхад зарим нь шийтгэл гэж байв.

Мэдээж С.Баяр шиг Монголын улстөрийн ертөнцөд 20 гаруй жил ноёрхсон хүний хувьд зүгээр нэг Элчин сайдаар ажиллах нь тийм ч хангалттай бус нь ойлгомжтой. Суусан газраасаа шороо атгахын адилаар алхам тутамдаа халаасаа түнтийлгэж, мөнгө гэдгийг харин ч нэг “уул овоо”-гоор нь олж явсан С.Баярын хувьд Англид зүгээр нэг Элчин сайдаар сууж, улсаас өгсөн “тэтгэмж”-ийг хүртээд суух нь туйлын бага санагдах байх. Ёстой нөгөө шийтгэл гэдэг нь байх.

Зарим хүмүүсийн хувьд Англид суух Элчин сайдаар томилогдох нь “тэнгэрийн умдаг” атгасантай адил том үйл явдал байхад С.Баярт ашиг муутай нэгэн “мест” байх нь. Гэхдээ мань хүн Англид зүгээр нэг зургаан жил Элчин сайдаар суухгүй, энэ албан тушаалаа ашиглаж Монгол, Их Британийн хоорондох томоохон гэрээ контрактийг базаж суух том тохироог намынхантайгаа хийсэн бололтой. Учир юу хэмээвээс өнгөрөгч мягмар гариг буюу энэ сарын 29-ний өдөр Монгол-Их Британи улсууд хоёр орны хооронд Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Уул уурхайн салбарт байгуулсан анхны энэ санамж бичгээр Монгол-Их Британи улсууд илүү ойртож, хамтран ажиллахаар болж байгаа аж.

Оюу-Толгойн гэрээг хар толгойгоороо хариуцна хэмээн ам гарч Их Британийн “Рио-Тинто” компанитай байгуулж байсан С.Баярын үйлдэл өдгөө Монгол Улсад, Монголын ард түмэнд ашиггүй болох нь нотлогдсон. Мөн энэ гэрээг байгуулцсан хүмүүс хувь хүртэж, түүнийгээ оффшорт нууж, гадаадад гаргаж үл хөдлөх хөрөнгө болгож мөнгө угаасан байж болзошгүйг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгэхээр С.Баяр “Рио-Тинто”-гийн Монгол дахь эрх ашгийг хамгаалах, цаашлаад Их Британийн томоохон компаниудыг Монголын уул уурхайн салбарт “хөнгөлөлттэй нөхцлөөр” орж ирэх боломжийг бүрдүүлэх нэг ёсны “элч төлөөлөгч”-ийн үүрэг гүйцэтгэх бололтой. Мэдээж Монголд хөрөнгө оруулалт татаж байна хэмээн сүржин үгээр үүнийгээ хамгаалах байх.

Гэхдээ энэ бүхний ард Оюу-Толгойн гэрээ шиг Монгол Улсад ашиггүй, гаднын хөрөнгө оруулагчдад ашигтай гэрээ байгуулсныхаа хүчинд хувь хүртээд сууж байхыг ч үгүйсгэхгүй. Товчхондоо ингэж ажиллавал С.Баярт Англид суух Элчин сайдын албан тушаал харин ч бүр ашигтай тусна. Мөн түүнчлэн алсаас байдлыг ажиж, “мярайж” байгаад Ерөнхийлөгчийн албан тушаалд суухыг ч үгүйсгэхгүй. Учир нь түүнд одоо ганц л хүсэл буй нь Ерөнхийлөгчийн албан тушаал билээ.

 

Төгс

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22