eldegee

Ямар ч байсан Тавантолгой дээр  Шинхуа, Энержи ресурс, Сумитомо хамтран эрх мэдлээ хэрэгжүүлж таарах байх. Өмнөх хийгээд өнөөгийн засгийн үеийн эрх баригчдад эднээс өөр сонголт үнэндээ алга байна. Хувь хэмжээ болоод мөнгөний асуудал харин ихээхэн анхаарал татаж байгаа асуудал гэдгийг хэлэх хэрэгтэй. Ер нь бол улстөр бизнесийн бүлэглэлүүд цаагуураа бол тохироогоо зугуухан хийж байдаг нь нууц биш болсон зүйл л дээ. Тавантолгой дээр гол анхаарал татдаг төмөр замын асуудлыг гэхэд л улстөрчид нэг л мэдсэн шийдчихсэн байсан шүү дээ.  “Шинхуа” болоод дотоодын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, “Тавантолгой” ХК хамтран нарийн цариг бүхий төмөр зам барих “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Тэрхүү төмөр замын уртын хэмжээ нь 18 км буюу богино ч гэлээ, жилдээ 27 сая орчим тонн нүүрсийг өмнөд хөрш рүү тээвэрлэх хүчин чадалтай байна гэсэн. Тэр нь манай улсын нүүрсний жилийн экспортыг дангаараа шийдчих хүчин чадалтай зам босохоор л харагдаж байв. Тиймээс ч нарийн цариг дагасан шүүмж дахиад идэвхжиж байсан юм. Юу гэхээр, нэг л газар зөвшөөрөл өгөөд нарийн царигтай зам бариад эхэлчих юм бол ар араасаа олон нарийн төмөр зам Монголд маш богино хугацаанд ороод ирнэ. Үүнийг стратеги төлөвлөгөөтэйгөө уялдуулах бараг боломжгүй болно. Хятадын нарийн төмөр замыг оруулаад ирвэл монголын баялгийг хятадууд ёстой л нэг угжих шиг болно. Юуны өмнө олон мянган хятад наймаачид орж гарна, байнга оршин сууна гэсэн үг. Төмөр зам, тэр тусмаа нарийн царигтай бол Монголын баялгийн урсан гарах хэмжээ, далайц хэд дахин нэмэгдэх болно. Товчхоноор монголчуудын өөрсдийн гараар байгаль, эдийн засаг, түүх соёлын дурсгалыг нь сүйтгэх болно гэх байр сууриуд байсан.

За харин энэ мэт мэдээллийн араас   Ерөнхийлөгч албан ёсны байр сууриа илэрхийлж дуугарсан. Тэрбээр “…Төмөр замын хувьд Монгол Улс өөрийн гэсэн бодлого, эрх ашигтай гэдгийг та мэдэж байгаа.Тавантолгойгоос урагшаа барих төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, өртөөнүүдэд ажиллах инженер ажилчид гээд бүгд Монголынх байна. Ачааг хилээр гаргасны дараа хөрш орны зүтгүүр хүлээн аваад цааш явна. Ачааг хилийн наана асгаад дахин ачина гэж байхгүй. Цагаанхад гэдэг газар нүүрс асгаж, ачиж байгаа шиг гамшиг болгохгүй. Нэвтрүүлэг хийж юм уу тусдаа ярихгүй л байгаа болохоос энэ бол манай бодлого, эрх ашиг шүү дээ. Энэ асуудлыг бид хөрштэйгөө ярилцаж байгаа. Харин энэ асуудлыг “хэрүүлийн алим” болгож, ажлаа унагаамааргүй байна. Хөрш орнуудад нүүрс мэтийн ачааг тухайн орны царигаар гаргах нь зөв гэж үзэж байгаа. ОХУ руу өргөн царигаар, урд хөрш рүү өөрийх нь царигаар, дугуй солих шаардлагагүй яваг. Ачсан нүүрсийг нь асгаж, дахин тээвэрлэхгүй яваг. Баттулга гишүүн өөрөө сайн мэдэж байгаа. Төмөр замын бодлогын талаар маргалдаад байх хэрэггүй, бидний хэдийнэ шийдсэн асуудал шүү дээ. “Шинээр байгуулах төмөр зам нь одоогийн төмөр замтай шууд холбогдох буюу огтлолцох тохиолдолд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” гээд тогтсон. Одоогийн энэ Алтанбулагаас Замын Үүд рүү чиглэсэн төмөр замтай огтлолцохоор бол энэ өргөн царигаар байна шүү гэсэн юм.

Тэгэхээр Ерөнхийлөгч Тавантолгойн асуудал дээр ийн дуугарч байв. Тэгвэл оны өмнө АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар хатуухан үгс хэлсэн. Түүний мэдэгдлийн араас Ерөнхийлөгч дуугарах уу гэдэг асуудал анхаарал татаад ирж байна.

АН-ын дарга З.Энхболд  хэлэхдээ  “Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Гэтэл сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал Тавантолгойг хуучин явж байсан хамгийн муу хувилбараар явуулахаар Засгийн газар шийдээд МАН-ын бүлэг дээрээс буцаагдсан байна.  Одоогийн УИХ-ын гишүүдийн 50-иас илүү шинэ гишүүд байгаа. Хуучин гишүүн Л.Болорчулуун, Ж.Энхбаяр хоёрын хэвлэлд өгсөн ярилцлагыг харсан. Тэд бол миний одоогийн ярих гэж байгаа бүх бичиг баримтыг мэдэж байгаа. 2015 гаргасан Таван толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай байсан. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай зэрэг байсан. Зарим хувилбарт нь газраа 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байсан. Энэ гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргасан. Ингээд ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүнийг 2015 оны долоодугаар сарын 3-наас эхэлж УИХ-ын гишүүдэд тараасан.  Яагаад М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарын гэрээ УИХ-ын босгыг даваагүй учир нь энэ дүгнэлтэд бий. Гэтэл одоо энэ гэрээнээс ч муу хувилбартай гэрээг хийх гэж байна.

 Таван толгой төслийн 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь. Таван толгойн ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг нь сүүлийн жилүүдэд харагдаж байгаа. Харин хөрөнгө оруулалт шаардлагатай нь төмөр зам юм.  Хэрэгтэй газраа хөрөнгө оруулалтыг авдаг. Түүнээс миний хөрөнгийг аваад яаж олборлолт хийж, ямар үнээр зарахаа өөрөө мэд гэдэгтэй утга нэг Ч.Сайханбилэгийн хийсэн шиг гэрээг дахиж хийж болохгүй гэсэн сургамж үлдээсэн. Одоо дахиж яг ийм гэрээ хийх гээд байгаа учраас би сануулах үүднээс ярьж байна. Ард түмний өмч Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуу гэж байгаа. Хэрэв зарвал би шүүхдэнэ. Хувьцаа эзэмшигч иргэн хүний үүднээс.  Учир нь миний эрх ашиг зөрчигдөх учраас. Шүүх дээр би ялна. Учир нь миний хувьцаа тэнд бий.

MCS сүүлийн хоёр жилийн турш энэ хувьцааг үнэгүй цаас гэдэг суртал ухуулгыг хийсэн. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг нотолсон. 100 жил Монголыг тэжээх баялаг. 4 жилийн дотор Улаанбаатарын утааг Таван толгойн орлогоор шийдэж чадах орлого. Ийм үнэ цэнэтэй байгаа зүйлийг зарж, үрэх гэж байгаа бол ард түмэн биднээс санал аваарай. Учир мэдэх УИХ-ын гишүүд эсэргүүцээд эхэлсэн нь сайн байна” гэлээ.

За мөн “Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна…

Манай нам дотор ард түмний  өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн “МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан  боловч МАН-д  ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж  шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.”  гэсэн юм.

Тэгэхээр АН-ын даргын тухайд ийм байр суурьтай байна. Тэгвэл Тавантолгойн асуудал ил байх ёстой гэдэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч дуугарах уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн