“Арева” групп Монголын ураны салбарт дангаар ноёрхох уу
2013/11/07
Францын “Арева” группийн Монгол дахь салбар компани болох “Арева Монгол”-ын охин компани “Кожеговь” Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.
Манай улсад 10 гаруй жилийн турш ураны хайгуул хийж байгаа тус компани энэ жил багагүй хэл аманд өртсөн. Малчин иргэдийн 22 тугал үхсэн хэргээс үүдэлтэй энэ хэл ам бүтэн жилийн турш үргэлжилсний эцэст арай гэж намдаад байгаа.
Намдах ч юу байх вэ дээ, Монгол Улсын Засгийн газраас Улаанбадрахад өрнөөд байгаа асуудлыг шалгах ажлын хэсэг гарч, эцэстээ ураны хордлого биш гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд асуудал нэг тийшээ болох нь тэр.
Одоо хэн ч, юу ч гэж хашгираад нэмэргүй. Тэр битгий хэл Засгийн газар ураны салбарт Францтай хамтарч ажиллахаар бүр шийдчихлээ. “Арева” групп Төрийн өмчит “Мон-Атом” компанитай хамтарсан “Арева Майнс” компанийг ч байгуулчихлаа. Манай улсад айлчилна гэж байгаад нэг хэсэгтээ хойшлоод байсан Францын гадаад хэргийн сайдын айлчлал ч боллоо. Энэ айлчлалын үеэр хамтарсан компани байгуулах асуудлыг эцэслэсэн гэсэн.
Энэ үеэр байгуулсан гэрээ ёсоор “Арева Майнс” компанийн 34 хувийг “Мон-Атом”, үлдэх хувийг “Арева Монгол” эзэмших аж. Мөн “Арева Монгол” компанийн 34 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг “Мицүбиши” корпораци хариуцах юм байна. Ямар ч байсан манай улс уран олборлож, гадагш гаргах нь тодорхой болчихсон гэсэн үг.
Харин олборлолт хэзээнээс эхлэх нь цаг хугацааны асуудал. Ерөнхийдөө төрийн өмчит хамтарсан компани байгуулагдаж байх үед Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр “Өнөөдөр дэлхийн зах зээлд нэг кг шар нунтаг 80 орчим ам.долларын үнэтэй байна.
Харин бид нэг тонн коксжих нүүрсийг 50 ам.доллараар боруулж чадахгүй байгаа энэ үед ийм гэрээ хийж, хамтарсан компани байгуулж байгаа нь эдийн засгийн ач холбогдолтой” гэж онцолсон. Харин “Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал болох ураныхаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Монгол Улс сүүлийн хэдэн жил өндөр ач холбогдол өгч ажиллалаа.
Олон жилийн хайгуулын явцад тогтоогдсон 100 мянга гаруй тонн нөөц манай оронд бий. Цаашдаа 1.5 сая тоннд хүрэх боломж бүхий нөөцөө манай улс ашиглахаар зэхэж байна. Өндөр технологи эзэмшсэн, туршлагатай хөрөнгө оруулагчидтай хамтран, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэн, нөөцөө олборлон, боловсруулж шар нунтгийг дэлхийн зах зээлд борлуулах эхлэл тавигдаж байна” хэмээн ярьсан нь уран олборлох ажил өнөө маргаашгүй эхлэх гэж байгааг илтгэж байгаа хэрэг юм.
Шинээр байгуулагдаж байгаа төрийн өмчит “Арева Майнс” компани Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордод үйл ажиллагаа явуулах юм билээ. Нийтдээ 63 мянган тонн нөөц бүхий орд гэж байгаа. Энэ хоёр ордыг “Арева”-гийн геологичид илрүүлсэн. Ерөөс 57 мянган тоннын нөөцтэй Зөөвч-Овоо орд дэлхий дахинд сүүлийн 20 жилд нээгдсэн хамгийн том ордуудын нэгд тооцогдоно гэдгийг “Арева” группийн Ерөнхийлөгч Люк Урсел дурьдсан байсан юм.
Мөн тэрбээр энэ ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын хувьд томоохон боломж гэж хэлж байна билээ. Үнэхээр том боломж уу, эсвэл бид уранаа экспортлоод огт хөгжөөгүй, эрчим хүч ч байхгүй болсон орнуудын араас орох уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Өнөөдөр ураны эсрэг үзэл бодолтой олон төрийн бус байгууллага, хөдөлгөөнийнхөн хэвлэлийн хурал хийж, янз бүрийн сэдвээр ярьж л байна. “Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө” хөдөлгөөнийнхөн саяхан Танзан явчихаад ирсэн байсан. Тэнд “Ураны уурхай хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нь” сэдэвт Олон улсын хурал болсон юм билээ.
Хурлаар яригдсан гол асуудал нь уран олборлосон газар хэзээ ч нөхөн сэргээгддэггүй тухай байсан гэнэ. Тухайлбал, “Арева” групп Нигерт 60 жилийн турш уран олборлож байгаа. Гэтэл тус хуралд ирсэн Нигерийн төлөөлөгч “Бид 50 гаруй жил уранаа гадагш нь зарлаа. Эцсийн эцэст улс орон үгээгүй ядуу, төрийн толгойд байгаа цөөхөн хэдэн хүн нь хэтэрхий баяжсан. Хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй цацраг идэвх бодисоор хордсон цөлтэй.
Хүн ам нь хорт хавдарт нэрвэгдсэн. Маш богинохон насалдаг. Ундны ус нь бохирдчихсон. Гэрэл цахилгаан байхгүй улс болж үлдлээ” гэж ярьсан тухай хэлж байсан. Тэгвэл манай улс ийм болж үлдэхгүй гэх баталгаа хаана байна. Бас бодох л асуудал. Бэлээхэн олон улсын жишээ байна. Манайхан гаднаас туршлага судлах дуртай. Тэгвэл энэ мэт жишээг ч гэсэн судлах хэрэгтэй шүү дээ.
Нөгөө талаар “Арева Майнс” компани /Үндсэндээ “Арева” групп/ ойрын үед “Гурвансайхан” компанийн лицензийг худалдаж авах сурагтай. Одоогоор “Арева” групп 27 ширхэг хайгуулын лиценз эзэмшиж байгаа. Уран олборлох ямар нэгэн зөвшөөрөлгүй гэсэн үг. Гэхдээ он гаргаад төсөл нь эхлэхээр олборлолтын зөвшөөрөл олгогдчих болов уу. Харин “Гурвансайхан” ХХК Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Өндөршил суманд ураны орд нээсэн. Мөн Сүхбаатар аймагт ч ураны орд илрүүлсэн тухай мэдээлэл цахим хуудсаар дүүрэн байна.
Хөрөнгө оруулагчаар нь Канадын ураны томоохон компани болох “Денисон Майнс” корпораци ажилладаг аж. “Гурвансайхан” ХХК зөвхөн уран гэлтгүй өөр олон төрлийн лиценз эзэмшдэг тухай эх сурвалж хэлж байгаа юм. Харин “Арева” лиценз худалдаж авч байгаа бол зөвхөн ураных л байж таарна.
Төрийн өмчит “Арева Майнс” хамтарсан компани байгуулагдлаа. Ураны салбарт томоохон үйл ажиллагаа явуулах нь тодорхой боллоо. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар, Цөмийн энергийн газраас ураны лиценз эзэмшдэг олон жижиг компанийг “дайлаар мордох” төлөвлөгөө гаргасан ч байж болох.
Энд тэнд жижиг компаниуд ураны хайгуул хийж, янз бүр болж байснаас нэг мөр “Арева Майнс” Монголын ураны салбарыг “атгачихвал” хэрэгтэй гэж үзээд, тусгай зөвшөөрлүүдийг нь худалдаж авч байгаа болов уу гэсэн таамаглал байна.
Хэрвээ энэ үнэн бол “Арева” групп зөвхөн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байгаа хоёр ордоос хальж Дундговь, Сүхбаатар руу “давших” нь. Үндсэндээ Монголын ураны салбарт ноёрхлоо тогтоож магадгүй болчихлоо. Ашиг нь их, аюул нь бага л байгаасай билээ.
Н.Пунцагболд