Тархины ба эдийн баян: хэн нь хэнийгээ вэ?
2013/11/10
Монголын нийгэм тогтворгүй, ажилгүйдэл, ядуурал, авлигал нь хэрээс хэтэрсэн, дээрээс нь архи ба химийн элдэв хорт бодист хордсон, энэ бүх үзүүлэлтээр дэлхийд сүүл мушгигчдын тоонд орчихсон яваагийн гол шалтгаан бол эрх баригчид, зах зээл, Хятадын далд бодлого, эсвэл иргэншлийн гологдол гэхчлэн буруутгах буруутан мундахгүй.
Гэвч сэтгэхүйн хоосрол буюу тархины ядуурал хамгийн гол буруутан нь мөн. Энэ тухай өгүүлбээс:
“Баян”, “баялаг” гэдэг үгийн утгыг эхлээд тунгаах аваас, эдүгээгийн монгол төсөөллөөр арай л өөр, нэг тиймэрхүү примитив гутармаар зүйл толгойд буух болов уу. “Мянгат малчин” гэж хөдөөд лут баян хүн нэлээдгүй тоогоор бий. Хотондоо 1000 хонь, 200 үхэр, азарга адуутай хүн байна гэж бодъё. Нийт өмч нь шүү дээ. Монгол ухаанаар бол энэ лут баян хүн хамгийн хүндтэй нь мөнөөсөө мөн. Гэтэл мөнгөн дүнгээр тэр их өмчийг нь тоолбол 100 сая төгрөг, эсвэл 100.000 ам.доллар хүрэх төдий. XXI зууны соёлжсон, эрүүл нийгмийн хэмжүүрээр бол ийм хэрийн мөнгийг захын хүн өмчилж, бараг тэтгэврийн хөгшдийн хадгаламжинд байж байдаг мөнгө шүү дээ. Манайд бол зовлогоо зовоож шар махтайгаа хатаж байгаад хийдэг мөнгө. Ялгаа байгаа биз?
Нэгэнтээ “баян” гэдэг хэмжүүр нь буруу гараанаас тодорхойлогдож байгаа тул баянаа дагаад хүчтэй, чадалтай, эртэй бяртай гэх тодотгол мөн буруу замаар тодорхойлогдож байна. “Мөнгөтэй л бол гүйцээ!” гэх нийгмийн сэтгэхүй маш эрчтэй тархсаныг дагаад мөнгөөр юу ч бүтээж, байгуулж, амжуулж, хийлгэж болдог гэсэн хууль үйлчилдэг. Мөнгөтэй хүнийг баян гэнэ. Баян гэж хэлүүлэхийн тулд асар их мөнгөтэй байх хэрэгтэй. Цаашаа тэр хүний бусад үзүүлэлт гол биш. Гэтэл монголчуудын нэг их холын биш сэтгэхүйд шал өөр хэмжүүр байж ирснийг эрдмийн баярын энэ өдөр зориуд сануулъя гэлээ. Зах зээлийн эрүүл нийгмийн хэрэгцээ, оюунлиг хүмүүнлэг байдлыг манай өвөг дээдэс их эртнээс мөрөөдөж шүтэж ирснийг илтгэх:
“Дээд баян эрдэм ном
Дунд баян үр хүүхэд
Адгийн баян авдар сав, алт мөнгө, адуу мал” гэсэн онч мэргэн үгс уран зохиолын тайлбар толиноо байж байх юмаа.
Үүнийг би овоо тахилга, концерт шоу, хурдны морьдыг ивээн тэтгэдэг толгой баячуудад зориуд толилуулж байна. Тэгээд ч Боловсролын нэгэн сайд нь дээхнэ зурагтаар “Овоо тахилга, концерт шоуг битгий ивээн тэтгээч ээ, боловсролд мөнгө өгөөч ээ!” хэмээн хормой дэвсэн гуйж харагдав. Зөв бөгөөд аргаа барсан гуйлга гэж үүнийг би хэлнэ.
“Дээд баян эрдэм ном, дунд баян үр хүүхэд, адгийн баян...” гэдэг энэ онч үгс эдүгээ яг эсрэгээр эргэчихээд дээд баян гэх ойлголтын утга нь төрөл арилжаад алга болжээ. Монголын нийгмийн хамгийн ядуу давхарга гэвэл нүцгэн эрдэмтэд, тэгээд ариун үйлст багш нар маань гарцаагүй орно. ШУА, төрийн мэдлийн их сургуулийн багш профессорууд дэлхийн дунджаас хамаагүй доогуур цалинжиж, модоо барьчихаад байгаа ба хичээлийн шинэ жил эхлэхээр номоо шахаж амин зуулгаа олж байна. Захирал, декан сэтэртэн нь тооноос хэтэртэл оюутан элсүүлж хахуулиар баяжаад, эднийг юун дээд баян, бүхэлдээ дундаас доошоо орсон эмзэг давхарга болжээ.
Оюуны хөдөлмөрийн үнэлэмж навсайтлаа унаж, зах зээлийн ердийн нэг бараанаас ч дор орчихоод байна. Оюунтан моодноос гарсан, багш нарын цалин захын худалдаачны орлогоос хэт бага болсон учраас багш хийх хүн мөд олдохоо болино, энэ янзаараа бол.
Бензин шатахууны үнэ нэммэгц гурил, мах, эм тарианы үнэ тэнгэрт хаддаг бол шатахууны үнийг дагалдуулаад ном, оюуны бүтээлийн үнийг хэн ч нэмж зүрхэлдэггүй. Номын үнэ хамаагүй доогуур хөдөлгөөнгүй байсаар ирсэн нь эрдэм түгээх буяны сэтгэлийнх биш, ерөөсөө хэн ч тоож авахаа больсонд байгаа юм. Хөөрхий нүцгэн эрдэмтэд эрдмийн зэрэг горилсон компанийн эздийн диссертацийг бичсэн шиг, эсвэл бүтээлийнхээ нэрийг сольж цаадуулдаа худалдаад л. Компанийн захирал-докторууд нь “Бүтээлгүй эрдэмтэн жимсгүй модтой адил” гэсэн нэгэн онч үгийг яг нотлохоор, тоо нь хэт олдоод тусдаа академи байгуулчихад хүрэлцэхүйц болжээ. “Одоо мөнгөтэй л хvн сурдаг болжээ. Гэтэл тархийг бурхан өгдөг. Хичнээн мөнгө байгаад ч ухаантай болохгvй. Хөгжилтэй орнуудад авьяастай хүнд сурах боломж олгодог. Яагаад гэвэл боловсролгүйгээр улс орны хөгжил хаашаа ч хөдлөхгүй гэдгийг аль эрт ойлгосон учраас” хэмээн Оросын нэрт эрдэмтэн Сергей Капица яг онож хэлжээ.
Монголын улс төр гэж баян ядууг тодруулдаг нэгэн лут гаж механизм байна. Бичиг үсгийн чадвар, оюуны үнэлэмж гэж ярихаа азнаад улс төрч гээд нэрлүүлээд байгаа нийгмийн нөлөө бүхий хүмүүсээс нь маажиж үзвэл мөнгөөр зодсоор УИХ-д орж ирсэн, эсвэл ТҮЦ-нээс эхэлсэн худалдаагаа том дэлгүүр болгоод мөнгөө намдаа хандивлаад дүүргийн нам дарга болсон, хот хөдөөгүй овойсон их хөрөнгөтэй, азарга адуутай, ил далд лиценз, уурхайтай гэхчлэн, нэг иймэрхүү намтартай бэрдийн тулам болсон нь улс төрд зонхилж байгаад ичих айх хосолмоор. Энэ нөхөд төр барилцаад ирэхээрээ мөдхөн доктор, академич болчихсон цохиж явахад нийгэм гайхахгүй. Ийм хүмүүсийн амьдрал улам баян тансаг болж дэвжиж байгаад атаархаад яахав.
Арабын нэгэн цэцэн үг буй. Тэр нь “Хүмүүс дөрвөн янз байх аж. 1) Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн. Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралцах хэрэгтэй. 2) Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй. 3) Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй. 4) Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг “илжиг” гэх бөгөөд хөөн явуулбаас зохино” гэжээ. Тэгвэл 100 наслахгүй байж 1000 жилийн хөрөнгө мөнгө цуглуулсан илжигнүүд Монголоор дүүрэн байгаа бус уу? Тиймүүдийг нийгмээс ховх арчих хэрэгтэй.
Одоо бидний өдөр тутмын үзэгдэл болчихоод буй ядуурал, ажилгүйдэл, орон гэргүй тэнүүчлэл, боловсролгүйдэл дээр барагдашгүй, цадаж ханашгүй их дуу хуур, урлаг уран сайхан, шоу хослон зэрэгцэн яваа нь яваандаа Монголыг дэлхийд сондгойруулж нэг мэдэхнээ дуу хөгжим, цэнгүүн шоу бялхсан ядуурлын туйл болгож мэдэхээр байна. Ингэхгүй гэвэл айл өрх бүр биш гэхэд ядахдаа саахалт хот айлын дунд нэг компьютертэй, интернэтэд ядахнаа долоо хоногт ганц удаа нэвтрэх хүсэлтэй, ахуй ба арилжааныхан бүгдээрээ наад захын англи хэлтэй, дэлхийн жишгээр зөв хооллох наад захын хэмжүүртэй, орчлонгийн тухай наад захын зөв төсөөлөлтэй болох, юуны өмнө боловсролыг толгой дээрээ тахиж, боловсролтой эрдэмтэй хүмүүсийг шигшиж орой дээрээ залах хэрэгтэй.
“Их мэдлэг бол хүний дээд чимэг мөн!” хэмээх К.Марксын лут үг бий. “Эдээр биеэ чимэхээр, эрдмээр биеэ чим!” гэх монгол нэгэн онч үг бас байна аа. Харин манай нийгэмд энэ үгсийн утга хаачсан бэ? “Гангараа” хэмээх нэгэн чамин лут ойлголт байх ба машин, гар утас, зуслангийн олон давхар хаус, уясан азарга нь гангараа болж зонхилсон өнөөгийн Монголд жинхэнэ чимэг болох эрдмээ өчүүхэн ч болов дээдлээч ээ хэмээн уриалъя. XXI зууны монголчууд бол шинжлэх ухаан-технологийн боловсролын төлөө үхэлдэх ёстойсон. Ерөөсөө боловсролын үүрэг роль нэмэгдэж, түүний агуулга өөрчлөгдөж, чанар нь дээшилчихээд байна. Нанотехнологи, оюун ухаан-мэдлэгт тулгуурласан цоо шинэ нийгэмд амьдарч ажиллах, түүний хурдыг даах тэсвэрлэх чадвартай монголчуудын төлөө залбиръя
Зочин · 2013/11/11
uneheer goy bichij ***r medeend durlahaar iim yum un****sai
1 · 2013/11/11
saihan bichjee. demjij baina.