О.Баасанхүү: Тогтоол гээд байгаа зүйлийг харахаар арбитрт очоод шууд унахаар байна
2017/02/16
“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар гаргасан УИХ-ын тогтоолыг хуульчид мэргэжлийн үүднээс судалж, хууль зөрчсөн гэдгийг баримт жишээтэйгээр ярьсаар байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр ““Эрдэнэт”-ийн асуудал ид яригдаж байна. Хууль зөрчсөн бол буцааж өгөх ёстой. Гэхдээ хууль зөрчсөн эсэхийг эхлээд тогтоох хэрэгтэй. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан тогтоол гээд байгаа зүйлийг харахаар арбитрын шүүх дээр очоод шууд унахаар байгаа юм. Хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр тогтоол гаргасанд харамсаж байна” гэсэн юм.
Түүнчлэн “Өмнөх Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болгох аргачлалаа зөв хийх ёстой байсан. Хуулийн байгууллагаар хариуцлага тооцуулчихаад, ийм хохирол гарсан гэдгээ үндэслээд ЗГ-ын тогтоолыг хүчингүй болгосон бол Оросууд арбитраар мянга яваад дийлэхгүй байх байсан. 330 дугаар тогтоолыг задлангуут Оросын тал орж ирчих гээд байгаа учраас энэ хэлцэл маргаанд бид болгоомжтой хандах ёстой” гэжээ.
Тогтоолын биелэлтийг эзэнгүйдүүлж орхих магадлалтайг О.Баасанхүү гишүүн мөн олж харсан аж. “Оросын эзэмшлээс монгол компанид шилжсэн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авахыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит газрын статустай ажиллах арга хэмжээ авахыг ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёрт үүрэг өгөөд байх шиг байгаа юм.
Үүнд Ш.Раднаасэд ямар хамаа байнаа. Эдийн засаг болон Төсвийн байнгын хороонд хамаагүй юм байх даа. Тэгээд Ш.Раднаасэд, Ж.Эрдэнэбат гээд явчихсан. Энэ хоёр нь байхгүй болчихвол хэн хэрэгжүүлэх юм. Ерөнхий сайдад биш Засгийн газарт үүрэг болгосоон гээд замхраад алга болох магадлалтай юм” гэж редакцийн алданаас тоглолт хийж болохыг сануулсан.
Мөн “Ямар нэг байдлаар энэ процесс тоглоомын л харагдаад байна. Үндсэн хуулийн гуравт “Хувийн өмчийг зөвхөн хуулиар хязгаарлана” гэж бий. Одоохондоо бид хувийн гэж нэрлэсэн болохоор хууль зөрчсөнийг нь тогтоогоод хуулиар хязгаарлалаа ч бүтэлгүй харагдаад байгаа юм. Үнэндээ энэ тогтоол чинь хошин шогийн тогтоол” хэмээн дүгнэжээ.