Наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгон зарлалаа
2013/08/02
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 275 дугаар тоот тушаалаар наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгон зарлалаа. Уг тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу харьяа нутаг дэвсгэрийн болон өөрийн байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган холбогдох арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал нарт тус тус үүрэг болгов.
Энэхүү ажлын хүрээнд нэг сарын аяныг зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны мэдээллийг салбарын түвшинд нэгтгэн дүгнэх, Эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн нэр хүндийг өргөх, ажлын ололт амжилтыг үйлчлүүлэгч иргэдэд хүргэх ажлыг ажлын байранд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээтэйгээр зохион байгуулах, Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааны суурь судалгааны дүн, шийдвэрлэх арга хэмжээний асуудлаар салбар хоорондын ажил хэргийн уулзалт зохион байгуулах, Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлаарх “Хөдөлмөрийн чуулган”-ыг МЭМАҮЭХ-той хамтран зохион байгуулах зэрэг хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.