-Сонгуульд саналөө өгнө гэх иргэд тун өндөр буюу нийтдээ 87.7 хувь байх атлаа “намууд иргэдийн санаа бодлыг илэрхийлдэггүй”, “онцолдог нам байхгүй” гэсэн хариултууд өндөр хувь авсан байгаа нь анхаарал татаж байна-



Өнгөрсөн оны ээлжит сонгуулиар төрийн эрх мэдэл нэг хүчнээс нөгөө хүчинд шилжсэнээс хойш иргэдийн санаа бодол, сэтгэл ханамж чухам ямар байгааг тандсан судалгааны дүнг “Сант Марал” төв өчигдөр нийтэд ил цацлаа. Уг судалгааны дүн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шийдвэрлэх мөчид цацагдсанаараа онцлог бөгөөд сонгуулиас сонгуулийн хооронд иргэдийн итгэл МАН-д арай илүүтэй байгаа дүр зураг буужээ.
Хэрэв маргааш сонгууль болвол Та аль намд саналаа өгөх вэ гэсэн асуултаар улс төрийн намуудын чансааг тодорхойлж ирсэн. Энэ уламжлалт асуултын хариуг харвал хөдөөгийн иргэдийн 37.5 хувь нь МАН-д, 16.2 хувь нь АН-д саналаа өгөхөөр байгаа бол хотын иргэдийн 24.5 хувь нь эрх баригчдад, 20.4 хувь сөрөг хүчнийг дэмжинэ гэжээ. Гэхдээ сонгуульд санал өгөх идэвх нийтдээ өндөр буюу “маргааш сонгууль болвол саналаа өгнө” гэсэн иргэд хөдөөд 90.6 хувь, хотод 84.2 хувь гарч байна.
Засгийн газрын үйл ажиллагаа “сэтгэлд бага зэрэг нийцдэг” гэсэн хариултыг иргэдийн 38.8 хувь, сөрөг хүчний үйл ажиллагаа “бага зэрэг нийцдэг” гэсэн хариуг тэдний 27.2 хувь нь өгчээ. Түүнчлэн АН-ыг “буруу замаар явж байна” гэх хандлага хот, хөдөөд илүүтэй байх аж. Тэр дундаа хотынхны буруутгах хандлага хөдөөгийнхнөөс өндөр байна.
Иргэдийн амьдрал шууд болон шууд бус нөлөөтэй сайн, муу голлох шийдвэрүүдийг дангаар шахам гаргаж буй учраас эрх баригч МАН-ын рейтинг сөрөг хүчнийхээс илүү байх нь эргэлзээгүй биз. Нэлээдгүй үзүүлэлтүүдээр МАН-д давуу оноо очиж байгаа боловч зарим үзүүлэлтээр Ардчилсан нам МАН-аас илүү оноотой явааг ч анзаарах нь зүй.
Тухайлбал, улс оронд хамгийн их тулгамдаж буй асуудлуудыг иргэдийн саналаар эрэмбэлээд “эдгээрийг аль нам илүү сайн шийдэх чадвартай вэ” гэж асуухад Ардчилсан намыг давуу байдлаар нэрлэсэн байна. Үүнд “ажилгүйдэл”, “амьжиргаа”, “үнийн өсөлт”, “боловсрол” гэх тэргүүлэгч дөрвөн асуудлыг АН илүүтэй шийдэх чадвартай гэж үзжээ. Харин “хууль хэрэгжилт”, “авлига”, “төрийн удирдлага” зэрэг асуудлыг шийдвэрлэхэд МАН илүү чадвартай гэж үзсэн байх юм.

Гуравдагч нам хэрэггүй, ер нь аль ч нам хэрэггүй

Эрх баригч болон сөрөг хүчний намуудыг илүү, дутуугаар нь иргэд дээрх байдлаар үнэлсний зэрэгцээ улс төрийн намд итгэх итгэл буурч байгааг ч судалгаа харуулжээ. Тодруулбал, “Улс төрийн намууд иргэдийн санаа бодлыг илэрхийлж байна уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу” гэсэн асуултад хөдөөгийнхний 78.9 хувь, хотынхны 84.2 хувь “илэрхийлдэггүй” гэсэн хариуг өгсөн байна. Мөн “онцолдог нам байхгүй” гэсэн хариуг нийт иргэдийн 56.9 хувь нь хэлжээ. Сонгуульд саналөө өгнө гэх иргэд тун өндөр буюу нийтдээ 87.7 хувь байх атлаа “намууд иргэдийн санаа бодлыг илэрхийлдэггүй”, “онцолдог нам байхгүй” гэсэн хариултууд өндөр хувь авсан байгаа нь анхаарал татаж байна.
Нэг үгээр бол намуудад итгэл буурсан байх аж. Үүнийг бататгаж болох бас нэг үзүүлэлт нь гэвэл “гуравдагч хүчин хэрэггүй, хоёр намтай байхад хангалттай” гэж үзэгсэд “олон намтай байх нь зөв” гэж үзэгсдээс илүү өндөр хувьтай, тэрчлэн “аль ч нам хэрэггүй, хүчтэй Ерөнхийлөгчтэй байх хэрэгтэй” гэж үзэгсэд түүнээс ч өндөр хувийг эзэлж байгаа юм. Мөн хот, хөдөө гэлгүйгээр “сонгуулиас үл хамаарах хүчтэй удирдагчтай байх”, тэрчлэн “төрийн бодлогоо Засгийн газраас хамааралгүйгээр боловсруулдаг мэргэжлийн буюу шинжээчдийн баг”-ийг илүүд үзсэн байна. Гэвч өнөөгийн буюу ард түмнээс сонгогдсон хүмүүсээс бүрдсэн ардчилсан удирдлагын системтэй байх загварыг хамгийн өндөр хувиар дэмжиж байгааг онцлох нь зүй биз ээ.

Улаанбаатарт улстөрчдийн чансааг С.Жавхлан тэргүүллээ

Улс орондоо хүндтэй хүмүүсээс хэн нь улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэй оролцоосой гэж хүсдэг вэ гэх асуултаар хувь улстөрчдийн чансааг тогтоож ирсэн уламжлалтай. Тэгвэл энэ удаад Н.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, С.Жавхлан, Р.Амаржаргал нар эхний тавд ийм дарааллаар, эрх баригч намын дарга долоодугаарт бичигдэж байна.
Улаанбаатар хотын иргэдийн дунд улстөрчдийн рейтингийг С.Жавхлан тэргүүлсэн бол эрх баригч намаас эхний 10 дотор Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ /аварга/ нар л багтаж байгаа бол “гуравдагч”-даас Н.Энхбаяр, С.Ганбаатар нар зуузай холбож явна.
Харин энэ цаг үеийн хамгийн чухал асуулт болох “Ерөнхийлөгчид нэр дэвшвэл хэнийг нь дэмжих вэ” гэсэн асуултын хариуг хамтдаа харцгаая. Хот, хөдөө, нийт гэсэн гурван ангиллаар харвал Ардчилсан намын горилогчдоос Р.Амаржаргал намынхнаасаа хамгийн дээгүүрт бичигдэж байгаа бол МАН-аас Б.Бат-Эрдэнэ намын дарга М.Энхболдоос илүү рейтингтэй явж байх аж.