Улаанбаатар хотын тулгамд­сан асуудлуудыг тоочоод бай­вал барагдахгүй. Агаар, орч­ны бохирдол хэрээс хэтэрчихсэн. Хөрсний бохирдол, хог хаягдал ч дийлдэхээ больсон. Нийслэлийн гэр хороололд 200 гаруй мянган өрх амьдарч, задгай жорлонд бие засч, хөрсийг бохирдуулж байна.

Цаашлаад өдөртөө хэчнээн зуун мянган тонн угаадсыг шууд хөрс рүү асгаж байгаа.

Мөн өвөлдөө гудамжинд гаргаж асгаж байгаа үнсийг нь хэчнээн тонн болохыг ч тоочих арга байхгүй. Энэ бүх асуудлаас гарах арга зам нь, утаанаас салах гарц нь орон сууцжуулах. Цаашлаад гэр хорооллыг дахин төлөвлөх, төвийн шугамд холбох арга байна. Гэхдээ манай улсын дулаан, эрчим хүчний чадал ямархуу хэмжээнд байгаа билээ. Гэр хорооллын хэдэн айл цахилгаанаар халаалтаа шийдэх гэхээр чадал нь хүрэхгүй, халааж дийлэхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор хамгийн нэн түрүүнд шийдэх гарц нь ерөөсөө л орон сууцжуулах. Одоогоор Улаанбаатар хотын иргэдийн  30 гаруйхан хувь нь л тохилог орон сууцанд амьдарч, паалантай жорлонд бие засч байгаа. Өөрөөр хэлбэл, их болоод өндөр орлоготой айл өрх бүгд орон сууцанд орчихсон. Тэдний араас дундаас бага зэрэг өндөр орлоготой айл байранд амьдарч байна.

Харин бага, дунд орлоготой иргэд бол гэр хороололд, байшинд, гэрт амьдарч, агаарыг бохирдуулах утаа, хөрсийг сүйдлэх угаадас, ялгадас “үйлдвэрлээд” байж байгаа. Тэд гэр хорооллоос салах дургүйдээ тэгээд байгаа юм биш. Орон сууц авна гэдэг үндсэндээ мөрөөдөл төдий болчихоод байгаа учраас л тэр. Өнөөдөр хамгийн хямд үнэтэй орон сууцны ам.метр нь 1.3 сая төгрөг байна. Гэхдээ бэлэн мөнгөөр нь худалдаж авахад л ийм боломж байгаа. ТОСК-ийн барьсан “Буянт-Ухаа” хорооллын байр гэхэд ам.метр нь 1350000 төгрөг байна. Хамгийн бага ам.метртэй байр нь л гэхэд 53 сая төгрөг. Залуу гэр бүлүүд, хуримтлалгүй өрх, орлого багатай айлд бол энэ тэнгэрт тулсан өндөр үнэ. 

Ядаж байхад төрөөс иргэдээ орон сууцжуулах олигтой бодлого барьж байгаа юм алга. Найман хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэдгийг мартаагүй, үгүйсгээгүй байна. Гэхдээ 30 хувийн урьдчилгаагаа бэлэн төлөөд, сардаа 300-400 мянган төгрөг төлчих орлоготой, мөнгөтэй айлууд нь аль хэдийнэ найман хувийн зээлд хамрагдчихсан. Тийм боломжтой айл мэр сэр байгаа л байх. Гэхдээ л бараг дуусч байна.  Тиймдээ ч орон сууцны эрэлт эрс багассан. Эсрэгээрээ орон сууцны тоо нэмэгдэж, одоо зах зээл дээр 40-50 мянган айлын байр зарагдаагүй байж байна. Тэгсэн хэр нь л орон сууцны үнэ буурахгүй байсаар л. Албаны хүмүүс, судалгааны байгууллагаас орон сууцны үнэ буурч байна гэсэн мэдээлэл гаргаад байдаг.

 

Үргэлжлэлийг эндээс