МАН-ын Бага хурал болж байна. Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхмээ тодруулах юм. Өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Ингээд Бага хурлын эргэн тойронд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

-Өнөөдрийн Бага хурлаар ямар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Өнөөдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэх асуудал, нэр дэвшигчийн дэвшүүлэн орох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Бага хуралд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэх эрхмээ сүүлийн жил гаруйн хугацаанд хийгдсэн олон нийтийн дунд хийгдсэн социологийн судалгааны дүнд үндэслэн оруулсан. Социологийн судалгаанд нийт санамсаргүй түүврийн аргаар 50 мянга орчим иргэн хамрагдсан. МАН иргэдийнхээ санал бодлогод тулгуурлаж, зөвхөн намын гишүүдийн хүрээнд бус, ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдөж буй хүсэмжит улстөрчийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойно.

-Судалгаанд тэргүүлсэн улстөрчдөө Ерөнхийлөгчийн сонгуульд сойх уу?

-Судалгаанд Ерөнхийлөгчийн сонгуульд орох таван эрхмийн нэр орсон байдаг. Тодруулбал, намын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, намын дарга байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гарсан. Эдгээр хүмүүстэй уулзаж ярилцаж, санал бодлыг нь сонгосон. Харин өчигдөр УЗ-ийн хурлаас Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар нэрээ татсан. Тэд намаасаа гарах бодлого шийдвэрийг дагаж, намаасаа нэр дэвших эрхмийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр өнөөдрийн Бага хуралд намын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болоод байна.

-Нэр дэвшигчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулиар тавигдсан шаардлагыг л тавьж байна. Дэнчин мөнгө, босго, мөнгө хандив зэрэг асуудал байхгүй.

-Тэгэхээр хандиваа яаж цуглуулах вэ?

-Нэр дэвшигч тодорно. МАН-ын сонгуулийнхаа ажилд орно. Өмнөх жилүүдэд байсан тогтсон жишгээрээ хандиваа босгоно.

-Удирдах зөвлөлийн гишүүд заалнаас нэр дэвшүүлэх эрхтэй вэ?

-Эрх нь нээлттэй. Удирдах зөвлөлөөс М.Энхболд, Ц.Нямдорж нар нэр дэвших болсон.

-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хаанаас гаргах вэ. Ямар агуулгатай гаргах вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэж байдаг. Нэр дэвшигч өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцдог. Гэхдээ улстөрийн намууд тухайн намын улстөрийн бодлоготой уялдуулсан мөрийн хөтөлбөрийг дэмжих үүрэгтэй. Түүнээс батлах үүрэгтэй.

-Мөрийн хөтөлбөрийг хэзээ гаргах вэ?

-Нэр дэвшигч өнөөдөр тодроод тавдугаар сарын 11-ны дотор мөрийн хөтөлбөрөө гаргана.