Би оюутан ахуй цагтаа үрийн зулай үнэрлэсэн олон олон ээжүүдийн нэг. Залуу насны хэнэггүй зан, завгүй оюутны тарчигхан амьдралд хүлэгдсээр яваад төрөхийн хүндрэл гэгч нь болж байснаа нуугаад яахав. Хэдийгээр эмчийн хяналтад явсан ч өвдөж эхэлснээ мэдэхгүй шоконд орж, улмаар айлд сууж байхдаа ухаан алдаж орхисноо бүүр түүрхэн санадаг юм.
 
Эмнэлгийн тусламж авч чадалгүй ухаан алдчихсан намайг тухайн үед Баянзүрх дүүргийн эмч нар дуудлагаар ирж үзсэн ч харьяаллын бус гэсэн шалтгаанаар айлд орхиод явсан байж билээ. Зөвхөн амь тариа хийгээд л Эх нялхас руу утасд гэсэн үүрэг өгөөд гарч одсон нь одоо ч санаанаас гардаггүй.
 
Амнаас нь цагаан хөөс сахарсан, үхэл амьдралтай тэмцэж буй залуу ээжийг орхиод гарах хатуу сэтгэл тангараг өргөсөн эмч нарт байдаг гэхээр л аймшигтай. Тэд бүгдээрээ муу, муухай биш л дээ. Тиймдээ ч Эх нялхасын алтан гарт эмч нарын буянаар эх, үр хоёр хоёул эсэн мэнд үлдсэнд баярлаж явдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл эмчид итгэж болохгүй шүү гэх айдас минь намайг хүлж, ээж болох мэдээ дуулсан залуу ээжүүдийн өмнөөс айдаг болсон юмдаг. Үүнийг жишээ болгосны учир гэвэл монголын эрүүл мэндийн салбарын хамгийн сайн хэрэгжүүлдэг “харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж авах” зүйл заалт хэчнээн хүний аминд хүрснийг хөндөхийг хүссэндээ жишээ болгосон хэрэг.
 
Тухайн үед Эх нялхасын эмч нар жаахан л цаг алдсан бол одоо ингээд бичиж суухгүй байлаа. Нэгэн гэр бүл өнчрөл хагацал үзэх эсэх нь хэдхэн хормоор хэмжигдсэн юм. Над шиг асуудалтай тулгарсан олон зуун ээжүүд бий.
 
Цаашлаад эмнэлгээс эмнэлэг рүү дамжиж явахдаа хэчнээн хүний өвчин хүндэрч, улмаар амиа алдаж буйг яг таг тоон баримтаар хэлэх боломж алга. Энэ тухай гомдол санал байсхийгээд л гардаг ч хуультай учраас хуулиа л дагаж мөрдсөн гэдэг хариулт өгөөд амыг нь тагладаг юм билээ. Саяхан, нэгэн дуучин залуу нас барсан гунигтай мэдээ дуулдав. Гэтэл “харьяаллын бус” гэсэн шалтгаанаар өөр эмнэлэгт шилжүүлэх гэж цаг алдсанаас болж нас барсан гэсэн мэдээллийг албан бус эх сурвалж өгсөн юм. Хэрвээ энэ үнэн бол хуультай байхаас үл хамааран хариуцлага тооцох учиртай баймаар. Эмч хүний үүрэг бол бусдын амь насыг аврах. Эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлэх.
 
Гэтэл тангараг өргөсөн эмч нар манай харьяа биш бол үхсэн ч надад хамаагүй гэдэг сэтгэлээр хандсаар байгааг хэзээ цэгцлэх вэ, А.Цогцэцэг сайд аа. Монголын эрүүл мэндийн салбарт хамгийн сайн хэрэгжиж буй энэ зүйл заалтыг эргэн харж, нягтлах цаг нь болсон баймаар. Хүний өвчин хэлж ирдэггүй. Баянгол дүүрэгтээ очиж өвдөнө өө гэж хүлээдэггүй байлтай. Гэнэтийн осол аваар, зодуурын бэртэл, төрөхийн хүндрэл, хордлого, даралт харвах гэх мэтээр аминд халтай өвчин зовлон бишгүй олон. Гэтэл Баянзүрх дүүрэгт ухаан алдсан таны буруу.
 
Баянгол руугаа ачигдаад яв гэж хэлдэг хатуу сэтгэл тэдэнд байгаа учраас л маш олон иргэн харьяалал гэх хатуу зүйл заалтаас болж хорвоог орхиж, эс бөгөөс өвчин нь хүндэрч байгааг нуугаад яахав. Баянзүрх дүүрэгт ухаан алдсан, даралт харвасан бол тухайн дүүргийн эмч, эмнэлгийн ажилтнууд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэхэд буруудах зүйл юу ч байхгүй. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, улмаар хэвтэн эмчлүүлэх, эсвэл эмчилгээний явцад харьяа дүүрэгт нь гараас гарт гэсэн зарчмаар шилжүүлэх боломж хангалттай байгаа. Үгүй ядахдаа л дүүргийн эмч, сувилагч ирэх хүртэл тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж, га­раас гарт шилжүүлдэг болох­сон. Эс бөгөөс харьяа дүүрэг хамаа­рах­гүйгээр эмнэлгийн тусламж авах өвчний нэр, жаг­саал­тыг баталж яагаад бо­лох­гүй гэж. Хүүхэд, хөгшиддөө ч болов харьяа дүүрэг гэсэн хатуу зүйл заалтаа цуцалж болохгүй гэж үү, сайд аа. Үхэл амьд­рал­тай тэмцэж буй хүн бүхэн өөрт хамгийн ойрхон эрүүл мэндийн салбарт л ханд­даг. Хажуухад эмнэлэг бай­вал бурханы аврал хэмээн баяр­лаад гүйх тохиолдол бид­ний амьдралд бишгүй олон тохиолддог.
 
Гэтэл та ма­най харьяа биш байна. Харьяа дүүрэгтээ хандана уу гэсэн хариулт авч, ул­маар амиа алдана гэдэг дэн­дүү харамсалтай. Зөвхөн “харьяалал” гэсэн шалтгаанаар л хүүх­дээ, ээжийгээ, аавыгаа алда­на гэдэг эрүүл мэндийн салба­рын хамгийн том эмгэнэл биш гэж үү. 
 
Гялтайх сайн мэдээ, гийгүүлэх амжилт алга
 
Энэ мэтээр эрүүл мэндийн салбар буруу утгаараа хөгжөөд байна. Түргэн тусламж үзүүлэх гэдгийг утсаар зөвлөгөө өгөх гэж ойлгоод удлаа. Утасны цаанаас эмчилдэг болтлоо монголын эрүүл мэндийн салбар “төгсөрчихөж”. Мэдээж наад захын зөвлөгөө, анхан шатны тусламжийг утсаар зөвлөж болох ч үхэл амьдралтай тэмцэж буй өвчтөнд тийм эм өг, тэгж тариа хий гэсэн зөвлөгөөг утсаар өгч арай л боломгүй байлтай. 39 хүртэл халуурч буй нярай үрсдээ эмчийн зөвлөгөөг утсаар өгч, эмийн зөвлөгөөг хайхрамжгүй өгдөг болтлоо ачааллаа даахгүйд хүрсэн гэдэгт итгэхгүй нь.