Манай Боловсролын салбар сүүлийн жилүүдэд удаан хадгалагдсан идээ бээр нь шахагдан гарч байгаа мэт л байгаа. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн сурагчид өөрсдийн эрх ашгийн төлөө үгээ хэлж, тухайн сургуулиудын нуугдмал асуудлыг олонд дэлгэснээр ихээхэн маргаан дэгдээгээд удаагүй байгаа билээ. 

Тэгвэл нэгэнт л боловсролын салбарт болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг одоо л дарж авая гэсэн шиг асуудлуудыг ил гаргасаар байгаа. Хамгийн энгийн жишээ бол жил бүрийн хавар сурагчдын анги дэвших шалгалтаар эцэг, эхчүүдээс шалгалт авч буй багш нарт хоол авч өгөх мөнгийг татдаг. Энэ бол бараг хорь гаруй жил уламжлал болсон үйлдэл мэт явсаар өдийг хүрчээ. 

Сурагчдын түвшин тогтоох шалгалт авч буй багш нарт хоол авч өгч байгаа нь жижиг асуудал ч энэ мэт зүйлсийг дүлий дүмбэ мэт явсаар олон хууль бус зүйлсийг байдаг л зүйл мэт аашлах болжээ. 

Үүнээс гадна хавар болгон сурагчдаас анги засварын мөнгө гэж хаанаас хэн жишиг үнэ тогтоосон нь тодорхойгүй мөнгө татна. Энэ мөн цэцэрлэгийн багачуудад ч хамааралтай. Энэ талаар Боловсролын яам болон Нийслэлийн боловсролын газраас тодруулахад, сургуулиуд энэ төрлийн мөнгө татах ёстой гэсэн албан үүргийг сургуулиудад өгдөггүй. Гэхдээ улсаас төсөвлөсөн мөнгийг томоохон засварууд болох дээвэр солих гэх мэт л зарцуулаад дуусчихдаг учир сургуулиуд эцэг эхчүүдээс бага хэмжээний мөнгө татдаг байх гэсэн хариулт өгсөн юм.  

Сургуулиудад улсаас мөнгө төсөвлөн засварын мөнгө өгдөг гэсээр байтал цэцэрлэг, сургуулиуд өдийг хүртэл эцэг эхчүүдээс засварын мөнгө авч байгаа нь мөн л эртний уламжлал шиг болсон үйлдэл болжээ. Үүнтэй ч маргах эцэг, эх байхгүй болсон бөгөөд уламжлал ёсоор өгөх ёстой гэсэн сэтгэхүйгээр өдий хорь гаруй жил болсон байна. 

Авилгын асуудал ихээхэн нэмэгдэж байгаа өнөө цаг үед боловсролын салбарын энэ мэт уламжлал болсон татаасууд байдлыг улам газар авахуулсан ч байж болох юм. Сургууль, цэцэрлэгүүд ховордсон нэрийдлээр шинээр элсэгч нэгдүгээр анги болон цэцэрлэгт анх орж байгаа хүүхдүүдийн эцэг эх мөн л татаас өгнө гэдэг зүйлтэй санал нэгдсэн байдаг. Хүүхдээ шинэ сургууль, цэцэрлэгт оруулвал сургуулийн чансаа, зэрэглэлээс хамаарч дээд тал нь гурван сая төгрөгийн хандив буюу өөр үгээр бол авилга өгөх болсон. Хүн бүр л үүнийг мэдэх мөртлөө өдийг хүртэл энэ байдлаа даамжируулсаар, идээ бээрэнд автуулсаар ирлээ. 

Хүн сурч боловсрох эрхтэй, харин энэ мэтээр мөнгө төгрөгийн дарамтаар сурвал мөнгөтэй хүн нь хүүхдээ сургаж, амьдралын бололцоогүй ч сурах эрмэлзэлтэй бусад хүүхдүүд нь яах вэ гэдгийг салбарын эрхэмүүд анхааралдаа авч, жил болгон л ярьж байгаа энэ мэт татаас, нэхээсийг бага багаар нь арилгах хэрэгтэй бус уу.