Шилэн дансны хууль "мартагдав"
2017/05/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сан болон Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Уг арга хэмжээнд Сангийн яам, холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж уулзалтыг нээж хэлэхдээ "Өнөөдөр бид энд хоёр зүйлийн талаар хэлэлцэнэ. Нэгд, Орон нутгийн хөгжлийн сангийн өнгөрсөн 4 жилийн үйл ажиллагааны тайлангийн талаар, хоёрт, Шилэн дансны хуулийн 2016 оны хэрэгжилтийн талаар ярилцана.
Энэ хоёр ажил хоёулаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулагдаж, өргөн баригдаж, батлагдан хэрэгжсэн. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, ийнхүү нэмэгдүүлэхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах бодлого 2009 оноос хэрэгжсэн.
Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны мөрийн хөтөлбөрийн гол хэсэг байсан. 2011 оны 12 дугаар сарын 23-нд Төсвийн хуульд өөрчлөлт орж энэ хууль батлагдсан. Орон нутгийн хөгжлийн сангийн гол зарчим нь аймаг, сум, баг, хороо, дүүргийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, төвөөс алслагдсан байдал, хөгжлийн индекс зэрэг үзүүлэлтэд тулгуурлаж хөрөнгө хуваарилдаг. Дарга нарын үзэгний үзүүрээс үл хамаарсан хуваарилалтын тогтолцоо хамгийн зөв байна гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 1998 онд Ерөнхий сайд байхад ярилцаж байсан. Түүнийг ингэж сүүлд ажил хэрэг болгосон.
Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг тодорхой болгохын тулд НӨАТ-ын 15 хувь, ашигт малтмалын нөөцийн албан татварын 5 хувийг оруулж байхаар тусгасан. Хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн. Эхний жилдээ 2013 онд 190 орчим тэрбум төгрөгийг аймгаас сум руу хуваарилсан. Үүнээс өмнө аймгуудад ихдээ нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт аймгийн өөрийн хөрөнгөөр хийгддэг байсан. Суманд хөрөнгө оруулалтын эх үүсвэр байгаагүй.
2013 онд аймгуудад 8-9 тэрбум төгрөг, 3000 хүн амтай дундаж суманд 400-500 сая төгрөгийн хөрөнгийг Орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд хэрхэн зарцуулахад иргэдийн оролцоог хангахаар хуульд тусгасан. Сүүлийн 4 жилээр авч үзэхэд 2013-2016 онд нийт 609 тэрбум төгрөг Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан байдаг. Үүгээр 18600 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн байна. Эндээс байгаль орчны чиглэлийн 2300 үйл ажиллагаа, аймаг, сумдын төвийн тохижилтод 2200 орчим арга хэмжээ хэрэгжсэн. Халуун усны 1377 газрыг шинээр байгуулж, засч сэлбэсэн. Шинээр байгуулсан, зассан цэцэрлэгийн тоо 700 гаруй болсон. Улсын хэмжээгээр 700 гаруй худаг шинээр гаргасан. Гэрэлтүүлгийн 600 орчим төсөл хэрэгжсэн. Эдгээр нь иргэдийн өөрсдийн шийдвэрээр хэрэгжсэн тул зайлшгүй шийдэх асуудлуудад түлхүү анхаарсан. Энэ нь хамгийн зөв хувилбар болсон.
Сүүлийн 4 жилд аймаг, сумын төвүүд, хөдөө орон нутгийн амьдрал огт өөр болсон. Өнгө зассан. Аймгийн төвийн дийлэнх нь хот шиг болсон. Хот руу хөдөөнөөс шилжих биш, хотоос хөдөө рүү шилжих хүмүүсийн тоо анх удаа 50-60 хувь нэмэгдсэн. 2014 он хүртэл жилд 20 мянган хүн Улаанбаатарт шилжиж ирдэг байсан. Тэгэхэд 2015,2016 онд энэ тоо 2 дахин багасч, 10-аад мянган хүн болж буурсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн ажлуудыг орон нутгийн иргэд, компаниуд гүйцэтгэж орлоготой болж байгаа. Худалдан авалт хийгдэж орон нутагтаа орж байгаа татвар нь нэмэгддэг. Татвар нэмэгдэхээр сургууль, эмнэлгийн санхүүжилт саатахгүй хэвийн болдог. Үүгээрээ аймаг, орон нутгийн хөгжилд сайн нөлөө үзүүлдэг.
Иргэд асуудлаа өөрсдөө шийддэг энэ хувилбарыг хамгийн сайн хувилбар гэж үзэж байгаа ч судалгаанд оролцсон иргэдийн 70 хувь нь мэдээлэл муу байгааг шүүмжилсэн байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны хуулийг санаачилж, батлуулж, хэрэгжүүлсэн. Энэ хуулийн төсөл 2 жил УИХ дээр саатсан. Нэг удаа буцаж байсан. УИХ-аар батлагдаж хэрэгжээд 2 дахь жилийнхээ нүүрийг үзээд явж байна. Шилэн дансны хуулийн нэг гол ач холбогдол нь урьд нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд төрийн байгууллагууд л хяналт тавьж, өөрөө өөрийгөө хянадаг байсан бол Шилэн дансны хууль гарснаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд хяналт тавих шинэ соёл, боломжийг нээж өгсөн” гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Сангийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албаны хүмүүс үг хэллээ.
Орон нутгийн хөгжлийн сан, Шилэн дансны хууль нийт ард иргэдэд хамгийн хэрэгтэй хууль болсон ч харамсалтай нь сүүлийн үед төсвийн байдлаас болж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө хумигдаж, 2016 онд болсон УИХ-ын сонгуулийн дараагаас Шилэн дансны хуулийн хэрэгжилт 70 хувьтай болж буурсныг тэд хэлж байлаа. Тухайлбал, нийслэлд Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд Шилэн дансны хууль сайн хэрэгжиж байгаа ч Нийслэл дээр дүүргүүдээсээ тааруухан хэрэгжүүлж байгааг жишээ болгож байв.
President.mn