-“Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд орохын өмнө нэр дэвшигчид нам дотроо ийм загвар мэтгэлцээн гэх юм уу дуураймл мэтгэлцээн хийж бэлтгэл хангах нь түгээмэл”- 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн өнгөрсөн сарын 24-нд болсноос хойш сонгогчдод тэр нь чухам ямар нөлөө үзүүлсэн талаарх шүүмж, хэлэлцүүлэг сошиал сүлжээ дамжин тасралтгүй үргэлжилж байх зуур дараагийн “хэрүүлийн алим” модноосоо тасран унав. Тэр өдрийн мэтгэлцээний өмнө МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өрсөлдөгчдийнхөө орлон тоглогчидтойгоор бэлтгэл хийж буй бичлэг ил цацагдлаа.
Телевизийн эфирт мэтгэлцээн эхлэхээс чухам хэдий хугацааны өмнөх үйл явдал вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй ч асуултууд тэр үед л тодорхой болчихсон байсан, хэн нэгэн “дасгалжуулагч” наана нь зөвлөгөө өгөхдөө “ард түмэн бол цагаан цаас” гэж хэлж байгаа зэрэг нь хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлж байх шиг. Гэхдээ хүмүүсийн сэтгэгдлийг шүүж, эсвэл засч залруулах гэх гэсэнгүй. Харин улс төрийн мэтгэлцээн гэх манайд төдийлөн хэлбэржээгүй арга хэмжээний талаар бас бус сонирхолтой мэдээллийг дээрх бичлэгтэй холбогдуулан хүргэх гэж байна.
Улс төр судлаач Ж.Мөнхцэцэг “Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд орохын өмнө нэр дэвшигчид нам дотроо ийм загвар мэтгэлцээн гэх юм уу дуураймл мэтгэлцээн хийж бэлтгэл хангах нь түгээмэл” хэмээн онцлоод үүнтэй холбоотой баримтуудыг түүвэрлэн сошиал хуудастаа ийнхүү мэдээлжээ.
Ийм бэлтгэлийг “Mock debate” гэж нэрлэдэг. Тухайлбал, Америкийн сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцээнд өөрийн өрсөлдөгчийн дүрд биеийн хэл, үг яриа ойролцоо хүмүүс, улстөрчдийг тоглуулж мэтгэлцээн хийдэг жишиг байдаг. Жишээ нь Барак Обама 2012 онд Бүгд найрамдах намын өрсөлдөгч Митт Ромнигийн дүрд Жон Керриг тоглуулж ийм халз мэтгэлцээн хийсэн нь асар их үнэмшилтэй болж энэ мэтгэлцээний төгсгөлд хэн хэн нь “дүрдээ хэт их орж” жинхэнэ маргаан болсон түүхтэй. Жон Kерри нь Mитт Pомнигийн адил Maссачусетс мужаас гаралтайн дээр биеийн өндөр, төрх байдал ойролцоо, Pомнигийн хөтөлбөр дэвшүүлж буй асуудлын талаар мэдээлэл сайтай бaйсан юм.
Харин 1996 оны сонгуульд Билл Клинтоны бэлтгэл мэтгэлцээнд Фред Томсон хэмээх жүжигчин оролцож Бүгд найрамдах намаас нэр дэвшигч тэрбумтан Боб Доулын дүрээр Клинтон руу дайралт хийж байсан билээ. Ер нь халз мэтгэлцээнд хэнд ямар асуулт ирэх нь сонгуулийн кампанийн ерөнхий сурталчилгаа, нэр дэвшигчдийн бодлого, өрсөлдөгчийн бие бие рүүгээ хийж буй сөрөг сурталчилгаанаас ойлгомжтой байдаг тул ийнхүү бэлтгэл мэтгэлцээнд яригдсан асуултууд жинхэнэ мэтгэлцээнд яригдах нь ойлгомжтой байдаг, Манайхны шуугиад байгаа шиг айхавтар нууц энэ тэр юм байхгүй...
Судлаачийн хувьд “нууц” мэтгэлцээний талаар дээрх байр суурийг илэрхийлсэн байх бол сэтгүүлч Б.Энхцэцэг өөрийн хуудаснаа “Асуултууд бол ер нь хэнээс юу гэж асуух нь ойлгомжтой л байсан. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгууль шүү дээ. Энэ зэргийг бэлдэхгүй бол өрсөлдөгч байгаад ч яадаг юм. Гудамжинд лааз өшиглөсөн нь дээр биз дээ” гэжээ. Ингээд мэтгэлцээний талаарх мэтгэлцээнийг цааш үргэлжлүүлбэл чамгүй урт “роман” бичигдэх байх. Мөн хоёр гол өрсөлдөгчийн хооронд “нууц” тулаан ирэх баасан гариг хүртэл үргэлжлэх зуур нэлээн хэдэн ангит кино бичигдэх биз. Нэг нэр дэвшигч нь “нууцаар” бэлтгэл хийгээд л нөгөө нь түүнийг нь тагнаж чагнаад нь өрсөлдөөн ч утгаараа “мафитай кион” болж байгааг л бид харж байна даа.