Шинэчлэгчдийн зорилго нь шинэчлэл мөн үү
2017/07/21
Сонгуульд ялагдсан намд шинэчлэлийн төлөө хөдөлгөөн өрнөж, үймж бужигнадаг нь гэм биш зан болжээ. Намаа муу удирдаж сонгуульд оролцсон, ялагдуулсан хариуцлагыг удирдлагаасаа нэхэх нь зүйн хэрэг байх. Гэхдээ шинэчлэгчдийн зорилго арай л өөр зүйлд чиглээд байгаа нь анзаарагддаг. Эгзэгийг нь тааруулан ямар нэг хөдөлгөөн, бүлгэм байгуулж, удирдлагаа огцруулах, намаа шинэчлэх шаардлага тавиад, албан тушаалд очоод амаа үдүүлчихсэн хүн бишгүй бий. Намаа шинэчлэх тухай ярьсан хүнийг шантаажчин гэж хардаг болтол энэ байдал давтагдсан билээ.
МАН-ЫН ШИНЭЧЛЭГЧИД ЮУНЫ ТӨЛӨӨ “ХЭЛ” ОРОВ
Гишүүд нь даргынхаа үгнээс төдийлөн зөрж, дуулиан шуугиан дэгдээгээд байдаггүй, дэг журам, эрэмбэ дараатай улс төрийн хүчин болох МАН-ыг ч шинэчлэгчдийн шуурга тойроогүй. “Шударга ёс” хэмээх бүлэг байгуулж, намын дотоод ардчилал ярьж, удирдлагаа шүүмжилсээр дунд тушаалын дарга болсон Галигаагийн Баярсайхан, “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” жигүүр “ургуулж”, мөн л намаа шинэчлэх тухай ярьсаар суларсан байр суурь, хүч нөлөөгөө бөхөлж, сайдын суудал аваад дуугүй болсон Ө.Энхтүвшин, “Шинэчлэлийн хороо” гэгчийг байгуулж, дээрх хоёртой адилхан шаардлага тавьж байгаад ШӨХТГ-ын дарга, УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн Т.Аюурсайхан гээд тоочвол урт жагсаалт хөвөрнө.
Ер нь намаа шинэчилье, удирдлагаа өөрчилье гэсэн санаачилга гаргаж, тэмцэл өрнүүлсэн хүмүүс сав хоосон буцаж байсан удаагүй. Иймэрхүү хөдөлгөөн өрнүүлж, жигүүр, бүлэг байгуулахад зохион байгуулж, “голлон тоглосон” хүмүүс нь албан тушаалд очсоноор тэмцэл дуусдаг жишиг тогтжээ. Харин тэдний тавьсан шаардлага биелж, нам нь шинэчлэгдэн, ярьж тайлбарлаж байсан шигээ үр дүнд хүрсэн нь ховор. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал ч мөн олон хүнд шалтаг, боломж гаргах шиг боллоо. Намаа шинэчлэх, удирдлагаа солих зайлшгүй шаардлага үүссэн тухай ярих хүмүүс энд тэндээс гарч ирсээр, өдрөөс өдөрт тоо нь нэмэгдсээр байна. 60 тэрбумыг эсэргүүцэх хөдөлгөөн, “Тэрэлжийн тунхаг”-тай хамт гаргаж тавьсан шинэ үзэл баримтлал, дүрэм, зарчмуудаа тууштай мөрдөж, намын шинэчлэлийг идэвхтэй үргэлжлүүлэхийг шаардаж буй Ч.Ганхуяг, Бодлогын зөвлөлөө хуралдуулж, МАН-ын шинэчлэл, хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцсэн тухайгаа албан ёсоор мэдээлсэн Шинэчлэл, хөгжлийн хороо хэмээн үргэлжлэх шинэчлэгчдийн жагсаалт цаашид улам урт болох төлөвтэй. Өчигдөр л гэхэд нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар “Бид МАН-д элсээд 16 жил боллоо. Энэ хугацаанд намдаа чин шударгаар зүтгэж ирсэн. МАН бол зөв нам. Тийм учраас хариуцлагын тогтолцоо зөв байж улс төрийн соёлыг тогтоох ёстой. Энэхүү зарчмыг бий болгохын тулд шаардлага гаргасан. МАН-ын гишүүдийн хөдөлгөөнийг бид байгуулсан” гэж мэдэгдээд намынхаа удирдлагад ажиллаж буй зарим хүнийг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардлаа.
Шинэчлэл, өөрчлөлтийг хүсэж буйгаа илэрхийлж, хатуу ширүүн шаардлага тавьж буй эдгээр хүн чин сэтгэлээсээ намынхаа ирээдүйд санаа зовж байна уу, Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон намын даргынхаа ялагдлыг өөрийн ялалт болгож хувиргах ашиг хонжоо хайж уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
АН-ЫН ШИНЭЧЛЭЛ БУЮУ ДАРГЫН СУУДЛЫН ТӨЛӨӨХ “ЗОДООН”
Хагарал, тэмцэл нь бүгд олон нийтийн нүдний өмнө ил байдаг АН-ынхан намаа “шилэн” гэж тодорхойлох дуртай. “Шилэн” намд шинэчлэлийн хөдөлгөөн байсхийгээд л өрнөдөг. Хамгийн сүүлчийнх нь 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялагдсаных нь дараа тохиолоо.
Тэднийг шинэчлэлийн тухай нэлээд нухацтай, өргөн цар хүрээтэй ярьж эхлэхэд АН-ыг, ардчиллыг дэмждэг олон хүн “Дотоод эв нэгдэлгүй байдал, фракцуудын хагарал, тэмцлээсээ болж АН ингэтлээ ялагдлаа. Иргэдийн итгэлийг хүлээх, засгийн эрхэнд илүү удаан хугацаагаар тогтвортой суух тэргүүлэгч хүчин болохын тулд АН фракцуудынхаа амбийцыг дарж, нэг цул болох хэрэгтэй. Үүнийгээ ойлгож, шинэчлэлийн гол шугамаа болгоно байх” хэмээн найдаж байв. Тус намд өнгөрсөн хугацаанд өрнөсөн хийгээд одоо үргэлжилж буй үйл явдал, тэдний явуулж байгаа бодлого, ажлын арга барилыг харахад тэд шинэчлэл нэрээр халхавчлан даргын суудлын төлөө зодоон л хийжээ.
АН-ын шинэчлэгчид намын дүрмээ шинэчлэн найруулж, анхан шатны нэгжээс эхлээд удирдах байгууллагаа хүртэл бүгдийг нь сольж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Өнгөн талаас нь харвал маш том шинэчлэл. Гэвч тэд гол зүйлээ, тухайлбал, хандлагаа, хагарал, тэмцэл, хуучин арга барилаа өөрчилж чадаагүй. Одоо явуулж буй үйл ажиллагаа, хүмүүсийнх нь оролцоог харахад АН гишүүд, дэмжигчдийнхээ хүсэн хүлээсэн шинэчлэлийг биш, “Шонхор”, МоАХ фракцын хүссэнийг л хийсэн аж. Намдаа нөлөөтэй “Алтангадас”-ыг унагаж, бусдыг нь ч холдуулан, өөрсдөө л тодорсноо шинэчлэл гэж нэрлэж байна.
Манай улс төрийн намууд, тэдний гишүүдийн шинэчлэлийн төлөөх хөдөлгөөн, тэмцэл ийм л үр дүнд хүрч, дуусаад байгаа болохоор “Шинэчлэгчдийн зорилго нь шинэчлэл мөн үү” гэж асуугаад байгаа юм. Хүнээ л солиод байхаас бодлого, үйл ажиллагаа, үзэл баримтлал, хандлагаа өөрчилдөггүй, хүн нь л солигдсоноос биш хуучин, бохир арга барилаасаа салдаггүй энэ байдал хэдий болтол үргэлжлэх бол. Ийм нөхцөлд шинэчлэл хийх бус, ээлж солигдох гэж ярих нь оновчтой мэт.
Х.Уянга
Өнөөдөр сонин