Хуульчид хуулийн тест хулгайлав уу
2017/08/19
Монголчууд эрт үеэсээ л шударга, гүндүүгүй зангаараа бахархдаг байсан. Гэтэл Мон-голын нийгэмд шударга үнэн зүйл сүүлийн үед ховрын бараа шиг хомсдох болов. Энгийн иргэдийн өдөр тутмын харилцаанд ч, олон түмний мэдлэг боловсрол, чадварыг үнэлэхэд ч шударга байх хандлага үгүй болжээ.
Сүүлийн хоёр жилд элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарч, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүүхдүүдийн сэтгэлгээ яагаад ингэтлээ буруудаж орхив хэмээн гайхаж байсан. Сүүлд гэхэд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд хакерийн тусламжтай тэтгэлэгт хамрагдсан хэрэг гарлаа. Хакердсан этгээдийг барьсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ.
Үүгээр ч зогсохгүй шударга ёсыг сахин биелүүлэх үүрэгтэй хуульчид хүртэл шалгалтаа шударга бусаар өгдөг болсон нь өчигдөр илэрлээ. Тодруулбал, гурван хоногийн өмнөөс эхэлсэн хуульчийн мэргэжлийн шалгалтын үеэр бодлогынх нь хариу задарсан байна. Хариу задарсныг Хуульчдын холбооны шалгалт авах комисс мэдсэнээр хүчингүй болгож, дахин шалгалт авсан юм. Энэ талаар тодруулахаар Хууль зүйн үндэсний хүрээлэнд очиход шалгалтын үеэр зөрчил гаргасан хэсэг хүн өргөдөл, гомдол гаргаж байлаа. Гэсэн ч Хууль зүйн үндэсний хүрээлэн гаднаа хамгаалалт гаргаж дотогш гадны ямар ч хүн оруулахгүй байв. Тэнд цугласан хүмүүсээс учир байдлыг тодруулахад, урд нь хүчингүй болсон шалгалтад гар утсаа оролдож байгаад баригдсан, нэмэлт цагаан цаастай байсан гэсэн үндэслэлээр шалгалт өгөх эрхгүй болжээ. Тэд нэгэнт шалгалт хүчингүй болсон юм чинь, биднийг дараагийн шалгалтад оруулах байх гэсэн ч оруулаагүй гэдгийг хэлж байсан юм. Зөрчил гаргаад дахин шалгалтад орж чадаагүй нэгэн эмэгтэйтэй ярилцахад, “Би өмнө нь болсон шалгалтын үеэр нэмэлт цаастай гэдэг үндэслэлээр шалгалтнаас гарсан. Гэхдээ энэ цаасан дээр юу ч бичээгүй байсан. Үүний дараа шалгалтын бодлогын хариу задарсан гэж тухайн шалгалтыг хүчингүй болгосон ч намайг дахин шалгалтад оруулаагүй. Бусад шалгалт авч байгаа газруудад асуудал гаргасан хүмүүсийг оруулсан байсан. Шударга бус байна. Хүмүүс фейсбүүкт групп нээгээд хоорондоо шалгалтын хариуг ярилцсан гэсэн яриа байгаа. Энэ асуудлаа шийдэж чадахгүй байж, цагаан цаас байсны төлөө шалгалтад оруулсангүй. Уг нь журмандаа нэг сануулах ёстой гэсэн байдаг. Гэтэл надад сануулга ч ирээгүй” гэсэн юм. Мөн нэгэн эмэгтэй хүн юу ч хамаагүй ашиглаж байж л шалгалтандаа тэнцэхийг бодно биз дээ хэмээн ярьж байв.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлого тестийг уг нь Монголын хуульчдын холбооноос бэлтгэн боловсруулдаг. Энэ шалгалтаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн хүний шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоодог юм. Шалгалтын хариу задарсан асуудлын талаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг сошиалд “Шалгалтын бодлогын хариу задарсан нь үнэн. Аз болоход тэр даруй мэдэж, шалгалтыг хүчингүй болгосон. Одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэв.
Уг нь шүүгчид “...Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангаргалъя. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг. Гэтэл тэд хуульчийн ажилд тэнцэхийн тулд шударга ёсыг уландаа гишгэсээр байхад бид хэнд итгэх ёстой юм бэ. Баригдсан нь л энэ удаагийнх болохоос цаана нь хэр олон булхай нуугдаж байгааг бид мэдэхгүй. Хүний хоорондын харилцааны шударга бус байдал ч өнгөрчээ гэж бодоход олон түмний мэдлэг боловсролыг алагчилж үнэлж хэрхэвч болохгүй байлтай. Ийм байдлыг аль ч салбарт анхнаас нь өөгшүүлэхгүй хариуцлага алдсан этгээдэд сургамж авахуйц арга хэмжээ авахыг холбогдох байгууллагынхнаас шаардая.
Үндэсний шуудан сонин
хуульч · 2017/08/19
ОДОО Ч АРАЙ ДЭЭР БОЛСОН БАЙХАА..??? УРЬДАХ ЖИЛҮҮДИЙН ШАЛГАЛТЫГ ГАР УТАСТАЙ НЬ УТСААР БОДЛОГОО БОДОЖ.ЗАРИМ ШАЛГАГЧ БАГШ НАР НЬ НУТАГАРХАЖ ӨӨРИЙН СУРГУУЛЬ ТӨГССӨН НӨХДҮҮДЭД янз бүрийн аргаар тусалж ХУУЛЬЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛТ НЭРТЭЙ БӨӨН ХУЙВАЛДААН БОЛДОГ БАЙСНЫГ МЭДЭХ ЮМ
ZOCHIN · 2017/08/19
er n tegeed avilgal bol huulchdiin dund baigaashuu.huulichid shudargaar huulia l bieluuldeg bol mongoliin huuli bol tiim muu huulitai gej bodohgui baina. gagtchuu huulia hudaldaad avilgadaad l baigaa shuu.
irgen · 2017/08/19
Huulichidiin holboo sain baina shyy, iim l shudraga baih heregtei. Huulichid baij eldviin arga heregleed bolohgui bizdee