Нийслэлийн ИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилоод жил болов. Үнэмлэхүй олонх болсон МАН-ын хамгийн сохор томилгоо. Ч.Сайханбилэг сайхан тэнэгтээгүй бол Ц.Сандуйгаас болж МАН ялагдах шахсан, парламентын сонгуулиар.

Уг нь МАН бялуугаа хуваарилахдаа л энэ бүхнийг тооцоолох байсан юм. Ц.Сандуйд баярын бялуу хүртээх битгий хэл намаасаа хөөж гаргасан бол, тэр үед энэ 60 тэрбумынх нь хариуцлагыг үүрүүлчихсэн бол. Үнэндээ Ц.Сандуйд нийслэлийн ИТХ-ын дарга хэмээх албан тушаал хэтэрхий ахдаж, хэтэрхий хурцдаад байгаа юм. Ядаж л сонгуулийн тактикгүй, мэдрэмжгүй нэгэн болохыг нь нийтээрээ хоёр ч сонгуулиар харлаа. Ялалтад  бялуурч, хариуцлагыг умартсан нь МАН-д сайн зүйл авчирсангүй. Харин ч энэ завшааныг ашиглаж, шинэчлэлийнхээ суурь болгож Ц.Сандуй зэрэг нөхдөөс салам хөндийрөх цаг мөнөөс мөн. Газрын наймаагаар гаршсан гэх зэвүүн автортай энэ нөхрийн талаарх олон ч таагүй мэдээлэл МАН-ын нэр хүндийг унагасаар ирснээр аварч байсангүй. Батганыг бага дээр нь дарахгүй бол үржих нь амархан.

МАН-д итгэл хүлээлгэсэн сонгогчдынхоо санал руу дахин дахин ус цацах хэрэггүй, одоо болно. Намаа шинэчилж, бүдүүн гэдэснийхээ бохирдолтой эхлээд тэмц, эрх баригчдаа. Уг нь Ц.Сандуй өөрийн хүсэлтээр өргөдлөө өгчихвөл гоё  байлаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг тойрсон улстөржилт өдгөө ч үргэлжилж байна. Улстөржилтийн хөөсийг даръя, ажил хийе гэсэн сонирхол ч түүнд алга. Иймд улс төрийн хүчнүүдийн утсан хүүхэлдэй болсон түүнээс нэн даруй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын суудлыг салгахаас өөр шийдэл харагдахгүй байна. Хэрэв Засгийн газар хөдөлбөл хэдхэн хүн хожиж, амбийц нь арааны шүлстэйгээ хэсэг дарагдана. Өөр үр дүн үгүй. Шинэ Засгийн газар шижигнэсэн бодлого хэрэгжүүлнэ гэдэг хэзээ ч зохиогдохгүй үлгэр.