Төрсөн үрээ орхиж явчихаад хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байгаа эрчүүдэд хуулийн хариуцлага тооцдог
2013/12/17
Гэр бүл салалт. Энэ бол маш хүнд сэдэв. Өнөөдөр гэр бүл салалтаас хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн ихээр хохирч байна. Гэр бүл салалт олон учир шалтгаантай ч эрчүүд завшаад бүсгүйчүүд хүүхдээ тэврээд хохироод үлдэж байгааг энэ удаагийнхаа нийтлэлээр хөндөхийг гол болголоо.
Өнөөдөр гэр бүл салалтад нөлөөлж байгаа хоёр үндсэн асуудал бий. Нэгдүгээрт, нийгмийн бодлогын асуудал. Тодруулбал, улс төрийн бодлого шийдвэр, эдийн засгийн байдал нь гэр бүлийн орчин, хүмүүсийн амьдралын нөхцөлд шууд нөлөөлдөг. Хоёрдугаарт, гэр бүлээсээ олж авсан хувь хүний өөрийн төлөвшилтэй шууд хамааралтай. Хувь хүний үнэт зүйлс болох гэр бүл, нэр хүнд, хайр сэтгэл, нөхөрлөл, эрх чөлөө, хүний эрх, хүсэл мөрөөдөл нь хүүхэд байхаас нь эхлэн төлөвшдөг. Тэгвэл хүүхдийн дэргэд маргалддаг байвал тухайн хүүхэд насанд хүрч, амьдрал зрхиосон тохиолдолд аав ээжийнхээ амьдралыг давтах гээд байдаг сөрөг талтай. Нөгөө талаас гэр бүлд хадмын оролцоо их байдаг нь, санхүүгийн асуудал гардаг нь маргаан үүсгэх нэгэн шалтгаан болдог. Маргасан гэр бүлийн уур амьсгал аажмаар “хүйтэн” болж, гэр бүл салалтад нөлөөлдөг байна.
1990 онд Монголд 449,4 мянган гэр бүл, 17968 гэрлэлт, 1127 гэр бүл цуцлалт бүртгэгдэж байсан бол 2006 онд 632,5 мянга, 48996, 1448 болж гэр бүл 40,7 хувиар, гэрлэлт 2,7 дахин, гэр бүл цуцлалт 28,5 хувиар тус тус өсчээ. Гэр бүл салалтын шалтгааныг авч үзвэл: 54.0 хувь итгэл алдарсан, 47,3 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй, 41,3 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэсэн гэсэн байна. Мөн гэр бүлээ цуцлуулж буй өрхийн 70.0 гаруй хувь нь 0-15 насны хүүхэдтэй .
Эндээс хичнээн ээж хүүхдээ хүн болгохын төлөө хичээж байгааг харж болно. Энэ тоо жилээс жилд тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Өнөөдөр гэрлэлтээ цуцлуулсан ээжүүд хүүхдийнхээ төлөө өөрийгөө гаргуунд нь гаргаж байгаа жишээ байгууллага бүрт нэгээр зогсохгүйг харж болно. Ганц бие ээжүүд гэрлэлт цуцлалтанд өөрийгөө буруутган хүүхдээ эцгийн хайраас бусдаар дутаалгүй өсгөхийг зорилго болгодог болохоор сайн муу, сайхан муухай гээд бүхнийг хүүхдийнхээ төлөө хийж зовж байсан ч шүдээ зуугаад өнгөрдөг.
Харин энэ хооронд гэрлэлтээ цуцлуулсан эрчүүдийн хувьд бүх утгаараа “эрх чөлөөтэй” болж дураараа дургиж, дахин нэг айлын охиныг гомдоох аяндаа морддог. Мэдээж хэрэг энэ хугацаанд анхны эхнэр, хүүхдээ умартан хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгөхгүй “луу унжих” тохиолдол их байдаг. Гэхдээ гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эргэж тойрч, харж ханддаг эцэг байдаг. Гэхдээ цөөн. Харин дийлэнх нь хүүхдийн тэтгэмжийн мөнгийг өгөх дургүй байдаг бөгөөд үүнээсээ болж эрүүгийн хэрэгт татагдаж, хөрөнгөө хураалгаж байж хүүхдийнхээ тэтгэлэгийг өгдөг эрчүүд бас байна. Өөрөөр хэлбэл “алтан дундаж” амьдралтай эрчүүдийн хувьд хүүхэддээ сард 70 орчим мянган төгрөгийг өгөөд байхад асуудалгүй. Харамсалтай нь төрсөн үр, үр удам, хойч үеэсээ мөнгө харамладаг эрчүүд байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын БХЗХТБАА-ны дэд дарга, ахмад Я.Батгэрэл энэ талаар: “Өнөөдөр хүүхдийн тэтгэмжийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид орон нутгийн шийдвэр гүйцэтгэгчийг бодвол хэд дахин ачаалалтай ажилладаг. Дээрээс нь ХЗХ-ны төлбөр барагдуулах ажлыг давхар хийдэг. Өөрөөр хэлбэл нэг шийдвэр гүйцэтгэгчийн ажил хэр хэмжээнээсээ давсан байдаг. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тэтгэмж өгдөг эрчүүдийн 41 орчим хувь нь хугацаандаа төлбөрөө хийдэг. Харин үлдсэн хувь нь асуудалтай өгдөг. Хүүхдийн тэтгэмж өгөөгүйн улмаас энэ жил гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хөрөнгө хураалгасан хүн байгаа” гэдгийг хэлсэн юм.
Муугаар хэлэхэд үр хүүхдээсээ харамласан хэрнээ хүүхэнд байгаа мөнгөө зарцуулдаг, унаж байгаа машинаа сайжруулахыг төлөө халаасаа хоосолдог эрчүүд цөөнгүй бий. Тэдгээрээс зарим нь дараагийн амьдралаа эхлүүлсэн. Улмаар анхны эхнэр хүүхдээ хүн байна чинээ тоолгүй, үнсэнд хаясан шалз шиг алга болдог. Ингэж хүн биш адгуус шиг авирлаж байгаа эрчүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцдог ажээ. Тодруулбал хөрөнгийг нь хураах, баривчлах, саатуулах, захиргааны арга хэмжээ авах, эрүүгийн хэрэг үүсгэх зэрэг арга хэмжээ авдаг байна. Өөрөөр хэлбэл эцэг хүн байж чадахгүй байж илүү харж, билүү долоодог эрчүүдийг ухамсарлуулах арга хэмжээг төр авдаг гэдгийг ухамсаргүй эрчүүд анхаарах хэрэгтэй юм.
Эцэг байх эрхийг нь хасчихмаар хүний мөсгүй загнадаг эрчүүдийн талаар, хүүхдээсээ мөнгө харамладаг эрчүүдийн талаар албаны хүнээс тодруулснаа бид маргааш хүргэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/02/26
uuruu haygdtsan ymaa daa. А.Баярмаа hahahaha:-D :-D :-D :-D :-D :-D