Согтуу жолооч бусдын амийг бүрэлгэсээр байх уу
2013/03/13
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил эрс ихэсчээ. Тухайлбал, энэ сарын 12-нд 73 жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож байгаад саатуулагджээ.
Хамгийн аюултай нь өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтсон жолооч хүний аминд хүрсэн тохиолдол гарчээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын VI багийн нутаг дэвсгэр, Дөрвөлж нэртэй газар “Соната” маркийн 52-80 СҮА улсын дугаартай автомашины жолооч Ц.Батжаргал нь согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч 25- 30 орчим насны эрэгтэйг дайрч амь насыг нь хохироожээ.
Хэргийг одоогоор Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Ийн зам тээврийн ослын давтамж ихэсч байгааг холбогдох албаныхан цаг агаар дулаарч, хамт олноороо нийлж архидан согтуурах болсонтой холбоотой хэмээн тайлбарлав. Зуны улиралд энэ төрлийн хэрэг зөрчил улам нэмэгддэг байна.
Тиймээс Замын цагдаагийн газраас иргэдийг ухамсартай байж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг анхааруулж байна. Нөгөө талаар хариуцлага алдсан жолоочид хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгах шаардлага урган гарч буйг ч сануулсан.
Хэрэв жолооч согтуугаар автомашин барьж яваад бусдын биед хөнгөн гэмтэл учруулбал жолоо барих эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртлэх хугацаагаар хасдаг. Хэрэг үүнээс илүү хүндэрвэл Эрүүгийн хуулийн 215.2, 215.3-д зааснаар хариуцлага тооцдог.
Тодруулбал, 215.3-д хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсвэл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Харин энэ төрлийн хэргийн улмаас хоёроос дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь таван жилээр хасч 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ёстой. Үнэндээ согтуу жолоочийн эрхийг нь хасаад өнгөрөөнө гэдэг тэдний толгойг илээд өнгөрсөнтэй адил гэдгийг албаныхан хэлж буй. Гэвч хуулийн дагуу ажиллахаас өөр сонголт цагдаа нарт үгүй. Хүлээлгэх хариуцлага чанга бол жолооч нар эмээж эхлэх нь тодорхой.