Женко ба М-СИ-ЭС
2017/09/20
Яг л кино шиг эхлэл. ОХУ-д сурдаг оюутан Од хүү нутаг буцахдаа мотоциклын поршин, гинж авчирч зардаг байжээ. Мөн эргэж сургууль руугаа явахдаа олсон хэдээ тарваганы малгай болгож, мөнгөө эргэлдүүлэхээ мэднэ. Яг энэ үед түүнтэй нэг жалга довных гэж хэлж болох самбо бөхөөр хичээллэдэг Тулга хүү наймаа хийхээр шийдэж, дотоодын хямд даавуугаар хүүхдийн хувцас оёж, Унгар улс руу гаргаж зарахаар болжээ.
Түүний бизнес санаа амжилттай хэрэгжиж, уг наймаанаас олсон бага хэмжээний ашгаараа Сингапураас 600 доллараар видео камер худалдаж аваад Монголд, дараа нь Хятадад очиж, авсан үнээ нугалж зардаг болжээ. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, хүн бүрд адилхан боломж гарсан цаг үед ижил гараанаас гарч, бизнесийнхээ анхны капиталыг босгосон энэ хоёр тоглогч хожим хоёул “Монгол тулгатны 100 эрхэм” гэсэн босго өндөр нэвтрүүлгийн зочны суудалд заларсан билээ. Хэн хэн нь эх орондоо баргийн аавын хүүгийн хүчрээгүй бизнес, бүтээн байгуулалтыг бий болгож чадсан.
Чингис хааны морьт цогцолбор “Цонжин болдог", монголчуудын 44 жил хүлээсэн олимпын анхны алтан медаль Х.Баттулгын гавьяа гэхэд маргах хүн байхгүй. Мөн оройд нь хөх марал гялалзсан Сэнтрал тауэр, дэлхийн жишигт нийцсэн зочид буудал Шангри-ла Ж.Оджаргалын хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэж хэлэхэд булаалдах хүн гарахгүй биз. Ийн өөр өөрийн түүхээ бүтээж явсан хоёр эрхмийн зам огтлолцсон нь Ухаахудагийн лиценз.
Одоогоос найм орчим жилийн өмнөх тэр үеэс эхлэн Х.Баттулга, Ж.Оджаргал гэсэн хоёр талын “Хар алт”-ны хэрүүл эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал нь өндрөө авч хөрш хоёр гүрэн ч уг маргаанд татагддаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ухаахудагийн ордыг түшиглэсэн “ММС"-ийн 75 хувийг урд хөрш буюу Хятадын тал эзэмшдэг гэсэн бол Х.Баттулгын ард хойд хөрш Оросын төрийн болон мафийн нэгдсэн ар тал бий гэсэн хардлага, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацагдаж байлаа.
Тухайн үед тэр хоёрын тэмцлийн галыг өрдөж тос нэмсэн хүмүүс бий. Мөн нөгөө талаас өлгийдөж өдий зэрэгт хүргэсэн монгол үндэстнээ битгий л талцуулаарай хэмээн сануулж байсан хүн бий. Гэлээ ч хортой, шартай хоёр эрийн аль аль нь буулт хийлгүй өдийг хүрчээ. Энэ тэмцлийн үр дагаварт Тавантолгойд өдийг хүртэл өргөн, нарийн аль ч царигийн төмөр зам тавигдсангүй, шороон замаараа тоос татуулсаар, осол аваар гарсаар.
Нүүрс ярихаар л энэ хоёр эрхмийн нэр гарч ирдэг, хэн нэг нь шийдэлд олохоор нөгөө нь өөр гарц хайдаг жишиг тогтоод хэдэн жил өнгөрлөө. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, энэ сард ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болсон.
Уг уулзалтад оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулга ““Восточный" боомтод очоод ирлээ. Тэр боомтод Монгол Улсын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байгааг харлаа. Тэнд Монголоос хол оршдог Хакасын нүүрсийг 8,000 гаруй км тээвэрлэж авч ирээд зарж байна. Энэ нь Монгол Улсын Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар дамжуулж борлуулах боломж байгааг харуулж байна, Дэлхийн үнэ цэнэ рүү ойртуулах боломжийг өөрийн нүдээр төлөөлөгчдийн хамт очиж харлаа” гэдгээ хэлсэн.
Мөн Ерөнхийлөгч “Уул уурхайн бүтээгдэхүүнийг далайд гаргахын тулд дэд бүтэц хэрэгтэй. УИХ-аар 2010 онд 5,000 орчим км төмөр зам бүтээн байгуулах төсөл оруулж батлуулсан. Үүний Тавантолгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 км төмөр замын ажлыг ирэх жилээс эхлэх талаар ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовт таниулахад найрсгаар хүлээж авсан” тухай ярьсан аж. Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгыг Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр ОХУ-ын талаас Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой хэмээн албан ёсоор санал тавьсан юм.
Зориудын гэлтэй нь энэ үйл явдалтай зэрэгцэн нүүрсний салбарын “Coal Mongolia-2017” чуулган Улаанбаатар хотод долоо дахь жилдээ зохион байгуулагдсан. Уг чуулганы нээлтийн үеэр “Фэнвэй энержи информэйшн сервисез” компанийн ТУЗ-ийн орлогч дарга Чан Вай Күэн “БНХАУ аюулгүй байдлын үүднээс нүүрсний уурхайнуудаа хаасан учир урд хөршийн манай улсаас авдаг нүүрсний импортын 40 орчим хувь нэмэгдэх боломжтой" гэдгийг хэлсэн.
Дараахан нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Засгийн газрын 400 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр болж, ирэх жилээс барилгын ажлыг эхлэх болсон” гэдгийг хэлсэн юм. Уг чуулгад оролцсон зарим мэргэжилтэн “Тавантолгойн нүүрсийг “Восточный" боомтоор БНСУ, Япон руу гаргах асуудлыг өмнө судалж, эдийн засгийн хувьд ашиггүй гэдгийг тогтоосон.
Улсын эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед эдийн засгийн ашигтай буюу зардлаа нөхөж чадах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг түрүүлж барих хэрэгтэй” хэмээн хэлсэн бол нөгөө талаас “нүүрсчдийн нам”-ынхан Монголын нүүрсийг хятадуудад хямд үнээр зарах гэж байгаа гэсэн бор шувуу нисгээд амжсан. Ийн “хар алт”-аа хаашаа экспортлох вэ гэсэн хэрүүл ахин дэгдэж эргээд л өргөн, нарийн царигийн маргаан өндрөө авлаа. Уг нь нүүрсний экспорт түүхэн дэх Халх, Ойрадын хуваагдал шиг том биш ч гэлээ “Женко" болон “М-Си-Эс”-ийн талцал улс төрийг хэдийн хоёр хуваасан билээ.
Тэмүүжин Жамух, Галдан Бошигт Өндөр гэгээн Занабазар, Бодоо Данзан гээд Монголын түүхийн хүнд хэцүү нугачаа бүрд хоёр хүчирхэг эрийн хоорондын тэмцэл өрнөж байжээ. Засаг унаж, улс хямарч, муугаар хэлэхэд хэзээ мөдгүй дефольт зарлах хэмжээнд тулсан энэ цаг үед ч Ерөнхийлөгч Х.Баттулга, ноён Ж.Оджаргал нар аль аль нь буулт хийхгүй шинжтэй. Өнөөдрийн хувьд энэ хоёр эрхэм Монголын Билл Гэйтс, Дональд Трамп.
Нэг нь дэлхийн хэмжээний удирдагч, нөгөө нь нөлөө бүхий бизнесмен, тэрбумтан болох боломж бий. Гэтэл өөр хоорондоо чулуу шидсээр байгаад Монголоосоо гарахгүй энэ чигээрээ үлдэх гэж үү. Тэмүүжин Жамух, Галдан Бошигт Өндөр гэгээн Занабазар, Бодоо Данзан... Тэдний тэмцлээс Монголд хожсон зүйл үгүй. Харин алдсан зүйл их бий. Түүхэнд хэрвээ гэж үг байдаггүй. Харин одоо өрнөж буй тэмцлийг зөвшилцөлд хүргэх боломж хоёр эрхмийн хэн хэнд нь бий.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар оруулалгүй буцаахад Х.Баттулга тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдод нөлөөлсөн гэсэн хар гарсан. Мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар “М-Си-Эс”-ийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж явсан Л.Элдэв-Очир Х.Баттулгатай өрсөлдөж, УИХ-ын мандатыг нь булаасан гээд хэн хэнд нь гомдол, хорсол байгаа ч гэлээ Капулетти, Монтеки удмын гэр бүл байгаа биш яагаад нэг ширээний хоёр талд суугаад нүүр нүүрээ хараад зөвшилцөлд хүрч болохгүй гэж.
Эрхэм Ерөнхийлөгч өө, та одоо Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Ноён Оджаргал аа, улсынхаа Ерөнхийлөгчтэй хэлэлцэж шийдэлгүй урагшлах ажил гэж үгүй. Та хоёрын хэн хэн нь зочин хойморт нь заларсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн дундуур Чингис, Гүр хаан хоёрыг харуулсан нээх сайхан хэсэг байдаг даа.
Сануулж хэлэхэд,
“Хорон үгийн сум дундуур орох аваас мохоож андалъя
Үхэлдэн тэмцэх өдөр дор эвийг үл умартюу
Ойрын бурууд омгойтох аваас тэвчюү
Холын зөвд холдож үл хагацюу” гэдэг.
Та хоёрыг уулзаад бүс, шагай солилцоод ч хамаагүй эв нэгдэлд хүрэхгүй бол нүүрсний салбар уналтад орох нь. Уг нь энэ хоёр хүн нэг ширээний хоёр талд сууж уулзаад эв зүйгээ олоод хамт зургаа татуулчихвал баярлах хүн олон бий.
Т.Болор-Эрдэнэ
зочин · 2017/09/21
Ёр нь эхлээд урагшаагаа төмөр замаа тавиад гаргах нь зөв харин дараа нь мөнгөтэй болхоороо 2 дахь хувилбар оросоор дамжуулж 3 дахь зах зээлд гэсэн баримжаатай байх хэрэгтэй .урагшаа асуудал гарвал хойшоо чвдал сонголттой байх нь зөвөө.э
зочин · 2017/09/21
Ёр нь эхлээд урагшаагаа төмөр замаа тавиад гаргах нь зөв харин дараа нь мөнгөтэй болхоороо 2 дахь хувилбар оросоор дамжуулж 3 дахь зах зээлд гэсэн баримжаатай байх хэрэгтэй .урагшаа асуудал гарвал хойшоо чвдал сонголттой байх нь зөвөө.
зочин · 2017/09/21
Ёр нь эхлээд урагшаагаа төмөр замаа тавиад гаргах нь зөв харин дараа нь мөнгөтэй болхоороо 2 дахь хувилбар оросоор дамжуулж 3 дахь зах зээлд гэсэн баримжаатай байх хэрэгтэй .урагшаа асуудал гарвал хойшоо чвдал сонголттой байх нь зөвөө.
зочин · 2017/09/21
Ёр нь эхлээд урагшаагаа төмөр замаа тавиад гаргах нь зөв харин дараа нь мөнгөтэй болхоороо 2 дахь хувилбар оросоор дамжуулж 3 дахь зах зээлд гэсэн баримжаатай байх хэрэгтэй .урагшаа асуудал гарвал хойшоо чвдал сонголттой байх нь зөвөө.
зочин · 2017/09/21
Ёр нь эхлээд урагшаагаа төмөр замаа тавиад гаргах нь зөв харин дараа нь мөнгөтэй болхоороо 2 дахь хувилбар оросоор дамжуулж 3 дахь зах зээлд гэсэн баримжаатай байх хэрэгтэй .урагшаа асуудал гарвал хойшоо чвдал сонголттой байх нь зөвөө.
Зочин · 2017/09/20
5000км тойруулж Орос руу зөөлнөөр урагшаа гаргах нь хамаагүй хямд зардал гарч таарна шүү дээ Нүүрсээ зарах энэ боломжийг дахиад л алдав даа ерөнхийлөгчөө Энэ удаа дахиж гай болохгүй л байгаа ч дээ Та одоо зүгээр нэг бизнесмен биш шүү
Зочин · 2017/09/20
5000км тойруулж Орос руу зөөлнөөр урагшаа гаргах нь хамаагүй хямд зардал гарч таарна шүү дээ Нүүрсээ зарах энэ боломжийг дахиад л алдав даа ерөнхийлөгчөө Энэ удаа дахиж гай болохгүй л байгаа ч дээ Та одоо зүгээр нэг бизнесмен биш шүү
z · 2017/09/20
od jargaliin daind hurehguigee medeed ataarhsan l mahan tolgoitoshdee huvi hunii huvid od ni hed dahin iluu
enkhbat. s · 2017/09/20
tsarigiin xuvid Evropiin ornuuud xoyoulang n davxar taviad urgun n ch nariin n ch yavdag biz dee