Шар гунан арслан босоо Шагдар, хар гунан арслан ээжин Нанзад
2017/09/21
Одоогийн Завхан аймгийн Баянхайрхан суманд XIX зууны төгсгөлөөр төрж, XX зууны эхэн үеэр тодорсон садан төрлийн хоёр бөх байсан нь нутаг орондоо Шар гунан арслан гэж нэрлэгддэг Сосорын Шагдар, Хар гунан арслан гэгддэг Очирын Нанзад нар. С.Шагдар нь 1988 онд Бүрдэд, О.Нанзад нь 1887 онд Хурнайтын өвөрт мэндэлжээ.
Энд яригдаж буй С.Шагдар нь 1924 оны намар болсон Уул тайлгын наадмын хамгийн сүүлчийн отгон наадамд үзүүрлэж байсан, 1924 онд Цэргийн наадамд түрүүлэн Улсын арслан цол авсан, улс даяар “Босоо Шагдар” гэж алдаршсан хүчтэн. Харин О.Нанзад нь аймгийн арслан цолтой, одоогийн Завхан, Хөвсгөл, Архангай аймаг даяар “Ээжин Нанзад” гэж алдаршсан нэгэн. Урьд өмнөх бөхийн ном товхимолд Босоо Шагдарын талаар олонтаа гарсан, харин Ээжин Нанзадын тухай бага яригддаг тул энэ удаад хоёр дахь бөхийнх нь талаар түлхүү өгүүлэхийг зорилоо.
Шар гунан арслан Босоо Шагдар, Хар гунан арслан Ээжин Нанзад хоёр ид барилдаж байхдаа 13 жилийн турш үргэлж хамтдаа явж аймаг, хошуу, овооны наадамд барилддаг байсан бөгөөд Босоо Шагдар нь түрүүлж Ээжин Нанзад нь үзүүрлэдэг байжээ.
Нэгэн намар Нөмрөгийн (Завханы хошуу) наадамд түрүү үзүүрт хоёулаа үлдээд Хар гунан арслан Ээжин Нанзад нь Шар гунан арслан Босоо Шагдараас “Би түрүүлье, ганц удаа буугаад өгчих” гэж гуйсан байна. Хариу нь маш товч тодорхой “Тэгж хийморио Нөмрөгийн шороотой хутгахгүй” гэсэн өгүүлбэр. Ээжин Нанзад нь их л бачимдаж Босоо Шагдараас урьтаж барьц авангуут баруун зүүн талаараа ээлжлэн сэлгэж долоо тонгороод унасан байна. Ээжин Нанзад хожмоо “Тэсийн хүрээний наадамд бас л хоёул түрүү үзүүрт үлдээд 13 удаа тонгороход Шагдарын хамраас цус гоожлоо. Тэгэхэд, Шагдар: -Байз хө, тэнэг нохой хүн сүйтгэлээ. Очиж мөргө (одоогоор бол туг тойрох) гэсэн юм. Ингэж ганц удаа хаясан нэр зүүсэн” хэмээн хуучилжээ.
...Нанзад бага залуу насаа хүрээ хийдэд сууж лам болохоор ном заалгаж өнгөрүүлсэн ажээ. 25-ны агт араа нь гүйцэж ургасан насандаа Нанзадын бяр, тэнхээ, чадал өөрт нь мэдрэгдсэн учир Авшай гүн ноёны хошууны наадамд барилдахаар Лэгжид мээрэнгээс унах унаа гуйгаад бүтсэнгүй. Тэгэхээр нь урьд өмнө нь адуу малыг нь хариулж байсан Наваан мээрэнгийнд очиж барилдах тухайгаа биш ээжийн бие муудаад Авшай гүн ноёны хошууны маарамбуудаас эм залах гэсэн хэмээн учирлан гуйсанд нэлээд догшин нэг морь барьж өгчээ. Ингээд Нямрагч гэдэг хүний эдэлгээ сайтай монгол гутлыг нь гуйж өмсөөд, нутгийн хэдэн хүний хамт наадамд явж анх удаа томоохон дэвжээнд хүч үзсэн нь энэ ажээ. Тэрээр Авшай гүн ноёны хошууны наадамд үзүүрлэсэн бөгөөд заан цолтой долоон бөхийг нэг хонхорт бүгдийг нь дархан тонгороогоороо хаясан байна. Нанзад энэ наадамд хүлэггүй гуталтай барилдсан атал өөрийнх нь бус тонгоруулсан бөхийнх нь хүлэгтэй гутал ойчихдоо суга үсрээд байсан гэдэг. Нанзадад гутлаа сугартал тонгоруулж цувж унасан нутгийн заануудад сэтгэл гонсойсон, Авшай гүн ноёны хошууны Дэмчиг тайж гэдэг хүн тэр газрыг “Долоон зааны хонхор” гэж нэрлэсэн гэдэг.
1933 онд Ээжин Нанзад дөчин зургаатай байхдаа Хөвсгөл аймгийн наадамд тав давж шөвгөрөөд зургаагийн даваанд өөрөөсөө хорин хэд дүү, ид жагссан Галсанжамц гэдэг залууг амлан авч дархан тонгороогоо хийгээд хөл нь гүйцэлгүй сөхөрсөн байна. “Нанзад гуай дунд зэргийн нуруутай, их бяртай хүн байв” гэж Галсанжамц гуай хожмоо дуртгалдаа бичсэн байдаг юм. Нанзад арслангийн хоёр гарын аль нэгнийх нь дөрвөн хуруу хүний суганд орно тэр талаараа тонгороод явчихдаг байсан гэж нутгийн хөгшчүүд шагширч ярих дуртай.
Ээжин Нанзад 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор төрөлх Завхан аймгийн наадамд урилгаар оролцож 74 насандаа зодог тайлжээ. Наадмын хөлийн цэц хавиар аймгийн наадамд энэ ч түрүүлнэ, тэр ч түрүүлнэ гээд бөхийн засуул, үзэгч, бөхийн хорхойтон, бөхчүүлийн дунд ам булаацалдсан бөөн яриа дэлгэрч байж. Хэн нэг нь Нанзад арслангаас “Та хэнийг энэ наадамд түрүүлнэ байх гэж бодож байна” гэж асуухад ийш тийш эрэлхийлэн баахан харж байснаа цолтой бөхийн аманд гарахаар зогсож байсан нэг залууг (Г.Лааганжав) “Энэ л түрүүлэх болов уу” гэжээ. Ээжин Нанзад гуайг ингэж хэлэхэд тэнд байсан улсууд “Энэ өвгөн чинь зөнөчихөж, дөнгөж аманд гарч байгаа хүүхдийг түрүүлнэ” гэлээ гээд шивэр авир гэцгээн урам муутайхан тарцгаажээ. Гэтэл тэр зуны (1961 он) аймгийн наадамд өвгөн арслангийн хэлсэн ёсоор Гүмбэнгийн Лааганжав онцгой сайхан барилдаж түрүүлжээ. Энэ нь Нанзад арслангийн бөх таних талаар гарамгай сайн байсны хамгийн том жишээ болон одоо ч хэлэлцэгдсээр байгаа.
...Намар цаг. Нар жаргах арай болоогүй байлаа. Нанзад арслангийнхаас саахалт хэрийн зайтай газар 30 гаруй тэмээтэй гурав дөрвөн аянчин ирж ачаа хөсгөө буулгаж орон майхнаа барьж байх юм гэнэ. Увс (аймаг) талаас намар болгон давс хужир зардаг наймаачид ингэж явдгийг мэдэх учир эднээс энэ өвлийнхөө уух давсыг олж авъя байз гэж бодоод тэрээр бүсэндээ шуудай хавчуулаад очжээ. Аянчид өвгөнтэй мэнд усаа мэдэлцээд цай уу гэж аяга өгчээ. Өвгөн арслан цай аягалж уух зуураа “Та нар хаанаас хаа хүрч явна вэ” гэхэд майхны баруун талд сууж байсан барилддаг болов уу гэмээр байрын бор залуу “Бид баруун талаасаа зүүн зүг явж байна. Давс, хужрын наймаатай, энэ жаахан давс хужраа идээ цагаа, эмээлийн мод зэргээс өгнө. Харин та барилддаг уу” гэж шуудхан асууж гэнэ.
Нанзад “Одоо надад ямар юмных нь бяр чадал байхав. Залуудаа ч овоо л ноцолдож явлаа” гэхэд нөгөө залуу “Та тэгээд надтай барилдах гэж ирэв үү” гэжээ. Өвгөн:
-Үгүй, үгүй. Надад одоо хүнтэй барилдах чадал ч байхгүй болсон амьтан шүү дээ. Хүү минь ээ, ах чинь та нараас энэ өвөл уугаад онд орчих жаахан давс, юугаар ч байдаг юм бэ, зохих үнээр нь өгөөсэй гэж явна гэхэд нөгөө залуу,
-За, тэгвэл хоёулаа гараад барилдаж орхиё. Тэгээд намайг хаячихдаг юм бол, би танд энэ 30 гаруй тэмээнийхээ ачааг өгч орхиод, хоосон тэмээнүүдээ хөтлөөд буцлаа гэв. Өвгөн:
-Еэ, харлаа. Ахын чинь хөл, гар муудсан, чадал тэнхээ барагдаж доройтсон, муу өвгөн надад одоо хүн хаях бяр яаж байхав дээ! Нас 70 шахаж яваа. Миний дүү нар ахдаа ганц тогоо давс үнээр нь өгчих дөө гэв. Нөгөө залуу “Би танд хэлж байна шүү дээ. Намайг хаяж чадвал энэ хэдэн тэмээний ачааг бүгдийг нь ав. Хэрэв намайг хаяж чадахгүй бол би танд ширхэг ч давс өгөхгүй” гээд буруу хараад хэвтэж орхив. Өвгөн анхандаа энэ надаар тохуурхаж байгаа биз гэж бодоод давс авчих санаатай хэд хэдэн янзаар ярьж үзээд чадсангүй. Үдэш болсон хойно гэртээ хоосон буцаж иржээ.
Өвгөн өглөө аажуу шиг босоод гарч харвал нөгөө аянчид босоогүй бололтой, нам гүм тайван харагдаж байна гэнэ. Өвгөн галаа түлж, цайгаа чанаж уучихаад гарч харвал тэд боссон бололтой утаа нь баагиж байна гэнэ. Өглөөний caйхан тунгалаг агаар, намрын намуухан шар наранд өвгөний сэтгэл нь хөдөлж “ээ чааваас даа” хэмээн амандаа үглээд, өтөлсөн хойноо тэр зэргийн залууд элэг бариулж, доог тохуу нь болж явах ч гэж дээ... Хэдийгээр ядраад ядраад тэр зэргийн хархүүд арай ч уначихгүй биз гэсэн бодол өвгөн арслангийн толгойд зурс- хийжээ. Домогт бөх Ээжин Нанзад шалавхан гэртээ орж, том ширэн богцондоо өмсгөлөө хийж мөрөн дээрээ тавиад зориг шулуудан аянчдын зүг алхжээ. Нанзад арслан “Дүү нар сайхан унтацгаав уу” гэхэд нөгөө залуу “Сайн унтлаа, та сайн унтав уу. Надтай барилдахаар ирэв үү?” гэв. “Үгүй үгүй, ах нь ганц тогоо давс л горьдож явна” гэсэнд,
-Би өчигдөр орой барилдаад намайг хаявал танд давс өгнө гэж хэд дахин хэлсэн шүү дээ. Яаж хэлбэл мэддэг хүн болж байна даа, та. Намайг л хаяж чадахгүй юм бол давс горьдох хэрэггүй гэжээ. Өвгөн “За тэгвэл хоёулаа нэг барилдсан болж үзье дээ” гээд дээл, хувцсаа тайчиж, ширэн богцноосоо зодог шуудгаа гаргаж өмсөхөд, нөгөө залуу ч хойш эргэж өмсгөлөө гарган өмсчээ.
Өвгөн майхнаас гараад шуудайтай давсан дээр малгайгаа тавьж орхиод дэвсэн болж хэд алхаад эргээд харвал, нөгөө залуугийн малгайг нэг нөхөр нь аваад “Тэр бөх хэний хэн бэ?” гээд тавьж байна гэнэ шүү. Залуу ч эрчээрээ ухасхийгээд өвгөнийг сэнждээд авахаар нь өвгөн ч хэзээнийхээ сурцаар эргээд тонгорсонд залуу пид гээд өвгөний урд нь чанга гээчийн унажээ. Өвгөн залууг татаж босгочихоод таг дуугүй, майхных нь дэргэд очиж өмсгөлөө тайлж хувцаслаад, зодог шуудгаа бүсэндээ хавчуулчихаад нэг шуудайтай давсны амыг тайлж богц руугаа хийхэд нэг тал нь дүүрээд нөгөө тал нь арай дундаа оролгүй давс дуусчихав гэнэ. Шуудайг нь шидэж орхиод бас нэг шуудайтай давсны ам тайлж богцоо дүүргэж аваад нөгөө залууд “За дүү минь! Чи залуу хүн. Алтан замаар хаа ч явж болно. Гэхдээ над шиг ядарсан хөгшин хүнийг битгий ингэж басаж тохуурхаж бай. Би одоо л ингэж нас болсон болохоос биш, залуудаа халх даяар алдартай “Ээжин Нанзад” гэж явлаа. Ахад чинь энэ олон тэмээний ачаа хэрэггүй. Энэ л болно. Овоо давстай боллоо” гээд богцтой давсаа мөрөн дээрээ тавиад гэр рүүгээ алхсан гэдэг.
Энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа бас нэг сонин тохиолдол болжээ.
Тэр нутгийн хоёр залуу сумынхаа наадамд үзүүр түрүүнд шөвгөрчихөөд “Одоо ч бид хоёр барилдаад байх болчихжээ. Харин Нанзад гуайгаараа ганц нэг мэх заалгаад авбал ч бөх болж болмоор юм байна шүү” гэж ярилцаад Нанзад арслангийнд иржээ. Дал гарсан настай, ганц бие өвгөн хоёр залууг ирэхээр нь гал түлж суугаагаараа зуухан дээрээ цай чанах гэж устай 10-ын (литр) бидоны амны ирмэгнээс эрхий долоовор хоёр хуруугаараа чимхэж аваад тогооны ирмэгнээс хөндий тонгойлгон усаа хийж байхыг нь харж суусан хоёр залуугийн нэг нь өөрийн эрхгүй “паах” гэж дуу алджээ. Тэгээд тэр хоёр юу ч асууж чадалгүй унд уугаад явцгаасан гэдэг. Харин гэртээ ирээд устай тавын бидоныг тэгж чимхэж бариад тогоо руу тонгойлгож чадалгүй, харин хоёрын бидонтой усыг дөнгөн данган дааж байсан гэдэг. Бүр хожим хойно Нанзадыг өвгөн болсон үед хэсэг залуучууд бяр тэнхээг нь үзэх гээд “Таныг ууттай 70 килийн (кг) гурилыг трактор дээр шидэж гаргавал шанд нь нэг уут гурил өгье” гэхэд хөл муудсан болохоос биш болмоор бодогдоод, “Зогсож байгаад шидвэл хөл муу учир уначих байх. Харин өвдөглөж сууж байгаад мөрөн дээгүүрээ шидэж трактор дээр гаргавал болох уу” хэмээн батлуулж аваад ууттай гурилын хоёр чихнээс нь татаж сийгүй шидчихээд сав гурил авсан байна.
Нанзад ааш зан сайтай, орсон гарсан хүнд унд устай, яриа хөөрөөтэй, тохитой намбалаг сайхан хүн байсан гэдэг. Тэр хоол цай сайхан хийж чаддагаараа бөхчүүдийн дунд гайхагдаж “ээж” нэрийг олж олон түмэндээ “Ээжин Нанзад” хэмээгдэх болжээ.
Нанзад тарчиг амьдралаасаа болж Хан Богдын ар, Хатан Туулын хөвөөнд болдог Улсын баяр наадам-Даншигт олон удаа барилдаж чадаагүй аж. Нэг удаа бас л хүний унаа гуйж байж Даншигт ирж барилдаад дөрөв даваад улсын цолны даваанд Луу гүний (одоо Архангай Батцэнгэл сум) Г.Вандан аваргад өвдөг шороодсон байдаг.
Ээжин Нанзадын удмынхнаас Нүрзэдийн Дугар (жинхэнэ овог нь Лхагважав) гэж арал чац багатай ч дөрвөн мөчиндөө хүүхэд насандаа баймааргүй бяртай нэгэн 1960-аад оны эхээр Б.Түвдэндорж аваргын бөхийн секцэнд Спортын төв ордонд хичээллэдэг байж. Албан бусаар зохион байгуулагдсан өсвөрийн бөхчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан бөгөөд түүний тухай “Ээжин Нанзадын удамт Сээрэн дугуй Дугар” нэртэй радио найруулал Монголын радиогоор явсан байдаг. Тэр Нүрзэдийн Дугар яагаад цаашид барилдалгүй сураг алдрав, одоо хаана байна гэж бид эрэл хайгуул болсон юм. Түүний уугуул нутаг Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс сумынхан “Тэр хүүхэд байхдаа барилддаг байсан Н.Дугар чинь сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ноднин орохдоо нэрээ нууцлаад байсан цагаан масктай хүн ш дээ. “Сээрэн дунгуй Дугар” радио нэвтрүүлгээр түүнийг хавирга нь хоорондоо зайгүй, битүү цээжтэй гэж зохиогч нь өгүүлж байв. Тухайн үед радиогийн нэвтрүүлэг хэд хэд давтаж явна. Манай сумынхан айл, албан газар бүрт байсан шугамын радио “Север”-ээр чих тавин чагнаж байж билээ. Дараа нь магадлахад битүү цээжтэй гэдэг огт худлаа, зохиогчийн хэтрүүлэг байсан. Н.Дугар барилдаж байгаад цагаан цоройндоо гэмтэл авч Б.Түвдэндорж аваргын бөхийн секцээсээ гарч, цаашид дахиж барилдаагүй” гэж ярьж байна.
Харин Ээжин Нанзадын төрсөн дүүгийнх нь охиноос гарсан хүүхэд Базаргүрийн Бадамсүрэн нь 24-тэйдээ 2014 оны Улсын баяр наадамд одтой сайхан барилдаж Улсын начин цолонд хүрсэн.
Тэрбээр 2010 онд Завхан аймгийнхаа баяр наадамд 256 бөхөөс долоо даван үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн. 2014 оны Бүх цэргийн баяр наадмаар аймгийн арслан Ч.Ганзоригоор (2015 оны улсын начин) найм даван түрүүлж, цэргийн арслан цол авч хэдхэн хоногийн дараа болсон Улсын баяр наадмын хоёрын даваанд аймгийн арслан Б.Бат-Амгаланг, гурвын даваанд улсын харцага Ж.Амартүвшинг, дөрвийн даваанд улсын заан Б.Соронзонболдыг, тавын даваанд улсын арслан Б.Ганбатыг давж Монгол Улсын начин болсон. Тэрээр Монголын залуучуудын холбооноос жил бүр Улсын баяр наадамд шинээр цол авсан хамгийн залуу бөхөд олгодог шагнал - хурдан удмын даагаар мялаалгасан юм.
Үндэсний шуудан сонин