Ногоон гэрэл ба Xулгайчдын эх орон
2017/09/28
Анхны цасан шуурга аравдугаар сараас өмнө тохиож үхэр мэт тайван амгалан суурьшмал амьдралтай “нүүдэлчин” ард түмэнд хахир өвөл айсуйг зарлалаа. Монголчууд та бидний уур бухимдлыг дунджаар зургаан сарын туршид дээд цэгт нь хүргэдэг агаарын бохирдол, замын халтиргаа гулгаа, түүнээс улбаалан нэмэгдэх замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл ч мөн адил хаяанд ирсэн байна.
Бидэнд тулгамдаж буй асуудлын тоо ямартай ч өвлийн улиралд хэд дахин нэмэгддэг. Энэ бүхэн асуудал шийдвэрлэх чадамж дорой байгааг илтгэх төдийгүй алсын хараа гэгч зүйлээ гээсэнтэй холбоотой. Дээр дооргүй л аливаа асуудал тулгамдахад түүний уг үндсийг судалж, нэгмөр шийдвэрлэхийн оронд тухайн асуудал эрчээ алдан намжтал аргацаадаг хандлага Монгол Улсад тогтоод хэр хугацаа өнгөрч байгааг таашгүй. Ямартай ч нэгэн таамаглал дэвшүүлье, та бид бүгд хулгайч болчихож, эх орон минь хулгайчдын үүр болоод хувирчихаж.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 зүйлд хулгайн гэмт хэргийг дараах байдлаар тайлбарласан байдаг. Аливаа хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол үүнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Түүнчлэн учруулсан хохирлын хэмжээ, арга барил, хэв маягаас хамаарч харилцан адилгүй хариуцлага хүлээх аж. Энэхүү гэмт хэрэг дотроо автотээврийн хулгай, малын хулгай, бүүр цаашлаад хүний хулгай гэхчлэн олон төрөлд хуваагддаг агаад та бид энэ бүхнээс хэд дахин ноцтой хулгайн гэмт хэрэгт нийтээрээ холбогджээ. Та яг одоо үүнийг уншиж суухдаа би ямар ч гэмт хэрэгт холбогдоогүй, утгагүй юм гэхчлэн бодож байж магадгүй. Тийм ээ, таны зөв. Та Монгол Улсын хуульд бичигдсэн хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Гэхдээ хуульд бичигдээгүй, шүүхээр шийдэгддэггүй хэрнээ учруулж байгаа хохирлын хэмжээ болон цар хүрээ нь тасралтгүй нэмэгдэж байгаа гэмт хэрэг байвал яах вэ. Замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиогоор тайлбарлья.
ГУРВАН ГЭРЭЛ БА АСУУДЛЫН ГОЛОМТ
Замын хөдөлгөөн зохицуулахад улаан, шар, ногоон өнгийн гэрэл бүхий босоо буюу хэвтээ байрлалтай дохио хэрэглэдэг. Эдгээр гэрэл тус бүр тодорхой утга агуулна. Хамгийн анх 1868 онд Лондон дахь парламентийн ордны урд талын замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд цахилгаан бус гэрлүүд суурилуулж байсан гэнэ. Түүнээс өмнө 1722 оны Лондонд гурван офицер замын хөдөлгөөнийг зохицуулж байсан нь гэрлэн дохиог үндэслэх анхны санаа болсон ч гэж ярьдаг. Жолооны дамжаанд суусан хүн бүр улаан гэрэл ассан тохиолдолд хөдөлгөөн хязгаарлагдана гэж уншиж байсан нь лавтай. Харамсалтай нь, жилд 100 мянга гаруй дуудлага, 40 мянга гаруй зам тээврийн осол замын цагдаагийн газар бүртгэгддэг нь монголчуудыг маруухан жолооч гэхээс илүүтэйгээр хууль, дүрэм сахиж чаддаггүй этгээдүүд гэдгийг илэрхийлж байгаа юм. Манай өгүүлэмж автомашины осол бус, тэрхүү ослыг үйлдэгч монгол хүнд чиглэж байгаа учир гол асуудалдаа оръё. 2015 оны статистик мэдээгээр зам тээврийн 45161 осол бүртгэгдсэнээс 41387 нь нийслэл Улаанбаатар хотод гарсныг үзвэл асуудлын голомт яах аргагүй энд байгаа бололтой. Монгол Улсын нийт хүн амын талаас их хувь нь амьдардаг, ДНБ-ий 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг, төр захиргааны байгууллагууд бүгд чихцэлдэн орших энэ 4704 км квадрат газар нутагт юу эс харагдах билээ. Харин хэнийг, бас юуг эндээс хамгийн ихээр харж болох вэ. Улаанбаатар хотод монгол хүн хууль дүрмийг уландаа гишгэж байгааг та бид алхам тутамдаа харж болно. итгэхгүй бол замын хажуугаар таван хором алхаад үз. Орон нутгийн хүн ам төвлөрсөн газруудаас бусдаар хүний бараа сураг гарахгүй тул асуудал их олдоно гэж найдах хэрэггүй.
Улаан гэрэл - Асуудал
Улаан гэрлэн дохио буюу түүний анивчих нь замын хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрлэн дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрлэн дохио асах гэж байгааг анхааруулна. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, улаан гэрлээр зам хөндлөн гарснаараа тухайн иргэн өөртөө цаг хожиж байгаа хэрэг. XXI зууны ертөнцөд цагийг баялагт тооцдог. Тиймээс тухайн этгээд хууль дүрмийг зөрчиснөөр өөртөө баялаг бүтээх боломж бүрдүүлж байна гэсэн үг. Үүнийг дээр дурдсанчлан хулгайн гэмт хэрэгт тооцно. Уг гэмт хэрэг нийгэмд эдгэшгүй сорив үлдээдгийг анхаарагтун. Хэн бүхний нүдэнд ил явагддаг гэмт хэрэг тул бусад гэмт хэрэг үүдэх сэдэлжүүлэлт болоод зогсохгүй, хууль дүрмийг үнэгүйдүүлж нийгмийн үнэт зүйлсэд шууд, мөн дам байдлаар халддаг. “Машин байхгүй байна”, “хэн л мэдэв гэж”, “хэн ч хараагүй юм чинь яадаг юм” гэсээр цаашдаа “мэдсэн ч яадаг юм” болтлоо хулгайн энэ төрөл даамжирдаг байна. Зам хөндлөн гарч байгаа ЕБС-ийн сурагч хүүхэд л нийгмийнхээ үнэт зүйл, баялагт ийм хор хохирол учруулж байхад төрийн эрх мэдэлтнүүд, томоохон бизнес эрхлэгчдийн хулгайн тухайд ярих юм биш. Улстөрчдийн хулгайг нэрлэхэд хүний амьдрал хүрэлцэхгүй, тэр тухай мэдсэн ч бид яах билээ. Гэхдээ улстөрчид ард түмэн, иргэдээс үүсэлтэй тэдний бүтээгдэхүүн. Тиймээс иргэд эхлээд хулгайч гэдгээ ухамсарлаж, нийгмийн үнэт зүйлийг хүндэлж гэмээнэ гэмт үйл хэргийн төгсгөл тавигдана. Тэр болтол манай нийгэмд улаан гэрэл дарамттай гэгч нь ассаар л байна.
Улаан гэрлээр, гарцгүй газраар зам хөндлөн гардаг бидний нэгэнт тоохоо байсан үйлдлийг дүгнэн шинжилвээс Монгол хүний чөлөөт нүүдэлчин сэтгэхүйд, “өргөн уужим” санаанд хууль дүрэм, цаашлаад ёс суртахуун хэтэрхий жижигддэг бололтой юм. Хүүхэд, хөгшидгүй машин харж байгаад зам хөндлөн гараад гүйчихдэг. Эндээс л хамгийн ноцтой гэмт хэргийн сэжүүр харагдана. Монголчууд та бид нийгмийн үнэт зүйлийг бүрдүүлдэг хууль дүрэм, хэв журам, ёс суртахуун, хамтын материаллаг мөн оюуны баялаг болох ёс суртахууныг хулгайлж уучилж өршөөхийн аргагүй гэмт хэрэг үйлдэгчид. Монголчуудын дийлэнх нь нийгмийн баялаг, үнэт зүйлээр мэргэшсэн хулгайчид. Дээр дооргүй, хамгийн харамсалтай нь зогсолтгүйгээр, хэмжээ хязгааргүйгээр хулгайлж байгаагаа мэдэхгүй нэг нь байхад мэдэж байгаа нь ч бас бий. Тэр бол жинхэнэ аймшиг. Жишээ дурдахад, 1996 оноос эхэлсэн өмч хувьчлалын үеэр үзэн ядалтын гол бай болж чичлэгдсэн социалист системийн ачаар бүтсэн үйлдвэрүүдийг чухам тэдгээр үзэн ядагчид өөрсдийн болгосныг эрх биш хүмүүс мартаагүй болов уу. Ер нь эх орноосоо, нийгмээсээ хулгай хийх замнал тэндээс л эхэлсэн. Одоо Монголын нийгэмд үнэт зүйл үлдсэн юм уу, хууль дүрмийг хүндлэн дагах хүн байгаа юу.
ШАР ГЭРЭЛ – ГАЦАА
Шар гэрэл нь гэрлэн дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд дүрэмд зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглож байгааг илтгэнэ. Энгийнээр бол анхаар гэсэн тэмдэглэгээ. Явган зорчигч ч тэр, жолооч ч тэр анхаарлаа дээд зэргээр хөвчилж, үйлдлээ цэгнэх ёстой тийм үеийг энэ гэрэл илэрхийлнэ. Асах хугацааны хувьд нөгөө хоёроосоо харьцангуй богино байдгийг энд санана уу. Сонирхуулахад, улаан гэрлийг хайхралгүй зам хөндлөн гардаг хүмүүс шар гэрэл харахаараа бага зэрэг гайхасхийн зогсдог юм. Энэ бол зам хөндлөн гарч нийгмийн хэв журмыг зөрчих үү, эсвэл ногоон гэрлийг хүлээж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үү гэсэн сонголтын торгон мөч. Үүнтэй яг адилаар өнөөгийн Монголын нийгэмд шар гэрэл анивчиж эхлээд байна. Ард иргэд нийтээрээ нөхцөл байдал “нэг л биш” байгааг, улстөрчид ч нийгэм “нэг л биш” байгааг анзаарч эхэлжээ. Сонгуулийн ирц жилээс жилд буурч, иргэд хэнийг ч дэмжихээ болиод ирэнгүүт, Засгийн газрын өрийн хэмжээ тэрбум тэрбумаар яригдаж, айдсын харанга дэлдэх болсон учир арга ч үгүй биз. Нэг үеэ бодвол эрх баригчдын үйлдэл олны нүднээс далд байх боломж харьцангуй багассан. Ямарваа буруу үйлдэл хийх аваас мэдээллийн технологийн асар өндөр хурд түүнийг өршөөх ч үгүй. Тиймээс нийгмийг удирдан чиглүүлэгчдийн хувьд одоо л яг дорвитой шийдвэр гаргаж, нийгмийн хулгайг зогсоох цаг нь. Эс бөгөөс өмнөх түүхээ давтаж, нэг мөсөн түүхээс арчигдах замаа засна. Нийгмийн үнэт зүйл хоосрохын хэрээр нийгмийн гишүүдээс сайн сайхныг хүсэх, хүлээх шаардлага үлдэхгүй л болов уу даа.
НОГООН ГЭРЭЛ – ШИЙДЭЛ БАС ИРЭЭДҮЙ
Ногоон гэрэл ассан үед замын хөдөлгөөнөөр чөлөөтэй зорчих эрх нээгдэнэ. Энэхүү эрх нийгмийн эмх цэгц, хэв журмыг батжуулахын тулд хуулиар баталгаажиж, дүрмээр хамгаалагдсан. Ногоон гэрэл асна гэдэг юуны түрүүнд сайны тэмдэг. Яагаад сайн гэж тодорхойлдог вэ гэхээр тогтвортой, аюулгүй байдлыг илэрхийлдэг учраас тэр. Зөвшөөрөгдсөн хэм хэмжээг баримталж, хууль дүрмийг дагана гэдэг нийгмийн суурийг батжуулах гол алхам гэдгийг та бид харамсалтай нь анзаардаггүй, нийгмийн хандлага үүнийг ухамсарлах завдал олгодоггүй. Шударгаар хөдөлмөрлөж, бүхий л тохиолдолд “ногоон гэрэл”-тэй үед асуудлыг шийддэг нийгмийн гишүүд бялуу хүртэхдээ хамгийн бага хувийг хүртдэг. Ихэнх нь “улаан гэрэл”-ээр зам хөндлөн гараад хамаг баялгийг хуваагаад авчихаж байхад тэд үлдсэнийг нь гололгүй хүлээн авдаг шүү дээ. Тэдгээр гишүүддээ нийгэм талархах ёстой. Тэдний ачаар л нийгмийн амьдрал хэвийн үргэлжилж, Монгол Улсын төлөөх итгэл найдвар, ирээдүй унтраагүй, бас бүдгэрээгүй байна.
Нийгмийн хөгжлийн үе шатаар ангилан үзвэл Монголын нийгэм харьцангуй залуу, эрч хүчтэй. Харин иргэншлийн хөгжлөөр дүгнэвэл эсрэгээр, сулран доройтсон үедээ Монгол үндэстний иргэншил явж байгаа. Бидний уламжлал, нийтэд тогтсон хэв маяг хоцрогдож, ялзарсан ч цаашдаа манай нийгэм хөгжих ирээдүйтэй гэсэн үг. Чухам ийм хүчтэй эсрэгцэл оршин бүхий цаг үед амьдарч байгаа нь та бидний өмнө Монгол үндэстнийг, Монголын нийгмийг тогтворжуулах эс бөгөөс сөнөөх гэсэн ирээдүйг шийдэх асар хүнд, өндөр хариуцлагыг үүрүүлж байна. Бид хэрхэн үүргээ биелүүлэх вэ гэвэл маш амархан. Ердөө л ногоон гэрлээр зам гараад сурчихад эхний ээлжинд асуудал шийдэгдэж эхэлнэ. Хууль дүрмээ дагадаг, хүндэлдэг иргэдийн дундаас яг л тийм төлөөлөл тодрон гарч нийгмээ батжуулах алхмуудыг хийх болно. Маш амархан, ногоон гэрлээр л зам гарч байя.
Үндэсний шуудан сонин