Өөр ардчиллаас жинхэнэ ардчилал руу
2017/10/02
27 жилийн тэртээ манай улсад Монголын ардчилсан холбоо байгуулагдаж, эрх баригч МАХН-ыг сөрөн зогсох улс төрийн хүчин бий болсон билээ. Тэд хэд хэдэн жагсаал цуглаан зохион байгуулж, олон намын тогтолцоог бүрдүүлэх, хүний эрхийг дээдлэх, Ардын их хурлыг жинхэнэ парламент ёсны үндсэн дээр зохион байгуулах, сонгуулийн тогтолцоог шинэчлэх зэрэг асуудлыг эрх баригчдаас шаардсан. Үр дүнд нь Монгол Улс 1990 оноос бүрэн бие даасан, ардчилсан, эрх чөлөөт улс болсон.
Хоёр жилийн дараа буюу 1992 онд улс төрийн тогтолцоог шинэчлэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр ардчилсан хувьсгал бүрэн ялалтад хүрч ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн. Ардчилалтай хамт манай оронд олон ололт амжилт нэвтэрсэн ч гэлээ, сүүдэрт нь мөн алдаа дутагдал “үүрлэсэн” гэхэд хилсдэхгүй. Учир нь 25 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуулиа батлахдаа парламентын улсын стандартаас зөрүүлж хийсэн буруу өрөлт бийг туршлагатай хуульчид болон судлаачид хэлдэг. “Эцэг хууль”-ийн зарим үг, өгүүлбэр манай засаглалд сөрөг нөлөө үзүүлж буйг их бага хэмжээгээр улстөрчид болон хуульчид ч хүлээн зөвшөөрч эхэлжээ. Ардчилсан нийгмийн хамгийн том чөдөр бол муу засаглал гэж үздэг. Үүнээс үүдэн авлига газар авч, улс төрчид хувьдаа ихээхэн баялагтай болдог.
УИХ Үндсэн хууль батлагдсанаас хойш 2000 онд л нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэхдээ уг өөрчлөлтийн талаар иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэсэн төдийгүй төрийн эрх мэдлийн хямралыг гүнзгийрүүлсэн гэсэн шүүмжлэл дагуулж, “дордуулсан долоон өөрчлөлт” гэгдэх болсон. Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад Монгол Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байсан юм.
Дордуулсан долоон өөрчлөлтийг тус бүрийг нь нэрлэвэл:
1. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа 50-иас доошгүй өдөр чуулж байх” өөрчлөлт оруулжээ. Ийн гишүүдийн хуралдах хугацаа багассан.
2. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Үндсэн хууль бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганы хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулж, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж нэмсэн нь УИХ-ын гишүүд чуулгандаа ирэх нь ховордсонтой холбоотой өөрчлөлт болсон.
3. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь өнөөдөр үүсээд буй “давхар дээл”-ийн асуудлыг бий болгосон гэсэн.
4. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.2-т “УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” гэснийг “УИХ-д олонх суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл, бусад нам, эвсэлтэй зөвшилцөж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлж УИХ-д суудал авсан нам, бусад нам эвсэлтэй зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” гэж өөрчлөн найруулсан.
5. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг эхний хэсэг хэвээр ”УИХ-ын тухайн сонгуулийн үр дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэж нэмсэн нь гишүүд саналаа ямар ч хавчлагагүй, чөлөөтэй гаргах эрхийг хязгаарласан. Бүлэггүй гишүүний дэд даргаар сонгогдох эрхийг хассан гэх шүүмжлэл дагуулсан.
6. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ” гэснийг эхний хэсэг хэвээр үлдээж, “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн хоёр дахь хэсгийг нэмсэн. Хэрэв санал зөрвөл Ерөнхийлөгчийн “дээгүүр алхах” эрхийг 2000 оны нэмэлтээр нээж өгсөн.
7. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсвэл энэ шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийн тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайдыг томилох томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн дугааргүй хэсэг нэмсэн.
Үндсэн хуульд ахин өөрчлөлт оруулах галт тэрэг хэдийнэ хөдлөөд эхэлсэн бөгөөд энэ удаад Засгийн газрын чадамж, дархлааг сайжруулах, Ерөнхий сайдыг бүрэн хариуцлага хүлээдэг болгох, дордуулсан долоон өөрчлөлтийг засах зүйл заалт тусгаад буй. Учир нь манайд Ерөнхий сайд томилогдож тамгаа авсан цагаасаа эхлэн УИХ-ыг царайчлах болдог. Ерөнхий сайд нь танхимаа бие даан бүрдүүлж, ажлаа хийж чадахгүй байгаа зарим сайдыг буцаах бодит эрх мэдэл байхгүй. Сайд нарыг томилох, чөлөөлөх бүрт УИХ-аас хараат байж, Засгийн газрын гишүүн бүрийг парламентаар хэлэлцүүлэн дэмжүүлдэг. Мөн УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй буюу ердөө 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, уг саналыг парламентаар хэлэлцүүлэн дэмжихэд нэгдсэн хуралдаанд гишүүдийн олонх буюу 39 гишүүн оролцож, тэдний 50-иас дээш хувь буюу УИХ-ын нийт гишүүдийн 20 нь санал өгөхөд Засгийн газар унах боломжтой. Мөн эрх барьж буй нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа бурууг Засгийн газартаа тохож, огцруулсан түүх манайхаас өөр ардчилсан улсад байхгүй л болов уу. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өнгөрсөн хугацаанд өөрчлөлт орж буй бүлгүүдтэй холбогдуулан салбар салбарын төлөөллөөр хэлэлцүүлж, олон нийтийн саналыг авсан. Өнөөдөр нээлтээ хийж буй УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 20 орчим хуулийн төслийг шийдвэрлэхээр багтаасан. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл багтаж байгаа юм.