XIX зууны сүүлч XX зууны эхээр Халх Монголын олон аймаг хошуунд Манж чин улсын эрхшээл дарлалыг эсэргүүцсэн улс төр, эдийн засгийн томоохон хөдөлгөөн гарах болсны нэг нь Сэцэнхан аймгийн Ачит вангийн хошуунд олон жил үргэлжилсэн заргын хэлбэртэй олон түмний хөдөлгөөн тэмцэл байлаа. Сансрайдорж хошууны засаг ноён болсныхоо дараа (Ачит вангийн засгаар 1898-1918 хүртэл ажиллаж байсан байна. Ш.П) эцэг Лаваанрэгзэнгийнхээ тавьсан өрийг төлөх нь бүү хэл, харин ч дээр нь хэдэн булсан лан мөнгөний өрийг хятад худалдаачдад нэмж тавьсан учраас мөнгө хүүлэгчид шинэ хуучин өрөө түүгээр төлүүлэхээр шаардахад, Сансрайдорж тэдний эсрэг хошууныхаа ард олныг турхиран босгож өрийг төлөхгүй хэмээн мөчөөрхөлдсөн гэдэг. 
Удалгүй Самсрайдоржийн хошууны ардын хөдөлгөөн өвөр Монголын Э.Тогтох тайжийн хөдөлгөөнийг дэмжсэн, Манжийн эсрэг дарангуйллыг эсэргүүцсэн бослого болон дүрэлзэж, ардын уур хилэн бадран босч хятадын худалдаачин, мөнгө хүүлэгчдэд шууд халдан, тэднийг өөрсдийн гол дайснаа хэмээн үзэж 2-3 хоногийн дотор хятадын 40 гаруй пүүсийг сүйтгэн, 200 гаруй худалдаачинг нутагаасаа хөөн гаргаж, өрийн дансыг нь шатааж, мал хөрөнгийг нь хуваан авсан байна. 

Гэсэн хэдий ч энэ бослогын үр дүн эцэстээ сайнаар эргэсэнгүй, харин ард олонд хүнд дарамт болон эргэж, улам өрөнд оруулан бослогыг удирдсан Ванжилыг хөвчдөн, дөрвөн хүнийг цавчин алж, нийт 18 хүнийг хятадын бөглүү нутагт цөлөх гэх мэтээр нилээд хүнд ял бусдад нь тулгаж ялласан ажээ. 
1905 оны 7-р сард Сансрайдоржийн хошууны тайж, ард нийлсэн 85 хүн хятадын худалдаачдад тавьсан засаг ноёны өрийг төлж чадахгүй хэмээн заргын дугуй бичиг үйлдсэний дотор нийтлэлийн маань гол баатар Л.Гомбо-Идшин гүн оролцсон байдаг. Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, эх оронч, үндэсний дэвшилтэт үзэлтэн, төрийн томоохон зүтгэлтэн, Монголын анхны дипломатчдын нэг Лхасүрэнгийн Гомбо-Идшин XV жарны хар нохой жил буюу 1862 онд Халхын Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны нутаг Баянбулагийн Цагаандэрст хэмээх газар Чингис хааны алтан ургийн шууд удмын Махасамади далай цэцэн хан Шолойн 9-р хүү Далай жонон бэйс Анандын 7-р үеийн дөтгөөр зэрэг тайж Самдандоржийн Бадамдоржийн хоёрдугаар хөвүүн болон мэндэлжээ. (Гомбо-Идшин гүнгийн аав нь бол гарцаа байхгүй Бадамдорж тайж бөлгөө. Чухам яагаад Лхасүрэнгийн гэж овоглох болсон нь тодорхой бус. Харин ШУ-ны доктор хурандаа Д.Гомбосүрэн абугай ”... Эцэг нь нэрээ сольсон буюу сахилын нэр, эсвэл Гомбо-Идшин айлд өргөгдсөн байж болох юм” гэсэн байдаг. Ш.П)

Залуу Л.Гомбо-Идшин өсөх бага наснаасаа нутгийн өвгөн бичээч Билэгт гэдэг эрдэмт хүнд шавь орж, уламжлалт гэрийн боловсрол эзэмшин харъяат хошууныхаа тамгын газарт тал бичээч, бичээчээр ажиллах болсноор төр, цэрэг, дипломатын зүтгэлтэн болтлоо ажил амьдралын ихээхэн нугачаат замыг туулсан байна. Түүний эцэг, эх болон бага, идэр настай холбоотой баримт сэлт үнэхээр ховор байдаг бололтой юм билээ. 

1911 оны дунд үе хүртэлх хугацаанд Монголын ноёд ихэс дээдсийн Манжийн ноёрхолыг эсэргүүцсэн тэмцэл нь бүхэлдээ заргын шинжтэй байсан бөгөөд Манжийн төрөөс явуулж байсан “Шинэ засгийн бодлогын” эрчийг сааруулах, алтны уурхай нээж, газар хагалбарлан тариалах зэрэг зарим ажлыг нь тасалдуулан зогсоох, Шинхуа цэргийг буцаан татуулах, Монгол дахь Манжийн сайдуудын ёс бус үйл ажиллагааг илчлэн, Манжийн Засгийн газар, Монгол дахь манжийн амбаны хоорондох ажиллагааг завсардуулахад гол анхаарлаа хандуулж байв. 

Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг шинэ шатанд гарган улс төрийн шинжтэй болгох, удирдан зохион байгуулах ажлыг зохицуулах зэрэг томоохон байгууллага зүй ёсоор шаардлагатай болсонтой холбогдуулан 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 10-нд Богдын зарлигаар Халхын хүрээний газрын Бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх Газрыг байгуулж, бүрэлдэхүүнд нь түшээ гүн Т.Чагдаржав, бэйл Ц.Гомбосүрэн, бэйс Г.Гомбосүрэн, Жүн ван Г.Цэрэнсоном, туслагч гүн М.Намсрай, Да лам Цэрэнчимэд, Чин ван М.Ханддорж нарыг оруулан Түр ЗГ-ын шинжтэй ажиллуулж, ҮЭЧХ-ний бэлтгэл ажлыг хангуулж байсан бөгөөд энэ түр ЗГ-ын гишүүдийн удирдлаган дор тухайн үеийн бичиг үсгийн өндөр чадвартай Монголын олон сэхээтнүүд ажиллаж байсны дотор залуу тайж Гомбо-Идшин гүн байсан байна. 

Ийнхүү Гомбо-Идшин Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн давалгаанд эргэлт буцалтгүй татагдан орж, Монгол эх орон, ард түмнийхээ аз жаргалант ирээдүйн төлөө амьдралаа зориулсан ухамсарт их үйлсийнхээ гол гарааг эхлэжээ. 

1911 оны цагаагчин гахай жилийн ҮЭЧХ биелэлээ олж, Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, олон түмний магнай тэнийсэн 12-р сарын 29-ны өдөр Наран гэрэлт шашин төрийг хослон баригч Богд эзэн Жавзандамба хутагт улс төрийг байгуулахад идэвхийлэн оролцож, үнэн санаагаар чармайн зүтгэсэн хан, ван, ноёдыг дараалан түмэн албат дор хишиг тараах зарлиг буулгасны дотор “:...гүнгийн зэрэг захирагч тайж Гомбо-Идшинг урьд мээрэн зангийн тушаал бүхий дор” энэ удаа отго шагнасан байна. Тун удалгүй түүнийг 1913 оны хавар цэргийн яамнаас “үнэн санаагаар зүтгэж, онц баатарлаг явсан учир хөхүүлэхийг гуйж” айлтгасан дор Хичээнгүй баатар цол, үе улиран дэд зэрэг шагнажээ. (Баатар цолд тодорхойлсон, түүний гавъяаг тэмдэглэсэн бичиг одоог хүртэл олдоогүй бололтой. Зөвхөн Богдын зарлигийг иш болгодог.Ш.П) 1915 оны Хиагтын гурван улсын “Эрх тэгш бус” хэлэлцээрийн шийдвэрийг зөвшөөрснөөр Богд гэгээнд гомдсоноо илэрхийлж, эсэргүүцэн боссоноор Өвөр Монгол руугаа буцсан шударгуун баатар, харчин гүн Бавуужавын цэргүүд 1917 оны 8-р сар гэхэд Монголын Дорнод хязгаарт үймээн самуун дэгдээж эхлэсний учир тэдэнтэй байлдах цэргийг Монголын засгийн газар гаргаж, Хатанбаатар Магсаржав, Түрэмгий баатар цахарын гүн Баяр нарт захируулан мордуулсан байна. Энэ цэргийн бүрэлдэхүүнд Гомбо-Идшин гүн ЗГ-ын шийдвэрээр бүгд захирах даргын албан тушаалд томилогдон 1000 цэрэг захиран Дорнод хязгаарын Гурван баян зэрэг газрыг сэргийлэн хамгаалахаар явжээ. 

Зүүн хязгаарыг тохижуулахад Л.Гомбо-Идшингийн байгуулсан гавъяаг Богд хаан өндрөөр үнэлж “Долоодугаар оны (1917 он) өвөл цаг Зүүн хязгаарын цэргийн сайдуудын газраас бичиг цэргийн албанаа чармайн зүтгэж, зах хязгаарыг үнэн санаагаар батлан сэргийлсэн тухай хөхүүлэхийг гуйж айлтгасан дор үе улиран тэргүүн зэрэг тайж шагнажээ. Мөн цагт улсын санд мөнгө хариулан өргөсөн учирт зарлигт нэг тэмдэглэсэн зэрэг шагнажээ” гэсэн байдаг. Хичээнгүй баатар Дорнод хязгаар тайван болсны хойно цэргийн хамт бууж, Нийслэл хүрээнд ирээд Цэргийн яаманд эх зохиох, түшмэлээр томилогдсон байна. Уг албан тушаалд томилогдсоныхоо дараа Гомбо-Идшин орон нутгийн цэргийг зохион байгуулах тэднийг цэргийн эрдэмд сургах сургалтыг сайжруулах зэрэгт анхаарлаа хандуулж, хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргуулж байсан байна. 

Цэргийн шинэчлэлийг хийхэд оруулсан түүний хувь нэмрийг Богд хаант Монгол улсын Засгийн газар өндрөөр үнэлж Гомбо-Идшид улс туслагч гүнгийн зэрэг шагнажээ. Энэ үеэс эхлэн Гомбо-Идшин гүн хэмээн нэрлэгдэх болсон ажгуу. Цэргийн яаманд төрийн алба хашихаас гадна Хиагтын туслан шийтгэх түшмэлийн албыг бас давхар хашиж байсан гэдэг. 
1919 онд Зүүн хязгаарыг сэргийлэх цэргийг ерөнхийлөн захирах сайдаар Манлайбаатар чин ван Ж.Дамдинсүрэн, зөвлөн гаргасан бүгд захирагч даргад Хичээнгүй баатар Гомбо-Идшин гүнг томилов. 

1918-1919 оны заагт Зөвлөлт Оросын Өвөр Байгал, Чита муж, Зүүн хойд Хятадад бүрэлдээд байсан бүс нутгийн цэрэг-улс төрийн онцлог байдлыг ашиглан Барга, Өвөр монгол, Буриадын төлөөлөгчид 1919 оны 2-р сарын 19-25-ны хооронд Чита хотод Бүх Монголын бага хурлыг хуралдуулж, тусгаар тогтносон Холбооны Ардчилсан Бүгд найрамдах Монгол улс байгуулсныг зарлаж, Түр засгийн газрыг дөрвөн яамтай байгуулж, Дагуурын өртөөнд байрлуулав. Х.Чойбалсан нарын бичсэн “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсгэн байгуулагдсан товч түүх” хэмээх зохиолд”...Дагуурын засаг гэгчийн байдлыг тагнаж мэдүүлэх бодлогоор гүн Гомбо-Идшин нарыг томилон явуулсан” хэмээсэн байдаг. Хэрэв Гомбо-Идшин чухам хэдийд хэнтэй хамт явж Дагуурын засгийн байдлыг тагнав гэдэг асуудал яах аргагүй босч ирнэ. 

Энэ тухай ямар нэг материал байдаггүй тухай судлаачид түүхчид нотлодог боловч 1919 оны 2-р сард түүнийг шагнасан материалд зарим нэг зүйл байдаг ажгуу. Үүнд “...зөвлөн гаргасан бүгд захирагч дарга гүн Гомбо-Идшин, туслан шийтгэх түшмэл, туслагч Лхамжав нар амь биеийг цөлж үл бэрхшээсэн ба манай дэлхий дахинд зовлон хохирол үгүй болгох учирт зүйл зүйлээр арга бодлого нууцаар тогтож, дагагсадын хамт яваад үнэхээрийн шударга зүтгэн, гүйцэтгэн явсан нь машид сайшаалтай” хэмээн тодорхойлоод түүнд түшээ гүнгийн зэрэг шагнаж, жич туслагч гүнгийн зэрэг үе улиран залгамжлуулсан байна. Үүнээс үндэслэн Гомбо-Идшин гүнг 1919 оны зун, намрын цагт туслагч Лхамжавын хамт нууцаар улсын хил давуулж Дагуурын “Нармай Монгол” улсын Засгийн газрын зорилго бодлогыг тандаж ирсэн байж болох талтай юм.

1919 оны эцсээр Хятадын генерал Сюй Шү Жан Монгол орныг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн авч, Монголын үндэсний эх орончдыг баривчлан харгислахад тэдний дотор гүн Гомбо-Идшин хоригдож байсан ба 1921 оны эхээр Барон Унгерн Нийслэл хүрээг эзлэх үеэр шоронгоос суллагджээ. 
Богд хаан 1921 оны 7-р сарын 1-нд зарлиг буулгаж харгис гамингийн шоронд зовж зүдэрсэн, амь автсан сайд ноёд түшмэд лам нарыг шагнахад Хичээнгүй баатар, түшээ гүн Гомбо-Идшинг бэйсийн зэргээр шагнасан байна. 

Барон Унгерн Нийслэл хүрээг эзлэн өөрийн ноёрхлоо тогтоосныхоо дараа Цэргийн яамны сайд бишрэлт ван Доржцэрэнгийн (Хожим Хиагтад суух шийтгэх түшмэлээр ажиллаж байжээ. Ш.П) орлогч буюу дэд сайдаар Гомбо-Идшинг томилсон аж. Үүнийхээ дараа тун удалгүй Барон Унгерн томилолтоо өөрчилж, нэр нөлөө бүхий Гомбо-Идшин гүнг өөрөөсөө зайлуулж, Зүүн хязгаарыг батлан тохижуулах, цэргийг дайчлан захирах сайдаар томилон Дорнод хязгаарт суулгахаар шийдвэрлэсэн байна. 
Хичээнгүй баатар Гомбо-Идшин гүн төрөлх сэцэн хан аймгийн Дарьгангийн Наранбулагт цэрэг захиран сууж байхдаа Үндэсний ардчилсан хувьсгал (1921 оны 7-р сар)-тай золгосноор түүний цаашдын амьдрал, хувь заяа нь шинэ Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах ариун шударга үйлстэй эгнэгт холбогджээ.

Монгол ардын байнгын Засгийн газрыг 1921 оны 07-р сарын 10-нд байгуулахад Сэцэнхан аймгийн Чин ачит ван Тогтохын (Сансрайдоржийн дараа 1918 оноос засаг ноён болсон Ш.П) хошууны бэйс Л.Гомбо-Идшин гүнг цэргийн яамны эрхэлсэн түшмэлээр (Одоогоор бол Жанжин штабын дарга гэсэн үг Ш.П) тохоон томилсон нь энэ хүний эх оронч дэвшилтэт үзэл, цэргийн хэргийн мэдлэг, туршлага, ур чадвар, Монгол улсынхаа төлөө гэсэн чин хүсэл зорилгыг нь харгалзан үзсэн нь лавтай. 

Гэсэн хэдий ч Л.Гомбо-Идшинг Зүүн хязгаарт үргэлжлүүлэн ажиллуулах шаардлага бий болсон, нөгөө талаас эрхэлсэн түшмэлийн албанд орон хүн ажиллуулах болсон зэргээс шалтгаалан тэрбээр энэ албан тушаалыг хашаагүй юм билээ. Ардын Засгийн газраас Дорнод хязгаарыг цагаантнаас бүрэн чөлөөлөх талаар чухал чухал арга хэмжээ авч байсны дотор цэргийн хүчийг богино хугацаанд бэхжүүлэхээр Зүүн хязгаарын морьт отрядуудыг нэгтгэн бригад болгон өөрчлөх шийдвэр гаргажээ. 

Үүнд: Хичээнгүй баатар Гомбо-Идшин, гүн Найданжав (Тогтох тайжийн үеэл дүү, нөгөө урвасан хулгай Найдан ван. Түүний урвасан хэмээн хэлэгдэх болсон гол шалтгаан нь 1-рт, Барон Унгерний Нийслэл хүрээн дэх Монгол цэргийн жанжин байсан буриад Жигмэджав Жамбалоныг оргоход тусалсан, хоёрдугаарт энэ Зүүн хязгаарын цэргийн нэгтгэл бригад байгуулах асуудлыг эсэргүүцсэн зэрэг болов уу хэмээн мөхөс би бодном. Ш.П) болон өмнө хязгаарыг захирах бэйс Н.Дугаржав, бэйс Балжинням (Суинхээрийн цэргийг захирах сайд байсан Ш.П) нарын отрядуудыг нэгтгэн морьт бригад болгох, бригадын даргаар Дугаржавыг томилж, туслахаар нь халимаг эр Нутугаевыг томилсон байна. Гэтэл Найдан ван энэ шийдвэрийг эсэргүүцэн цааш хил давж одсон, Дугаржав бэйсийн цэрэг сарнисан зэргээс шалтгаалан уг ажил сааталд орсон учир Ардын Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, Хүрээний нэгдүгээр морьт бригадаас нэг хороо цэргийг пулёмет салааны хамтаар яаралтай илгээсэн гэдэг. 

1921 оны 7-9-р сарын хооронд Гомбо-Идшин гүнгийн захирсан Дарьгангын хороо улсын хилийг цөмрөн орж ирсэн цахарын Жодовжав амбаны цэрэг болон тэдэнтэй нийлсэн цагаантны үлдэгдэл цэрэгтэй хүнд ширүүн тулаан хийж эх нутгаасаа тэднийг цэвэрлэн хөөж, ялалт байгуулан, томоохон хувь нэмэр оруулжээ. Мөн Гомбо-Идшин гүнгийн цэрэг одоогийн Сүхбаатар аймгийн Халзан, Хатавч, Ав-дарын сүм, Очиртын говь зэрэг газруудад цагаантантай тулгаран байлдаж байв. 

Нэгэн удаа Хатавчийн ойролцоо цагаантантай тулгарч байлдаж ялахдаа “шар” хочит цэрэг Бямбаа Хужирбуланд байхдаа барьж байсан “Салга ногоон” хэмээх пулемётоо цагаантанд олзлогдсон байхыг нь олж авч нулимс унагаж түүнийг арчилан өөд татаж авсан тухай дурсамж бий. Мөн “Жанжин гүн” цолтой их буу нэгийг буцаан олзлон авчээ. (“Жанжин гүн” их бууны тухайд 1913 оны таван замын байлдаанд сум нь дайсны их бууны гол төмөрт тусч устгасан түүхт их буу байж болох юм. Ш.П) 1922 оны эхээр Хичээнгүй баатар Гомбо-Идшинг төвд дуудан ирүүлж Баруун хязгаарт суух Засгийн газрын төлөөний сайд, цэрэг захирах жанжны албан тушаалд томилон, бэйлийн зэрэг шагнаж зөвлөхөөр нь Нацов (Коминтерны төлөөлөгч, жинхэнэ нэр нь Цирен Аравдышевич Шойжилов (1898-1937) хэлмэгдсэн. Ш.П) эрхэлсэн түшмэлээр Жанжинбал (Намтар нь тодорхойгүй. Ш.П)-ыг тохоон томилсон байна. Ховдын хязгаарын Засгийн газрын төлөөний жанжны яам нь одоогийн ойлголтоор Баруун хязгаарын цэргийн тойргийн командлал байсан бололтой. 

Тэгэхээр Хичээнгүй баатар Л.Гомбо-Идшин гүн бол Монголын зэвсэгт хүчний түүхэнд ганцхан удаа байгуулагдсан цэргийн тусгай тойргийн анхны командлагч мөн болой. Ховдын жанжны яамыг 1929 онд татан буулгаж, гүйцэтгэх үүргийг нь Ховдын дөрөвдүгээр морьт тусгай хороо буюу одоогийн Зэвсэгт хүчний 123-р ангид шилжүүлсэн байдаг. Гомбо-Идшин гүн Ховдын хязгаараас эргэж ирээд 1925 оны 3-р сараас Гадаад явдлын яамны дундад хэлтсийн эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад Засгийн газрын 1925 оны 7-р сарын 2-ны өдрийн хурлаас Шүүх яамны эрхэлсэн түшмэлийн орлосон тушаалд шилжсэн байна. Энэ ажлыг мөн оны 11-р сар хүртэл хашиж байгаад тусгай албанд томилогдсон нь бодвоос Түвдэд явах бэлтгэл ажилд шамдан орсон байлтай. 

Ховдын хязгаарын жанжны яаманд түүний оронд Д.Догсом хурцыг (Нөгөө “Хөх торгон дээл” дууг зохиосон. Ш.П) томилсон байна. 1925 оны 12-р сард Засгийн газрын хуралдаанаас Түвд улсын Засгийн газартай найрамдлын гэрээ бичиг хэлэлцэн тогтоох Бүрэн эрх барих Элчин сайдад бичиг үсгийн өндөр чадвар, улс төрийн ноён нуруутай, цэргийн зүтгэлтэн Хичээнгүй баатар Түшээ гүн, бэйл Гомбо-Идшинг томилжээ. Энэ үед Гомбо-Идшин гүн Хан Хэнтий аймгийн яамны даргаар сонгогдсон байсныг 1926 оны 1-р сарын 6-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор өөрчилж, оронд нь Гомбожавыг аймгийн даргаар баталжээ. 

Монгол улсаас Түвд улсад суух Бүрэн эрх барих элчин сайд Гомбо-Идшингийн тэргүүлсэн ЭСЯ-ны зорилго, үйл ажиллагаа нь нэгдүгээрт, Монгол улсын Засгийн газар эртний уламжлалт хэлхээ холбоотой Түвд улстай найрамдалт харилцаагаа зузаатгах, улмаар элчин төлөөлөгч харилцан солилцож байх бодлого баримталж байв. 

Хоёрдугаарт, Монгол-Түвдийн уламжлалт харилцаа. Энэ талаар Монгол улсын бодлогод гуравдахь орон ЗХУ оролцох болж, улс төрийн сонирхолдоо нийцүүлэх болсон нь Монгол-Түвдийн харилцааны өнгө аясыг өөрчлөгдөхөд хүргэв. (Москва-гийн ашиг сонирхол энэ үйл ажиллагаанд багагүй бай сны гол гэрч нь ЭСЯ-ны бүрэлдэхүүнд Оросын харъяат Цэвэгдорж буюу Рааш Чапчьев, Нацак Бимбаев, Лундуков, Жигмиддорж нарын дөрвөн хүн орсон байдаг юм. Мөн уг ЭСЯ-ны төсвийг ЗХУКН-ын ТХ-ноос олгосон байдаг. Ш.П)

Харин нийт элчин төлөөлөгчдийн аяллын “ил” зорилго нь таалал төгссөн Богд Жавзандамба хутагтын хойчийн буян номын үйлийг гүйцэтгэх явдал байлаа. Ийм л олон салаа агуулгатай хүндхэн үүргийг ахмад дипломатч Л.Гомбо-Идшин биелүүлэх учиртай байжээ. Хожим нь Богдын хойчийн буяны үйл бүтээж, Далай ламтай уулзсаныхаа төлөөнөө Л.Гомбо-Идшин буруутгагдсан байдаг. 1928 оны дундуур дөнгөж Түвд улсаас буцаж ирсэн Элчин сайд Гомбо-Идшин гүнг Дотоодыг хамгаалах газраас Богдыг дахин залах гэсэн, Саж Бамчингаас нунтаг шүүлгэн тамгат бичиг авчран ард олныг үймүүлж уруу татсан хэргээр баривчилж, түүнд нэг жил зургаан сарын ял оноосон байна. 

1929 оны хавар тайж Эрэгдэндагва нарын 38 хүнийг баривчилж тэдэнд “...Гадаадын эзэрхэг түрэмгий Япон, Хятадын этгээдээс зэвсэгт хүчнийг урин авчирч, тус ардын хувьсгалт засаг төрийг устгахаар зорьж, эсэргүү бүлгэмийг байгуулж, ажил явуулгаа гүйцэтгэхийг оролдож, өөрийн төлөөлөгчийг Хятадын Засгийн газар ба Банчинд өргөх бичгийг авахуулан явуулж” байсныг илрүүлсэн гэх улс төрийн хүнд хэргийг тулгаж хүлээлгэсний дотор энэ хэрэгт Гомбо-Идшинг холбогдуулан дахин баривчилжээ. 

Эрэгдэндагвын хэрэг гэгч нь цөөн хэдэн хүний, түүний дотор ловон лам Ишлодон, гавж Бүүвэй, чин ван Дашдэндэв (Уг хэргийг өөрөө илчлэн ирсэн учир ялгавартай хэмээн үзэж 5 жил тэнсэн харгалзах ял оноосон гэдэг. Ш.П) нар болон Хятадын Засгийн газар Банчин Богдоос тусламж зэр зэвсэг гуйсан, ардын засгийг устгах гэсэн утга бүхий захидлыг өөрөө хүргэх гэж яваад баригдсан Эрэгдэндагва нарын өдүүлсэн хэрэг бөгөөд тийм ч учраас энэ тав, зургаан хүнээс бусдыг нь хожим цагаатгасан байдаг. Гэхдээ уг захидлын утга санааг Эрэгдэндагва Гомбо-Идшин гүнд уншуулж байсан байх талтай бөгөөд түүнээс зэм хүртэж байсан байна. Энэ тухайгаа Гомбо-Идшин гүн Улсын Бага хурлаас өршөөл хүссэн өргөдөлдөө дурссан байдаг. 
 

БНМАУ-ын Ерөнхий шүүн таслах газрын өргөтгөсөн хурал хуралдаж 1930 оны 9-р сарын 28-ны өдөр дээрх 38 хүнийг ялласны дотор “Энэ хэргийг анх санаа сэдэвлэн үүсгэж, түрүүлэн удирдсан ялт түшмэл тайж Эрэгдэндагва Егүзэр хутагт Галсандаш, гүн Гомбо-Идшин, гавж Бүүвэй, зайсан түшмэл Чадраавал, Донойжав, Ишлодон нарын 7 хүнийг шүүх цаазын бичгийн ерөнхий ангийн 25-р зүйлийг баримтлан 31-р зүйлийн ёсоор буудан алсугай... Нэр бүхий цаазаар аваачих ял бүхий этгээдийг Засгийн газраас баталмагц 24 цагийн дотор гүйцэтгэсүгүй” хэмээн тогтоосон байна. Эл хугацаанд дээд хэмжээ сонссон долоон хүн бүгд Улсын Бага хурлаас өршөөл хүссэн байдаг бөгөөд Улсын Бага хурлаас тэдэнд өршөөл үзүүлээгүй нь тун чиг харамсалтай. Улсын Бага хурлын энэ хуралдаанд оролцох ёстой 15 хүнээс тавхан нь оролцож баталсан нь ямархуу ардчилал байсныг мөнхүү гэрчилнэ. 

Гомбо-Идшин гүнтэй Түвдэд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан ЗХУ-ын иргэн М.Т.Бимбаев бичихдээ: “Гомбо-Идшин сайд хожим Эрэгдэндагвын хэрэг, мөн Богдын хойчийг залахаар Далай ламтай холбоо тогтоож ирсэн хэл аманд хамрагдаж хэлмэгдсэн гэж дуулсан. Эрэгдэндагвын хэрэг гэгч нь юу байсныг мэдэхгүй. Харин Богдын хойчийг залгамжлуулахаар Далай ламтай ярьж тохирсон гэдэг нь ямар ч үндэслэлгүй гэдгийг миний бие бүрэн баталж чадна. Гомбо-Идшин бол Монголынхоо төлөө гэсэн үнэнхүү санаа, үйл ажиллагаатай хүн байсан юм шүү” хэмээн дурссан байдаг. 

“Булавч бултайна, Даравч дардайна” гэсэн мэргэн үг бий. БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 5-р сарын 18-ны өдрийн 04 тоот тогтоолд “...Лхасүрэн овогтой Гомбо-Идшин” нарын хэргийг хүчингүй болгож цагаатгасан байна. Ингэж нэгэн 60 жил өнгөрсний хойно Хичээнгүй баатар Гомбо-Идшин болон түүнтэй хамт хилсээр шийтгэгдсэн Монголын төр, шашны томоохон зүтгэлтэн Манзушир хутагт Цэрэндорж, Егүзэр хутагт Галсандаш, Дилав хутагт Жамсранжав, МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг Жигмэддорж нарын 32 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгажээ.
Хичээнгүй баатар, Халх даяар гүн хэмээн алдаршсан Л.Гомбо-Идшин бол улс төр, цэргийн зүтгэлтэн төдийгүй бас томоохон сэтгэгч, гүн ухаантан, сэхээтний төлөөлөгч байсныг Монголын ард түмэн хэзээ ч мартах ёсгүй. 

Монголын мөнх хөх тэнгэр бидний үүрд ивээг!!!

Эх сурвалж www.wikimon.mn