Чанаргүй зээл уул уурхай, банкны салбарыг залгихаар гэтэж байна
2017/10/11
Засгийн газраас уул уурхайн салбарт суурилж эдийн засгийг тогтворжуулах гол зорилтоо тодорхойлж, Ерөнхий сайдаар ахлуулсан дарга, цэрэг нар говийн бүсийн аймгуудаар хэрэн хэсч буй. Тэгвэл гол итгэл найдвараа тавьж буй уул уурхайн салбарт ноцтой томоохон хүндрэл үүсээд байна.
Энэ бол чанаргүй зээл юм. Банкны салбарт өнөөгийн байдлаар 12 их наяд 484 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Үүнээс уул уурхайн салбарт ногдох зээл 983.6 тэрбум төгрөг буюу 8 орчим хувийг эзэлж байна. Харин барилга болон үл хөдлөх хөрөнгийн салбарынхан нийт зээлийн 26 хувийг залгисан аж. Эдгээр үзүүлэлтээс харвал нийт зээлд эзлэх хувиараа барилгын салбарт илүү өндөр эрсдэл үүссэн мэт байна. Гэтэл чанаргүй зээлийн дүнг харвал уул уурхайн салбарт ноцтой хүндрэл үүсчээ. Тодруулбал, уул уурхайн салбарт 366 тэрбум төгрөгийн чанаргүй зээл хуримтлагдсан аж. Энэ нь нийт чанаргүй зээлийн 32 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тэгвэл өөр харьцуулалтаар дахин жишиж үзье. Дээр уул уурхайн салбарт 983.6 тэрбум төгрөгийн зээл олгогдсон тухай дурдсан. Гэтэл тус салбарт 366 тэрбум төгрөгийн чанаргүй зээл ногдож буй. Ингэхээр уул уурхайн салбарт олгосон нийт зээлийн 38 орчим хувь нь чанаргүй ангилалд шилжээд байна. Бусад салбарын чанаргүй зээлийн хэмжээ алгуурхан өсч байгаа бол уул уурхайн салбарт байдал өөр байна. Тодруулбал, 2014 оны дөрөвдүгээр сард 198 тэрбум төгрөгийн чанаргүй зээл тус салбарт ногдож байсан бол 2015 онд 100 орчим тэрбумаар нэмэгдэж 284 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн энэ оны эхэнд 294 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байсан бол 10 сарын хугацаанд 366 тэрбум төгрөгт хүрээд байна. Нэг үгээр хэлбэл, нэг сард дунджаар 7 тэрбум гаруй төгрөгийн чанаргүй зээл бий болж байна гэсэн үг.
Уул уурхайн салбарт чанаргүй зээл өндөр хувьтай байгаа нь валютын ханшийн савалгаанаас үүдэлтэй. Мэдээж салбарын зогсонги байдал, эрдэс бүтээгдэхүүний үнийн бууралт зэрэг олон хүчин зүйл байгаа ч валютын ханш голлох хүчин зүйл болжээ. Учир нь уул уурхайн салбарынхан ихэвчлэн ам.долларын зээл авдаг. Үүнээс хамаарч ам.долларын ханш өсөхөд зөрүүнээс үүссэн алдагдал чанаргүй зээлийг нэмэгдүүлж байгаа бололтой. Энэ жил аж ахуй нэгжүүдээс МҮХАҮТ-д нийт 150 гаруй хүсэлт ирсэнээс 80 орчим хувь нь валютын ханшийн зөрүүнээс болж алдагдалд орж байгааг шийдвэрлэхэд анхаарахыг хүссэн өргөдөл байжээ. Тус танхимын дарга Б.Лхагважав “Ер нь сүүлийн үед ханшийн өсөлтөөс болж гэрээгээ биелүүлж чадахгүй байдалд хүрч, шүүх дээр очиж унаж байгаа компанийн тохиолдол нэмэгдсэн байна” хэмээж байна. Түүний тайлбарласнаар аж ахуй нэгжүүд хохирлоо тухайн үеийн төгрөгийн ханшаар тооцож барагдуулдаг байна. Үүнээс хамаарч өмнө нь ам.доллар 1500 төгрөгийн ханштай байхад зээл авсан компани одоо нэг ам.доллар тутамд 1000 төгрөгийн алдагдал хүлээж, төлбөрөө барагдуулах хэрэгтэй болж байгаа аж.
Нөгөөтэйгүүр, энэ бүхэн нь санхүүгийн зах зээлийн 95-97 хувийг бүрдүүлж буй банкны салбар нь эдийн засаг хүндэрсэн тохиолдолд компаниудад ямар өндөр эрсдэл үүрүүлж байгааг харуулах гол баримт болж байна. Өөрөөр хэлбэл, банкнаас санхүүжилт босгосон аж ахуй нэгжүүд эдийн засаг өндөр өсөлттэй үед ашигттай ажиллаад жаахан сулрах, валютын ханшийн савалгаа бий болоход ашиг алдагдлаар солигдож, шууд сөхрөх нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөгийн байдлаар банкны зээлийн хүү дунджаар 20 орчим хувьтай байгаа. Ингэснээр эдийн засагт хүндэрсэн үед ийм хэмжээний хүүтэй зээл өмнө нь авсан компаниудын үйл ажиллагаа шууд доголддог, мөн бусад компанийн зээл авч ажиллах боломжийг хязгаарлаж байна. Мэдээж өмнө нь зээл авсан компаниуд хүндэрч байхад хямралтай үед 20 хувийн хүүтэй зээл аваад ашигтай ажиллах тооцоолол хэр баргийн аж ахуй нэгжээс гарахгүй. Магадгүй дэлхийн жишгийг дагаж олон улсын банкуудаас 3-5 хувийн зээл авч үйл ажиллагаа явуулж байсан бол компаниудын алдагдал ийн хурдацтай нэмэгдэж, чанаргүй зээл өндөр хоногоор өсөхгүй байх байв.
Уул уурхайн салбарт олгосон зээлийн 38 хувь нь чанаргүй болсон нь ямар эрсдэлийг дагуулж байна вэ. Үүнд олон эрсдэл бий. Компани дампуурах эрсдэл бий болохоос гадна банкуудад хүнд байдал үүсгэнэ. Тухайлбал, Төрийн банк хэрэглээний зээлийг түлхүү олгодог. Зээлдэгч олон, зээлийн хэмжээ нь бага тул банкинд учирах эрсдэлийг бууруулдаг. Харин Худалдаа хөгжлийн банк, Голомт зэрэг салбартаа тэргүүлэх банкуудын зээлийн багцад уул уурхайн том төсөл хөтөлбөрүүдэд олгосон зээл багагүй хувь эзэлдэг. Энэ нь цөөн зээлдэгчид өндөр дүнтэй зээл олгосон гэсэн үг. Ингэснээр банкинд үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Дараагийн асуудал нь уул уурхайн салбарт шинээр хөрөнгө оруулалт хийх боломжийг хязгаарлаж байна. Ийм өндөр эрсдэл үүссэн салбарт тэр бүр хөрөнгө оруулалт хийх этгээд олдохгүй. Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих Засгийн газрын бодлого эрхзүйн хувьд цаасан дээр л байгаа болохоос бус бодит байдал дээр бодлого, дэмжлэг алга гэсэн шүүмжлэлийг чанаргүй зээлийн ангилалд шилжиж, өрөнд орсон хөрөнгө оруулагчид түгээх эрсдэлтэй. Улмаар энэ нь томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэхэд хүндрэл үүсгэж болзошгүй.
Нийгмийн шуудан сонин
Иргэн · 2017/10/11
Эзэд нь тодорхой юм чинь ил болгооч хэн чанаргүй зээлтэй байгааг харая