Хятадад нүүрс нийлүүлэх орнуудаас зөвхөн Монголын экспорт буурч байна

Тавантолгойн ордыг тойрон олборлолт явуулж байгаа компаниуд нүүрсний үнийн өсөлтийн таатай үеийг мэдэрч чадахгүй хоосон хоцорч мэдэх нь. Монголоос Хятадад нийлүүлж буй экспортын нүүрсний биет хэмжээ долдугаар сараас хойш тогтмол буурч байгаа бол Австрали болон Индонез, Канадынх тогтвортой хэвээр байна. Ялангуяа,

БНХАУ-ын ОХУ-аас импортолж буй нүүрсний хэмжээ эсрэгээрээ өсөх болов. Тоймлон хэлбэл, Хятадын нүүрсний импортод эзлэх Монголын орон зай багасч, экспортын хэмжээ буурч байна.

Тэрчлэн Хонконг болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааны ханш өсөлтийн чигээ өөрчилж, ялимгүй уналт ажиглагдах боллоо. Эл ордоос экспорт хийж буй компаниудын нөхцөл байдалтай танилцъя. Нэг тонн нүүрснээс 17 ам.долларыг төсөвт төвлөрүүлж байна Уран дархчууд төмөр хайлуулах, уяраах зорилгоор өнгөрсөн зууны эхээр Тавантолгойн нүүрсийг ашиглаж байсан гэдэг. Тэмээн хөсгөөр тээж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн “хар алт” өдгөө экспортын голлох бүтээгдэхүүн болж, эдийн засгийн өнөөдрийн төрхийг тодорхойлох хэмжээнд ирээд байна. Орос, Монголын геологичдын хамтарсан шинжилгээ судалгаагаар хожим олж тогтоосон Тавантолгойн орд чухамдаа дэлхийн гангийн зах зээлийг ундаалж буй нь энэ.

Тус ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа гурван компанийн хамгийн ахмад нь “жижиг” гэх тодотголтой “Тавантолгой”. Хагас зуун жилийн түүхийг бичиж яваа орон нутгийн өмч давамгайлдаг уг компани өнгөрсөн оноос нүүрсний экспортыг гүний гаалиар явуулах болжээ. Ингэснээр худалдан авагч талд ойр дөхөм болж, хил, гаалийн худалдааг хөнгөвчилсөн байна. Тавантолгойн орд газраас анхны нүүрсний экспортын шанг эхлүүлж байсан тус компани байгуулагдсан цагаасаа хойш нийт 32.9 сая тонн нүүрс олборлосон мэдээтэй байна. Сүүлийн таван жилийн хугацаанд “Тавантолгой” хувьцаат компани 17.2 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Үүнээс 16.2 сая тонныг экспортод гаргасан бол дотоодын зах зээлд нэг тонн нүүрс нийлүүлсэн байна.

Монгол Улсын экспортын нүүрсний нэгэн томоохон тоглогч “Тавантолгой” энэ оны есдүгээр сарын байдлаар гурван сая тонн нүүрс өмнөд хөршид гаргажээ. Энэ нь нийт экспортын 13 хувийг эзэлж байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тавантолгой”-н нэгж хувьцааны ханш 9350-9400 төгрөгийн үнэлгээтэй байгаа юм. Хувьцааны ханш энэ он гарсаар долоо дахин өссөн нь компанийн үнэ цэнийг улам өсгөжээ. Гэвч нүүрсний экспорт хил дээр олон хоногоор саатаж байгаа нь компанийн ашигт ажиллагаанд нөлөөлөхөөр байна. Сүүлийн арван жилийн хугацаанд татвар, ногдол ашиг хэлбэрээр хагас их наяд төгрөг хуваарилсан тус компани ойрын жилүүдэд нүүрс баяжуулах үйлдвэртэй болохоор төлөвлөж буй. 13 дахь жилдээ нүүрсний экспорт хийж буй “Тавантолгой” нэг тонн нүүрснээс 17 ам.долларыг Монгол Улсын төсөвт төвлөрүүлдэг аж.

Компаниудын хувьцааны ханшид уналт ажиглагдах боллоо

Компанийн 51 хувийг орон нутаг, үлдсэн хувийг “Ажнай” болон “Ээрмэл” компани эзэмшдэг билээ. Тус компани Тавантолгойд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй гурван компаниас ганцаараа дотоодын зах зээлд борлуулалт хийдэг. Баруун Цанхийн олборлолтын зардал хоёр дахин буурчээ Төрийн өмчит боловч иргэн болгондоо 1072 ширхэг хувьцаа өмчлүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн уурхайгаас энэ онд 7.2 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Тус уурхайгаас өнгөрсөн хугацаанд нийт 16.6 сая тонн нүүрс экспортолсон байдаг. Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг “Монгол Уурхайчид” түншлэл гэрээгээр дөрөв дэх жилдээ гүйцэтгэж байгаа аж.

Цанхийн баруун уурхайгаас энэ онд зургаан тонныг олборлохоор тооцоолсон байна. Ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Экспорт 2013 онд эхэлж, үүнээс хойш нийт 11.9 сая тонн нүүрс экспортлоод байна. Цанхийн уурхайн олборлолтын зардал зүүн уурхайнхаас хоёр дахин буурчээ. БНХАУ-ын коксжих нүүрсний 20 хувийг дангаар нийлүүлэх боломжтой “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаа эхэлснээс хойш зургаан жилийн хугацаанд 24 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээтэй байна. Тавантолгойн нүүрсэнд нэмүү өртөг шингээж байна Хувийн хэвшлийнхэн нүүрсний салбарт хэрхэн үр ашигтай төдийгүй нийгмийн хариуцлагатай ажиллаж болж байгааг “Энержи Ресурс” компаниас харж болно.

Хонконгийн хөрөнгийн зах зээлд “Mongolian mining Corporation” нэрээр хувьцаагаа гаргаад долоон жилийг ардаа орхисон тус компани нэг тонн баяжуулсан нүүрсээ 110 ам.доллар хүргэн зарж байна. Харин бусад уурхайн нэг тонн нүүрсээ хамгийн ихдээ 73 ам.доллараар экспортод гаргаж байгаа юм. Баяжуулах үйлдвэр байгуулсан нь ийнхүү зах зээл сэргэх цагт үр ашгаа давуулан өгч байгаа нь энэ. Жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай тус үйлдвэр Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг зах зээлд тодорхойлж байна. “Энержи Ресурс” компани “Ухаа худаг” төслийн хүрээнд 18 мегаваттын цахилгаан станц, уурхайн цогцолбор сургууль, цэцэрлэг зэргийг уурхайн хаяа залган ашиглалтад оруулж, орон нутгийн хөгжилд өнгө нэмж яваа. “Ухаа худаг” уурхайгаас “Энержи Ресурс” компани энэ он гарсаас хойш 2.9 сая тонн нүүрс экспортолсон байна.

 

http://ubinfo.mn/read/7740