Багш нар цалин нэмэхийг шаардаж, нэг хоног ажил хаялаа. Засгийн газар, Боловсролын яам ажил хаялт зохион байгуулагчидтай харилцан зөвшилцөлд хүрч чадсанаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Гэсэн ч энэхүү ажил хаялтын цаана тодорхойгүй олон асуулт үлдлээ.

Багш нарын ажил хаялт хууль бус уу?

Ажил хаялттай холбоотой асуудал Хөдөлмөрийн тухай хуулиар нарийн зохицуулагдсан байдаг. Ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзвэл хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэдэг. Үүнд эвлэрүүлэн зуучлагч юм уу, хөдөлмөрийн арбитр томилогдож асуудлыг авч үзэж шийдвэр гаргасны дараа энэ шийдвэрийг ажил олгогч хэрэгжүүлээгүй бол ажил хаях эрх нь нээгддэг. Гэтэл одоогийн нөхцөлд хөдөлмөрийн хамтын маргаан үүсээгүй. Нөгөө талаасаа Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэлэлцээ хийж байгаа шатанд ажил хаяхыг хориглодог. Ажил хаялтыг хориглосон заалтуудаас харахад багш нарын энэ удаагийн ажил хаялтыг хууль бус гэж хэлэх үндэстэй хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.

Ажил хаялт зохион байгуулсан Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны багш нар “Хэлэлцээр хийж байхад ажил хаяхгүй” гэсэн байр суурьтай байсан юм.  Тэгвэл  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын үйлдвэрчний  холбоо ажил хаях нь зөв хэмээн мэдэгдэж хүчээр шахам ажил хаяулсан гэж үзэж болохоор.

Багш нарын нэг өдрийн цалинг хэн өгөх вэ?

Ажил хаяж байгаа багш нарын цалинг хэн олгох вэ. Хуулиараа бол ажил хаясан тохиолдолд ажил олгогч цалин олгохгүй. Ажил хаялтад багш нарыг уриалан зохион байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын үйлдвэрчний  холбоо хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл, ажил хаялтад оролцсон бүх багш нарын нэг өдрийн цалинг тухайн үйлдвэрчний холбоо олгоно. Гэтэл тэд өдийг хүртэл ганц үг ган хийсэнгүй. Багш нар нэг өдрийн цалингаараа хохироод үлдэх үү гэсэн асуулт хариултгүй хэвээр байна. Хэрэв хугацаагүй ажил хаялт олон хоног үргэлжилсэн бол тэр хугацааны цалингаас гадна нийгэм, эрүүл мэндийн даатгалыг хэн нөхөж төлөх вэ. Багш нарын ээлжийн амралтын хоногоос ч хасч тооцогдоно. Хасагдсан хохирлыг нь мөн л Үйлдвэрчний холбоо нөхөж гаргаж өгөх ёстой байдаг. Ажил хаялт зохион байгуулагчид үүнийг тооцож бодсон уу. Багш нарт энэ нарийн учрыг хэлж тайлбарласан эсэх нь бүрхэг байна. Үүнээс харахад зохион байгуулагчид багш нарын төлөө биш өөр эрх ашгийн үүднээс ажил хаяхыг уриалж, зохион байгуулсан юм биш байгаа гэх хардлага төрнө. Өнөөдрийн хоногийн хоолоо яаж гэж, өрнөөс өрний хооронд амьдарч буй багш нарт нэг өдрийн цалин ч хайран баймаар. Гэтэл саяын ажил хаясан нэг өдрийн цалин нь дээрх тайлбарын дагуу ажил олгогчоос олгогдохгүй, мөн нийгмийн даатгал, татварт нь хасагдаж бодогдох юм байна.

Хүүхдүүдийн эрх ашиг хаачив?

Монголын багш нар цаг наргүй, ачаалал ихтэй ажилладаг, цалин хөлс бага гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс тэдний цалин нэмэх шаардлага, ажил хаялтыг олон нийт нэг их буруутгаагүй. Харин багш нар өөрсдийнхөө төлөө тэмцэхдээ олон мянган сурагч, цэцэрлэгийн багачуудын эрх ашгийг хөсөрдүүлжээ. Хууль номоороо бол хугацаагүй ажил хаялтын өмнө сургуулийн захиргаа, багш, эцэг эхийн төлөөлөл гэрээ хийх ёстой. Ажил хаялтын хугацаанд ийм ийм хичээл орохгүй учраас хэзээ түүнийгээ нөхөж орох вэ гэдгээ тодорхой болгоно. Хүүхдүүд хичээлгүй гэртээ байх үед нь хэн харж хандах вэ, ямар нэгэн эрсдэлд орсон тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг гэрээндээ нарийн тусгах ёстой аж. Ингэж гэрээ хийсэн сургууль, багш нар бий юү. Ажил хаяна гэдгээ л мэдэгдсэн болохоос хүүхдүүдийнхээ эрх ашиг, аюулгүй байдлыг анхаарсан багш, сургууль үгүй биз ээ.

Үдийн цайгаар ходоодоо дүүргэдэг балчир үрсийн өлсгөлөн ходоодыг юман чинээ бодсонгүй

Ядуу өрх Монголд олон. Ажилгүй, хоолгүй, түлээ нүүрсгүй… өдөр хоногийг арай гэж өнгөрөөж буй айлын хүүхдүүд хичээлдээ явахыг туйлын их хүсдэг. Хүүхэд бүхэн хичээл сургуульдаа яардаг биз дээ гэж та бодовзой. Ядарсан, эмзэг бүлгийн хүүхдүүд сургуулийн Үдийн цайндаа тэгж яардаг юм. Үлдэж хоцорсон эцэг эх нь ч хүүхдүүдээ гэдэс нь хонхолзохгүй байгаа гэж санаа амар суудаг. Үдийн цайны талх, боовыг зарим хүүхэд тоож иддэггүй бол түүгээр л амьдарч, гол зогоодог олон хүүхдүүд байдаг нь бодит үнэн билээ. Багш нар ажил хаяхад хамгийн их харамссан хэсэг бол эд нар юм. Өдөр нь дулаахан ангидаа үдийн цайгаа ууж бор ходоодоо божийлгодог тэдэнд зэврүүхэн гэрт хоосон ходоодтой өнжинө гэдэг хамгийн хэцүү зүйл  юм. Гэсэн ч Үдийн цайгаар ходоодоо дүүргэдэг балчир үрсийн өлсгөлөн ходоодыг хэн ч юман чинээ бодсонгүй.

Үргэлжлэлийг…