Уг нь тэр маргаангүй сайн улстөрч. Улс төр дэх цөөхөн лидерүүдийн нэг. Энэ гал тогоон дахь гарамгай тоглогч гэдэгтэй хэн ч маргахгүй. Ямартаа л Ч.Сайханбилэгийг хуучин албан тушаалд нь шинэ нэршлээр үлдээж дөнгөв. Харин тэр өөрөө эрх баригч намын дарга төдийгүй гүйцэтгэх засаглалыг хөдөлгөгч, хөлдөөгч, ууршуулагч шидтэн. Зарим нэгний хэлснээр дарангуйлагч болж дөнгөсөн. Тэгвэл өдгөө Ерөнхий сайдыг өөрөө хийх гэнэ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх асуудлыг өргөн барихын оронд АН-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлэв. Шаардлагад ээлжит бус чуулганы хуралдаанаас өмнө АН-ын ҮЗХ-г хуралдуулж, намын дарга нь Ерөнхий сайд байх ёстойг тодотгосон юм. Шаардлага хүргүүлсний маргааш буюу өнгөрсөн бямба гарагт АН-ын бүлгийн гишүүд намын даргындаа өдрийн зоог барьжээ. Мэдээж зоог зорилготой. Амралтын өдрүүдэд ҮЗХ-г хуралдуулахгүй гэдгийг дарга нь хэлсэн тухай гишүүд нь өгүүлж байсан. Улмаар тэрхүү зоогт Ерөнхий сайд ч очжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоон хоногт өрнөсөн үйл явц хэлбэр төдий жүжиг байж.

УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед Засгийн газраар оролдож, огцруулсан муу нэр зүүхийн оронд Ч.Сайханбилэг асуудлыг өргөн барина. Анхнаасаа намын ҮЗХ хуралдахгүй гэдгийг шаардлагын эзэн ч сайтар мэдэж байсан. Тиймдээ ч цаг хугацааг нь тулгаж, гардуулсан нь учиртай. Хэдийгээр зургаан сайдын асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх саналаа хүргүүлсэн ч асуудлыг бүлгийн дарга нар өргөн барихаар хэлэлцэж тохирчээ. Төрийн тэргүүнтэй зөвшилцөнө гэдэг зөвшөөрүүлэхийн нэр биш. Эндээс ямар хариулт гарах нь падлийгүй. Намын удирдлагуудыг суулгаж байгаад эв, эетэй байхыг сануулсан Ерөнхийлөгчийн үг ч одоо хамаагүй. Гол нь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар асуудлыг УИХ-д өргөн барихаар болсон байна. Зүй нь хуулийн хүрээнд асуудлыг Засгийн газраас өргөн мэдүүлэхгүй бол УИХ дур мэдэн хэлэлцэх ёсгүй. Иймээс Ерөнхий сайдын татгалзсан ажлыг дээрх хоёр эрхмээр хийлгэхээр болж.

Зэ-гийн ганц хүсч, бас яарч байгаа асуудал нь энэ. Парламентад суудалтай улс төрийн намууд ээлжит бус чуулганы хуралдааныг ирэх есдүгээр сард хуралдуулах хүсэлт гаргасан ч Спикер хүлээж аваагүй. Хэлэлцэх гол асуудал нь МАН-ын зургаан сайд. Магадгүй 10 хоногт үүнээс өөр асуудал хэлэлцэхгүй. Хууль зөрчин байж асуудлыг түргэвчилэх шалтгаан мань хүнд бий юм. Тиймдээ ч өргөн бариагүй асуудлыг төлөвлөсөн хэрэг. Гэхдээ дээрх хоёр эрхмээр асуудлыг УИХ руу оруулбал зургаан сайдыг чөлөөлсөн биш огцруулсан гэж үзэх үндэслэлтэй. Тэгсдүүлж хэлбэл, МАН одоогийн зургаагаа өөрөөр нөхөөд явах боломж эрх зүйн хүрээд бий болно. Уг нь МАН Засгаас гарсан ч, үлдсэн ч улс төрд, эдийн засагт, улс оронд дээшилж, дэвжих зүйл байхгүй. Товчхондоо, ямар ч өөрчлөлт гарахгүй. Гагцхүү АН-ынхны хувьд хэн нь эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, хэрхэх л тоглолт явагдах юм. Тиймдээ ч энэ бүхний дараа намын дарга нь Ерөнхий сайдын суудлаа авахаар хэлэлцэж тохирсон гэнэ. Ямартай ч ээлжит бус хуралдаан зарласан 14 хоногт МАН-ыг Засгаас хөөж, үүний дараа ҮЗХ-г хуралдуулахаар нам дотор хэлэлцжээ. Хэрэв ҮЗХ-ын гишүүд намын дарга нь Ерөнхий сайдын албыг хаших ёстой гэж үзвэл хэн нь үлдэхээ шийдэх аж. Тэр үед одоогийн намын дарга нь Ерөнхий сайдын суудлыг авахаар болсон ч Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагагүй гэнэ. С.Баярын Засгийн газар шиг шууд шилжүүлэн хүлээлгэж өгөхөөр хэлэлцжээ.

Гэхдээ энэ бүх үйл явц Ч.Сайханбилэгт ашигтайгаар эргэх магадлалтай тул мань хүн үг дуугүй болзлыг хүлээн авч, хөдлөж эхэлсэн байна. Намын даргадаа шаардлага хүргүүлснээр нэр хүнд нь өсч, олны дэмжлэгийг хүлээх болсон. Нөгөөтэйгүүр, одоогийн намын даргыг намын Их хурлаар батламжлаагүйн дээр нөхөдтэйгөө баг болж ажиллаж чаддаггүй гэх шүүмжлэл их. Мөн Зэ-г эсэргүүцэгч залуучууд нам дотор олон. Дарангуйллын шинжтэй тулгаж, шаарддаг занг нь тэвчиж чадахаа больсон гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, тэр хэтэрхий олон дайсантай. Аюултай тоглоомоор наадахдаа сурамгай тэрбээр энэ удаад алдах магадлал өндөр юм.

Гэвч хэн нь Ерөнхий сайд, намын дарга болохоос илүүтэй эрх мэдлийн төлөөх шуналын шугамыг Үндсэн хуулиар үгүй хийх шаардлагатайг хуульчид хэлж байгаа юм.

niigmiintoli.mn