1955 оны 4 сарын 18-ны өдөр. Шөнийн 1 цаг 15 минутад суут физикч Альберт Эйнштэйн германаар хэдэн үг хэлээд нас барав. Тэр үед байсан сувилагч герман хэл мэддэгүй байсан тул агуу эрдэмтний сүүлчийн үгсийг хэн ч мэдэж чадсангүй. Түүний хүсч байсны дагуу цогцсыг нь тэр өдөртөө чандарлаж, хүмүүсээс нууцалсан газар цацжээ. Гэвч шарил чандарлах газарт ирсэн түүний биенд нэг зүйл дутуу байлаа. Энэ болтархи нь байсан юм. 

Эйнштэйний цогцост задлан шинжилгээ хийсэн Томас Харви гэгч эмч тархийг нь аваад хэмжиж, жигнээд формальдегидийн уусмалтай шилэн саванд хийж авчээ. Үүнийхээ дараа цогцсыг чандарлах газарт хүргүүлсэн байна. Үүнийг тэрээр хэний ч зөвшөөрөлгүйгээр хийж орхив. Хэдийгээр Эйнштэйн тархиа шинжлэх ухааны тусын тулд судлуулахыг зөвшөөрсөн гэдэг цуу яриа байдаг ч энэ явдалд Эйнштэйний хүү Ханс Эйнштэйн маш их дургүйцэв. Гэвч Харви эмч Хансыг ятгасаар зөвхөн судалгааны зорилгоор ашиглаж болно гэсэн гарын үсэг зуруулж авчээ. 

Харви Эйнштэйний тархийг гэртээ хадгалж байгаад дараа нь Пенсилванийн их сургуулийн лабораторт аваачин зүсэж 240 жижиг хэсэг болгон хуваасан байдаг. Үүнээс хойш тэрээр тархийг гэртээ хав дарсан бөгөөд ямар ч дорвитой судалгаа хийгдсэнгүй. Угаасаа ч өөрөө тархи мэдрэлээр мэргэшсэн эмч биш тул судалж ч чадахгүй байв. Хорь гаруй жилийн дараанаас л эрдэмтэн судлаачдад бага багаар өгч эхэлсэн байдаг. Харин жинхэнэ мэргэжлийн судлаачид Эйнштэйний тархинаас олон сонирхолтой зүйл илрүүлсэн юм. 

Түүний тархины жин нь 1230 грам байсан нь дундаж насанд хүрсэн хүнийхээс (1400 грам) бага байв. Хүний тархинд нейрон эсүүдийг тэжээж байдаг глиал эс гэж байдаг. Эйнштэйний тархин дахь глиал эсийн тоог түүний насан дээр өнгөрсөн бусад хүмүүсийнхтэй харьцуулж үзэхэд 73 хувиар их байв. Эндээс түүний тархины нейронууд жирийн хүнийг бодвол маш их энерги хэрэглэж байсан гэж дүгнэж болно. 

Тархинд мөн зулайн доод хэсгэнцэр (inferior parietal lobule) хэмээх хэсэг байх бөгөөд энэ нь хүний математик сэтгэлгээ болон визуал орон зайн мэдрэмжинд гол үүрэг гүйцэтгэнэ. Жишээлбэл пирамид, куб зэрэг гурван хэмжээст дүрсүүдийг ялгах, хол ойрыг мэдрэх, очсон газраа дахиж очихдоо замаа санах зэрэгт тархины энэ хэсэг ажиллана. Эйнштэйний энэ хэсэг нь жирийн хүнийхээс 15 хувиар өргөн бөгөөд сайн хөгжсөн. Хэрвээ огт мэдэхгүй хүний тархи ийм байх юм бол төсөөллийн чадвар нь өндөр хөгжсөн гэж дүгнэж болохоор. Харин Эйнштэйн маш сайн төсөөлөн боддог байсан. 

“Төсөөлөл бол мэдлэгээс чухал. А.Эйнштэйн”

Мөн түүнчлэн түүний тархины духны болон доод хэсгийн завсар орших lateral sulcus хэмээх ховил нь энгийн хүнийхээс хамаагүй богино байв. Энэ нь ховил хэсгийн нейрон эсүүд хоорондоо нягт байрлах нөхцлийг үүсгэнэ. Ингэснээр эсүүд илүү хурдан харилцан ажиллах боломжийг бий болгож, хурдан сэтгэхэд нөлөөлдөг байж болох юм гэсэн таамаг бас бий.

Эцэст нь хэлэхэд хүмүүс бид тархиныхаа нууцыг тайлах яагаа ч үгүй байна. Иймээс ямар нэгэн тархийг шинжилж үзээд бүрэн итгэлтэй дүгнэлт гаргах нь хэцүү. Хэдий тийм боловч тархины судлал бас ч гэж хөгжсөн тул боломжийн хэмжээнд дүгнэлт хийж болно. Гэхдээ Эйнштэйний тархи хамгийн энгийн шинж тэмдгүүдээрээ ч жирийн хүнийхээс онцгой байсан юм.

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй