Манай улсад хамгийн их борлуулалттай АИ92 шатахууны үнийг импорт­логчид өнгөрсөн долоо хоногт 30-35 төгрөгөөр нэмсэн бол энэ амралтын өдрүүдэд дахин хотын захын шатахуун түгээх стан­цууддаа 100-110 төгрөгөөр нэмлээ.

Уг нь Засгийн газраас арав хоногийн өмнө ОУВС-тай хэлэлцээрийн ширээнд сууж АИ92, АИ80 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Үүнээс шалтгаалан энэ онд улсын төсөв 60 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан. Улмаар “Шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэсэн мэдэгдлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийж байсан билээ. Гэвч шатахуун импортлогчид үнээ дахин нэмж Засгийн газартай хийсэн тохиролцооноосоо буцлаа. Энэ талаар тодруулахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Ашигт малтмал газрын тосны газар шатахуун импортлогчдод шалгалт хийж байгаа юм байна. Шалгалтын үр дүнгийн талаарх мэдээллийг тэд өнөөдөр өгнө гэв. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар шатахууны Онцгой албан татварыг нэмэх шийдвэр гаргасан.

Тус шийдвэр нь гурван удаа хойшлогдсоор нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болсон байдаг. Энэ сургаар шатахуун импортлогчид шатахууны хязгаарлалт хийсэн. Тухайлбал, “Магнай трэйд”, “Сод монгол”, “Тэс пэтролиум” компани нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим салбартаа АИ92 шатахуун, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтандаа хязгаарлалт хийсэн. Мөн “Тэс пэтролиум” компани нийт 100 салбартайгаас нийслэлд 26, орон нутагт 74 шатахуун түгээх станцтай. Үүнээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 26-н салбараас Нарны гүүрний доор байрлах төв, Баянбүрдийн тойрогт байрлах шатахуун түгээх станц гэх мэт зургаан салбартаа АИ92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн борлуулалтандаа “30 мянган төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй” гэсэн хязгаарлалт хийсэн. Харин “Сод Монгол" групп компанийн шатахуун түгээх станцууд нь дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар олгож эхэлсэн. Түлш худалдан авах мөнгөн дүнгийн дээд хэмжээ нь 100 мянган төгрөг бөгөөд үүнээс дээш хэмжээгээр худалдаалахгүй байсан юм. Мөн “Магнай трейд” компанийн зарим шатахуун түгээх станц дизель түлш болон АИ92 шатахууныг худалдаалахгүй байсан бол зарим нь 20-30 мянган төгрөгийн үнийн дүнгээр хязгаарлалт хийж худалдаалсан нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шалгалтаар баталгаажсан байдаг. Энэ дагуу тус газраас “Шунхлай”, “Сод монгол”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум” гээд нэр бүхий хэд хэдэн компанид тав хүртэлх сая төгрөгийн торгууль ноогдуулах болсноо мэдэгдсэн. Үүний дараа шатахуун импортлогчид тус бүр шатахууныхаа үнийг 30-100 гаруй төгрөгөөр нэмсэн. Түүгээр үл барам шинэ оны босгон дээр шатахуун импортлогчид Засгийн газрыг 246 тэрбум төгрөгөөр "шантаажилсан". Энэ хэмжээний мөнгийг тэдэнд өгвөл шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмнэ. Үгүй бол 200-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тул энэ хэмжээгээр шатахууны үнийг нэмнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ үед нь Засгийн газраас шатахууны Онцгой албан татварыг тэглэснээр шатахуун импортлогчид санасандаа хүрсэн. Гэхдээ үе үеийн  Засгийн газар шатахуун импортлогчдын толгойг илж, эцэстээ тэднийг ийн толгой дээрээ  гаргаж суулгасан хэрэг. Тухайлбал, 2011 онд шатахуун импортлогчид шатахууны үнийг өөрсдийн саналаар 200 гаруй төгрөгөөр нэмсэн. Энэ асуудлыг шийдэхээр Монголбанк, тухайн үеийн Уул уурхайн яам хамтран Жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас шатахуун импортлогч арав гаруй компанид 3.8 хувийн хүүтэйгээр зөвхөн ганц  жилд гэхэд л 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон түүхтэй. Амташсан хэрээ арвангурав дахь удаагаа гэгчээр тэд ингээд зогсохгүй дээр өгүүлсэнчлэн шатахууны үнээ үгсэн хэлэлцэж өнгөрсөн долоо хоногт дахин нэмлээ. Энэ нь цаашлаад өргөн хэрэглээний бараа бүтэгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлөх нь мэдээж. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин