Талхаар маск тавицгаая!
2018/03/15
Эмэгтэй хүний бахархлын нэг нь хөвсгөр, эрүүл гоёмсог үс байдаг. Тиймдээ ч бүсгүйчүүд үс арчилгаандаа онцгой анхаарал хандуулж, үс бэхжүүлж, тэжээл өгөх гоо сайхны олон арга хэрэглэдэг. Харамсалтай нь хөвсгөр үс байгалиас заяасан байдаг тул нэгэнт гэмтсэн үед тэр бүр эргүүлэн хэвэнд нь оруулахад тийм ч амаргүй байдаг. Гэхдээ олон жилийн туршид хүмүүс хэрэглэн, шалгарсан аргууд бас бий. Эдгээрийн нэг нь бидний өдөр тутмын хүнсний салшгүй нэг хэсэг болсон талх. Талх олон төрлийн ашигтай чанарыг өөртөө агуулсан байдаг тул үсэнд маск тавихад нэн тохиромжтой.
Үсэнд тустай шинж чанарууд
Талхны найрлагад олон төрлийн витамин, эрдэс, тэжээлийн бодисууд орсон байдаг тул үсний ургалт, бүтцэд сайнаар нөлөөлдөг. Таны үс удаан ургаж, хэврэг, эсвэл салаапж байгаа бол талхан маск танд яг хэрэгтэй зүйл. Ялангуяа хар талх үсэнд тэжээл өгч сэргээх, эмчлэхэд хамгийн хямд, мөн тун ч үр дүнтэй аргад тооцогддог. Түүнчлэн талхаар бэлдсэн маск нь бүхий л төрлийн үсэнд тохирдог, олон төрлийн гэмтлийг арилгадаг гэдгээрээ давуу талтай.
Хар талхан маск
Хар талхаар маск хийхийн тулд танд 200 грамм талхны үйрмэг, ус хэрэгтэй болно. Талхны үйрмэг дээрээ буцалсан ус хийн /ус талхны үйрмэгээс давах ёсгүй/, ингээд талхны үйрмэг ус бүрэн шингээх хүртэл 30 минут байлгана. Үүний дараа бэлэн болсон зуурмагийг хуйх, үсэндээ жигд түрхэн, гялгар уут, алчуураар орооно. Гучин минутын дараа үсээ бүлээн усаар угаан максны үлдэгдлийг арилгана. Энэхүү маск нь үсийг бэхжүүлж, унахаас сэргийлнэ.
Тарагтай талхан маск
Энэ маскны найрлагад хар талх, тослоггүй тараг орно. Талхаа бутлан үйрмэг болгоод бага зэрэг тараг хийн, 30 минут байлгана. Үүний дараа бэлэн болсон зуурмагийг сэрээ эсвэл блендер ашиглан бутална. Бэлэн болсон маскийг үсний уганд жигд түрхээд 60 минут байлгана. Үүний дараа үсээ бүлээн усаар угаана. Энэ маскийг үс бэхжүүлэх болон үс ургуулах зорилгоор ашиглахад үр дүнтэй.
Зөгийн балтай талхан маск
Маскны найрлагад 200 грамм хар талх, нэг цайны халбага зөгийн бал, нэг цайны халбага гич, нэг өндөг, нэг цайны халбага ургамлын тос орно. Талхны үйрмэг дээрээ буцалсан ус хийн 30 минут байлгана. Үүний дараа зөгийн бал, гич, ургамлын тос нэмээд сайтар хутган үсэндээ түрхэнэ. Үсээ гялгар уутаар ороож, эсвэл зориулалтын малгай өмсөн, гадуур нь алчуураар ороогоод цаг байлгана. Дараа нь бүлээн усаар угаана. Энэ маск гэмтсэн үсийг сэргээж, гялалзсан өнгөтэй болгодог.
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин