Сар шинийн баяр дөхжээ. Энэ цаг үед хамгийн ашиг орлоготой ажилладаг нь хэвийн боов үйлдвэрлэгчид байдаг.  Өөрөөр хэлбэл Монголын бүх айл цагаан сараар хэвийн боов авдаг.  Харин тэрийг нь "Бамбууш",  "Талх чихэр", "Суман гүн", "Өгөөж", Гандан, "Ширхэнцэг", "Бурханы хишиг" зэрэг  цөөн хэдэн үйлдвэр үйлдвэрлэдэг бөгөөд  ингэхдээ  наймаачдын хэлдэгээр хэд дахин нугалсан ашиг олдог нь нууц биш. 

Нууц биш гэдгийн учрыг тайлбарлахын тулд хэдэн тоо бодоцгоое.  Хэвийн боов хийхэд   гурил, шар тос, элсэн чихэр,  давс ордог.   2011 онд хэвийн боов 1200-1400 төгрөгийн үнэтэй байсан.  Энэ үе дээд гурил жижглэнгийн худалдаанд нэг кг нь 900-1000 төгрөг байсан. Тэгэхээр бөөнөөр нь авч байгаа тохиолдолд үүнээс нилээн хямдаар тусна.   Харин элсэн чихэр  кг нь  1600-1800, ургамалын тос литр нь 2767 төгрөг байсан.  Тэгвэл  нэг ширхэг  хэвийн боов 400 грамм жинтэй.  Тэгэхээр 400 грамм гурил 360 төгрөг, атга элсэн чихэр ихдээ л  150 төгрөг, өчүүхэн хэмжээний шар тос 100 төгрөг гэхээр  нэг хэвийн боов 610 төгрөгт бэлэн болчихож байгаа юм.  Тэгэхээр энэ үед үндэсний үйлдвэрлэгчид хоёр дахин ашигтай ажиллаж байжээ.  

2012 онд хэвийн боов  1300-1700 төгрөгийн үнэтэй байсан.  Энэ үед гурил дээд гурил  580-950 төгрөгийн үнэтэй байсан.  Ургамалын тос 2750 төгрөг, элсэн чихэр 1660 төгрөгийн ханштай байсан.  Тэгэхээр  нэг ширхэг хэвийн боов түрүү жилийнхээс нэг их ялгаагүй өртөгөөр бүтсэн ч хэвийн боов үйлдвэрлэдэг үндэсний цөөн хэдэн үйлдвэр маань улам шунаж хэрэглэгч та биднийг мөлжиж үнээ нэмсэн  байна.  

2013 онд  хэвийн боов нэг ширхэг нь 1600-2300 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ нь өмнөх оныхоос 28.4 хувиар буюу 437 төгрөгөөр өссөн дүн аж.2013 оны 2-р сарын байдлаар гурлын үнэ тогтвортой байсан.  Бусад бараа бүтээгдэхүүний үнэ ч өсөөгүй байсан.  Тэгтэл үндэсний үйлдвэрлэгчид дахиад л та биднийг шулсан.  Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэгчид  түүхий эдийн үнэ өсөөгүй тогтвортой байхад жил бүр хэвийн боовны үнийг нэмж хэд дахин ашиг олж байсан нь эндээс харагдаж байгаа юм.

Харин энэ жил хамгийн хямд нь  “Тэнгэрийн хишиг” үйлдвэрийн “Хишиг” хэвийн боов нэг ширхэг нь  1950 төгрөг , хамгийн үнэтэй нь Гандангийнх  2500 төгрөгний үнэтэй байна. Харин бусад үйлдвэр тухайлбал  “Талх Чихэр” ХК-ийн Түмэн насан хэвийн боов 2200 төгрөг, “Суман гүн” трейдийн хэвийн боов мөн л 2200 төгрөг, “Өгөөж”-ийн хэвийн боов нэг ширхэг нь 1950  төгрөгийн үнэтэй байна.

Тэгвэл  энэ оны 1-р сарын 8-ны өдрийн байдлаар  нэг кг нь 640-1100 төгрөгийн ханштай байгаа. элсэн чихэр нэг кг нь 1500-2000 төгрөгийн үнэтэй байна.  Харин шар тос нэг кг нь  6000 төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр  нэг  ширхэг хэвийн боовны жин 400 грамм гэж тооцохоор дээд тал нь 900 төгрөгт бүтэж байна.  Тэд мөн л хоёр дахин нугалсан ашиг олж байна.  

Өнөөдөр үндэсний цөөн хэдэн үйлдвэр үгсэн хуйвалдаж үнээ нэмж, байгаа нь шударга бус үйлдэл юм. Өөрөөр хэлбэл шатахуун  оруулж ирдэг компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн.  Тэр үед  тэдгээр нөхдөд  хариуцлага тооцож байсан түүхтэй.  Харин үндэсний үйлдвэрлэгчдийн  энэхүү ёс бус үйлдэлд  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Манай байгууллагын зүгээс үнийг тогтоох болон хянах боломжгүй” хэмээн тайлбарлаж байна.  Өөрөөр хэлбэл тэдэнд хариуцлага тооцох боломжгүй гэнэ.

Хэн нь иргэдийг мөлжиж болдог хэн нь иргэдийг мөлжиж болдоггүй хорвоо вэ гэсэн  “айхтар муухай” бодол төрж байгааг нуух аргагүй юм.

Өнөөдөр хэвийн боовны амт чанар  нэг их сайжирсан сайхан болсон зүйл алга. Хамгийн амттай, үзэмжтэй нь Гандангийнх.  Харамсалтай  хийдийн хэвийн боовыг зориулалтын бус газарт үйлдвэрлэдэг, ажилчид нь үйлдвэрийн зориулалтын хувцасгүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг .  Тэгэхээр Монгол түмнийг ядаж үндэсний баяраар үндэсний үйлдвэрлэгчид нь шулахгүй л байхад болчих асуудал.  

Өнөөдөр  хямарсан,  эдийн засаг доройтлоо гэж ярьж байгаа.  Тэгтэл  энэ цаг үед үндэсний үйлдвэрлэгчид ядарсан ард түмнээ ингэж “шулах” шаардлага байгаа эсэхийг хаана хаанаа бодох л ёстой асуудал.  

Татвар төлөгч бидний мөнгөөр цалинжиж байгаа, баяжиж байгаа  төрийн албан хаагчид та бүхэн энэ асуудалд анхаарлаа хандуулна уу.

 

А.Баярмаа