Оршуулсаар байх уу
2013/03/19
Хүний амь яасан ч хямдхан болоов дээ. Монголчууд амьдрал даана ч үнэгүй болжээ. Ёстой нөгөө үхсэний хохь гэдэг хүмүүнлэг бус хүйтэн цэвдэг нийгэм ирээ юу даа.
Нэг нь шоронд орж нөгөө нь шороонд булагдсан гунигт хувь тавилан өнөөдөр хэвийн болжээ. Хүн хүндээ чоно болсон энэ нийгмийг хэн өөрчилж хүмүүнлэг болгох вэ? Хаа сайгүй л гэмт хэргүүд, осол эндэгдлүүд. Нэг өдөр 12 хүүхэд хүртэл зам тээврийн осолд орж байгаа тухай мэдээ байна. Ямар дайн болоов ээ манай улсад.
Зам тээврийн осол, барилгын осол, гэмт хэргийн золиос, албан тушаалтны буруутай үйлдлээс болж, эмч нарийн хариуцлагагүй байдлаас болж, эцэг эхчүүдийн буруугаас болж цаашлаад архинаас болж хичнээн хүн хорвоог орхино вэ? Үхжээ гээд баахан сенсаацлах манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэрхэн үед бөөн бөөнөөрөө “баасан дээр суусан ялаа” шиг бужигначихаад удахгүй мартаж орхино. Хэргүүдийн шалтгааныг судлан юунаас болсон, юуг өөрчлөх шаардлагатай вэ? хэн хариуцлага хүлээх вэ, дахин ийм хэрэг гаргахгүй байх ямар арга байна гэдгийг тодорхой гаргаж тавьбал сэтгүүлч хүний гавъяа тэр болох байх даа.
Харамсалтай нь эмгэнэлт явдлыг тэрхэн үед нь шуугьчихаад оршуулсных нь маргааш л мартдаг нь ямар их гутамшиг вэ? Ингээд л цөөхөн монголчуудаа оршуулсаар өнөөг хүрчээ? Оршуулган дээр нь гайхамшигтай мундаг байсныг нь магтаж, уйлж унжаад л өнгөрнө.
Ахиад л хүмүүс машинд дайруулна, ахиад л эмнэлгийг ажилчдын хариуцлагагүйгээс болж хүн эндэнэ. Дахиад л оршуулаад, хөдөөллүүд орхих уу? Энэ чөтгөрийн тойрог тэгээд хэзээ төгсөх юм бэ? Төр болон холбогдох байгууллагууд юу хийж байна вэ? Анхаарлаа хандуулж, арга хэмжээ авах болоогүй юу? Хүүхдээ өвлийн хүйтэнд морьний нуруун дээр тавьж найралж, наадамлах нь хаанахын ёс вэ? Ёстой муугийн ёс биш харин монголын л ёс доо. Гэвч энэ монголын ёс өнөөдөр муугийн ёс болж хүүхэд эндэж, бэртэж байхад үүнийг яагаад хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд чихнийхээ хажуугаараа өнгөрөөнө вэ? Үүнийг хэзээ ч хараагүй юм шиг, үзээгүй юм шиг, сонсоогүй юм шиг суусаар л байх уу? Энэ мэтээр бэртэж, гэмтэж, унаж, хальтирч, хордож хорвоог орхисоор байгааг дуугүй үргэлжлүүлээд байх уу?
Амиа хорлолт гэсэн нэг аймшигт хэрэг байна. Үүний манайхан золгүй явдал гэж нэрлэдэг. Үнэхээр золгүй явдал мөн үү. Яагаад үүнийг зүгээр л золгүй явдал гээд л тоохгүй өнгөрөөгөөд байна вэ? Амьдад нь тоохгүй мөртлөө үхсэнийх нь хойно магтсаар байх биш харин амьдад нь хайрлах нь чухал шүү дээ. Амьдадаа хайрлаагүй байж үхсэнийх нь дараа хайрлана гэж худал.
Цөөхөн Монголчуудаа хайрлалгүй, хамгаалалгүй оршуулсаар байх уу? Хүн бүр хорвоог орхих нь үнэн боловч цагаасаа эрт жам бусаар хорвоог орхимооргүй байна. Хүн бүр амьдрахыг л хүсдэг. Аюулгүй амьдрах баталгаа байна уу.