Н.Энхболд: Ажилтнууд ажлын байранд ажлын цахим үнэмлэхээ байнга биедээ авч явах үүрэгтэй
2018/03/26
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шалган нэвтрүүлэх хяналтын систем шинэчлэгдэж буйтай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн бүсэд болон обьектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам” шинэчлэгдлээ. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу уг журам нь энэ оны 3 дугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Журмаар үйлдвэрийн бүс, обьектод нэвтрэх компанийн ажилтан болон бусад хүнд олгох цахим үнэмлэхний ангилал, олголтын асуудал, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болон гадны хүмүүсийг компанийн бүс, обьектод хэрхэн нэвтрүүлэх, үйлдвэрийн бүс, обьектод тээврийн хэрэгслийг яаж нэвтрүүлэх вэ гэсэн гурван багц асуудлыг зохицуулж байгаа аж. Шинэчлэгдсэн журмын талаар Хууль эрхзүйн газрын хуульч Н.Энхболдоос тодруулав.
-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шалган нэвтрүүлэх системийн шинэчлэл хийгдэж байна. Шинэчлэл яагаад хийгдэх болсон бэ?
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалтыг баталж, Эрдэнэт үйлдвэрийг улсын онц чухал объектоор тогтоосон. Улсын онц чухал объектын хамгаалалтыг хэрэгжүүлэх, компанийн аюулгүй байдлыг хангахын тулд Ерөнхий захирлын 2016 оны А/110 дугаар тушаалаар батлагдан мөрдөгдөж байсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журмыг шинэчлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн юм.
-Үйлдвэрийн бүс болон обьектод нэвтрэх хамгийн гол бичиг баримт бол ажилтны цахим үнэмлэх. Шалган нэвтрүүлэх системийн шинэчлэлтэй холбоотойгоор ажилтны ажлын үнэмлэх өөрчлөгдөж, нийт ажилтнуудад олгосон. Энэхүү цахим үнэмлэх болон эдгээрийг олгох, ашиглах журмын онцлог нь юу вэ?
Эрдэнэт үйлдвэрийн болон гэрээт байгууллагын нийт ажилтнуудад батлагдсан загварын дагуу ажлын цахим үнэмлэх, ашиглах журам шинээр батлагдаж, энэ оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. Журмыг ерөнхий захирлын А/10 тоот тушаалын дагуу бүтцийн нэгжийн дарга нар, хүний нөөцийн мэргэжилтнүүд нийт ажилтнуудад танилцуулсан. Ажилтны үнэмлэх бол тухайн иргэнийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллаж байх хугацаанд компанийн ажилтан болохыг гэрчлэх үндсэн баримт бичиг болохын зэрэгцээ компанийн өмч болно. Журамд ажилтанд үнэмлэхийг анх удаа болон эсвэл бүтэц зохион байгуулалт, албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд үнэ төлбөргүй олгоно. Харин хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд тухайн ажилтны өргөдөл, нэгжийн даргын зөвшөөрлийг үндэслэн 15000 төгрөгийн төлбөртэйгөөр олгоно гэж тодорхой заасан нь шинэ заалт болсон. Энэ нь компанийн дотоод дэг журмыг сахиулах, ажилтнуудын хөдөлмөрийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.
Мөн цахим үнэмлэхний ашиглалтын талаар тодорхой зааж өгснөөрөө онцлогтой. Тухайлбал, компанийн ажилтан үнэмлэхээ ажилд ирэх, тарах болон ажлын цагийн үргэлжлэх хугацаанд байнга биедээ авч явахыг үүрэг болгосон. Хэрэв ажлын үнэмлэхгүй ирвэл компанийн бүс, обьектод нэвтрүүлэхгүй. Шинэчлэгдсэн цахим үнэмлэх нь зөвхөн ажлын байранд нэвтрэх баримт болох төдийгүй ажлын цагийн болон халуун хоолны бүртгэл, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, хүний нөөцийн мэдээллийн систем, цалин хөлсний зэрэг программ хөнгөмжтай уялдаж ажиллана. Ингэснээр энэхүү цахим үнэмлэх шинэлэг, боловсронгуй болсон гэж хэлж болно. Бүтцийн нэгжийн дарга, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд ажилтнуудаа бүрэн үнэмлэхжүүлэх, ашиглалтын байдалд нь тогтмол хяналт тавих үүргийг журманд тусгаж, үнэмлэхгүй ирсэн ажилтныг ажил тасалсанд тооцох, бусдын үнэмлэхийг шалган нэвтрүүлэх төхөөрөмжид уншуулах, бусдад ашиглуулах зэрэг зөрчил гаргасан ажилтанд сахилгын хариуцлага тооцохыг заасан. Хяналтын болоод хариуцлагын заалтуудыг тодорхой тусгасан нь уг журмын онцлог болж байгаа.
-Үйлдвэрийн бүс болон обьектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам шинэчлэн баталлаа. Ажилтан, гэрээт байгууллагын ажилтнууд үйлдвэрийн бүс болон обьектод нэвтрэхдээ ямар үүрэгтэй байх вэ?
Дахин хэлэхэд, ажилтнууд ажлын байранд ажлын цагаар ажлын үнэмлэхээ биедээ байнга авч явах үүрэгтэй. Үйлдвэрийн бүсийн автозамын нэг, хоёрдугаар цэгээр болон Ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байранд суурилуулсан шалган нэвтрүүлэх төхөөрөмжид ажлын цахим үнэмлэхээ уншуулж, шалган нэвтрүүлэх төхөөрөмжийг зааврын дагуу ашиглан нэвтрэнэ. Хэрэв жижүүр, харуул хамгаалалтын албаны ажилтан шаардсан тохиолдолд үнэмлэхээ тухай бүрд нь шалгуулах үүрэг хүлээнэ. Гэрээт байгууллагын ажилтнуудын хувьд гэрээт ажилтан гэсэн цахим үнэмлэхийг өөрийн байгууллагын ажлын үнэмлэхтэй хамт авч явна гэж заасан.
-Тэгвэл гадны хүмүүсийг хэрхэн нэвтрүүлэх вэ?
Гадны хүмүүст “Зочин” гэсэн цахим үнэмлэх түр олгож, автозамын нэгдүгээр цэгт байрлах шалган нэвтрүүлэх байранд Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгсний дараа нэвтрүүлнэ. Ингэхдээ тухайн хүмүүсийн ажлын үнэмлэх болон бусад хувийн баримт бичгийг үндэслэн “Зочин” цахим үнэмлэхийг олгох юм. Зочин цахим үнэмлэхийг үйлдвэрийн Ерөнхий захирал, түүний орлогч нар, бүтцийн нэгжийн дарга, орлогч нартай уулзах, мөн компанитай аливаа асуудлаар харьцах зорилгоор удирдлагуудын туслах, нарийн бичиг референт нарын зөвшөөрөлтэй гадны хүмүүст албан бичиг, захидал, гэрээ, өргөдөл зэргийг үндэслэн олгоно гэж журамд тусгасан.
-Тээврийн хэрэгслийн тухайд?
Тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хэд хэдэн заалтыг илүү тодорхой тусгасан. Тухайлбал, үйлдвэрийн бүс обьектод нэвтрэх компанийн ажилтнуудыг тээвэрлэх автобуснаас бусад бүх тээврийн хэрэгслийн жолооч нь орох, гарах бүрдээ шалган нэвтрүүлэх цэгүүдэд зогсон, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтрааж, зорчигчдыг буулган шалган нэвтрүүлэгч харуул хамгаалалтын албаны ажилтанд тээврийн хэрэгслийг шалгуулна. Харин автомашины зорчигч, ажилтан нар ажлын үнэмлэхээ уншуулж, гадны хүн “Зочин” гэсэн цахим үнэмлэх авч, шалган нэвтрүүлэх цэгээр үнэмлэхээ уншуулж нэвтэрнэ гэж оруулсан. Өмнө нь тухайн авто машинд яваа зорчигчдыг буулгалгүйгээр шалгаж оруулдаг байсныг журмаар ингэж өөрчилсөн байгаа.
Мөн нэг удаа нэвтрүүлэх зөвшөөрлийн үнэмлэхийг дараах ажил үүрэгтэй тээврийн хэрэгслүүдэд олгоно. Үүнд, компанид гэрээгээр ажил гүйцэтгэдэг иргэн, гадны байгууллага, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг Хууль эрх зүйн газрын болон Үйлдвэрлэлийн хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтсийн зөвшөөрлийн дагуу Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер баталгаажуулан үйлдвэрийн бүсэд нэвтрүүлнэ. Харин тухайн гүйцэтгэх ажилтай холбоотой цех нэгжийн удирдлага нэг удаагийн зөвшөөрлийг олгох юм. Түүнчлэн онцгой нөхцөл байдал үүссэн үед шалган нэвтрүүлэх ажиллагаа, гадны жуулчид, төлөөлөгчид, оюутан бусад хүмүүст үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулах талаар тодорхой тусгаж өгсөн байна. Үйлдвэрийн бүс болон обьектод нэвтрэхдээ ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг уг журмаар зохицуулж байгаа нь компанийн аюулгүй байдлыг хангах нэг чухал нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм. Шалган нэвтрүүлэх системийг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн ажилтнууд, харуул хамгаалалтын үйл ажиллагааг хариуцаж байгаа Гэрээт цагдаагийн хэлтэс, Хууль эрх зүйн газартай хамтарч ажиллаасай гэж хүсч байна.