“Боса”-гийн салбарт өдөрт дөрвөн кг хонины мах зарагдаж байна. Нөөцийн мах бэлтгэн жил бүр худалдаанд гаргадаг. Хаврын цагт үнэ нь тэнгэрт хаддаг махны үнийг тогтоон барьж, иргэдэд боломжийн үнэтэй мах санал болгох нь энэ ажлын гол зорилго.

Энэ жил дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн худалдахаар болсныг сүр дуулиантай мэдээлсэн билээ. 11 аж ахуйн нэгжээр 13 мянган тонн мах бэлтгүүлж, 140 гаруй цэгээр борлуулахаар болсон юм. Үүнээс хойш хоёр долоо хоног өнгөрчээ. Өнгөрсөн хагас сарын хугацаанд нөөцийн махны борлуулалт, хэрэглэгчдийн санал, хүсэлт болон махны үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. Гэвч эрэл маань эхнээсээ л мухардалд орчихов. Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн ихэнхийг нь гүйцээсэн боловч нөөцийн махны барааг харж чадсангүй. “Манайд ирээгүй, хэзээ ирэхийг мэдэхгүй, энэ талаар мэдээлэл алга” гэсэн хариулт л сонсоно. Сүлжээ дэлгүүрүүдээс зөвхөн “Боса” худалдааны төвийн 11 салбарт энэ сарын 10-наас хойш нөөцийн мах худалдаалж байгаа аж. “Монголын махны холбоо”-ноос түгээлт муу байгаа шалтгааныг лавлатал нөөцийн махыг савлах уут хэвлэхэд техникийн саатал гарсан гэх бүтэлгүй хариу өглөө. Уг нь нөөцийн мах бэлтгэх ажлыг өмнөх жилийн намраас эхлэн бэлтгэлээ базааж эхэлдэг. Гэвч уут мэтийн жижиг асуудлаас болоод өнөөг хүртэл хэрэглэгчдийн гар дээр хүрч чадсангүй. “Маргаашнаас /өнөөдрөөс/ “Миний сүлжээ” болон бусад дэлгүүрт хэвийн нийлүүлнэ” хэмээн “Монголын махны холбоо”-ны менежер И.Баттогтох тайлбарлав. Цааш нь бид нөөцийн мах борлуулж буй “Боса” сүлжээ дэлгүүрийн Эх нялхас дахь салбараар орлоо. Эднийд хагас сарын өмнө нийт 224 кг мах иржээ. Үхрийн мах 95 кг ирээд бүгд дууссан бол хонь, ямааны махны эрэлт муу учир өдөрт дөрвөн кг-аас хэтрэхгүйг борлуулж байгаа аж.

Ер нь хонь, ямааны махнаас илүү үхрийн мах нь эрэлттэй байдаг гэж салбарын худалдагч хэлсэн юм. Үнийн хувьд үхрийн мах 5500, хонь 5300, ямааных 4400 төгрөгөөр зарагдаж байв. Мах худалдан авахаар сонирхож буй иргэдээс сэтгэгдлийг нь сонирлоо. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн С.Дуламжав “Нөөцийн махыг хэдэн жилийн өмнө хэрэглэж байсан. Одоо махны үнэ ханш өндөр үед хэрэглэмээр байна. Гэхдээ хаагуур зарагдаж байгааг нь сайн мэдэхгүй юм. Олдохгүй байгаа сурагтай” хэмээн ярилаа. Харин Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн “Нөөцийн мах өнгөрсөн жил хэрэглэсэн. Ясны үйрмэг ихтэй болохоор хүүхэд идэх боломжгүй юм билээ. Бас хэтэрхий их ястай. Нөөцийн мах гэхээсээ илүү нөөцийн яс гэмээр л санагдсан. Ясыг нь чанаж, шөл гаргаад хоол хийвэл зүгээр юм уу даа. Тийм махыг таван мянга гаруй төгрөгөөр авч байснаас мянган төгрөг нэмээд зөөлөн шинэ мах авсан нь дээр шүү дээ” гэсэн юм. Үнэхээр түүний хэлсэнчлэн нөөцийн махны үнэ зах болон бусад дэлгүүрт зарагдаж буй шинэ махтай өрсөлдөж чадахгүй нь илт байв. Тухайлбал, “Хүчит шонхор” зах дээр хонины гулууз мах кг нь дөрвөн мянга гаруй төгрөгөөр зарагдаж байна. Харин жижиглэнгийн мах чанараасаа хамаараад 5-6 мянган төгрөгийн үнэтэй. Түүнчлэн 16 дугаар хорооллын “Саруул тэнгэр” цогцолборт байрлах хүнсний дэлгүүрт хонины шинэ мах 4900, үхэр 6500, ямаа 3900 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Баянзүрх захын тухайд үхрийн мах 7500, хонь 6500 буюу харьцангуй өндөр үнэтэй байна. Гэхдээ бусад жижиг дэлгүүрийн үнийг сонирхоход ихэнх нь нөөцийн махтай ижил үнэтэй, зарим тохиолдолд илүү хямд ч байв. Дэлгүүр, захуудад шинэ мах ийм үнэтэй байхад зооринд хагас жил шахам дарагдсан яс ихтэй нөөцийн махыг авах хүн хэр олдох бол. “Хүчит шонхор” захын махны худалдагч нэгэн эмэгтэй “Нөөцийн махны үнийг зах зээлийн үнээс доогуур тогтоож чадахгүй байгаа. Энд зарагддаг мах таван мянга гаруй төгрөг л байна. Гэтэл нөөцийн мах шинэ махны үнэтэй адил байхад хэн авах вэ дээ” гэв.


Нөөцийн мах шинэ махны үнэтэй адил байхад хэн авах вэ

Нөөцийн мах нийлүүлэх гэрээтэй дэлгүүрүүдрүү утсаар холбогдож, зарим зүйлийг тодруулав. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны “мөнгөн ундраа” дэлгүүрийн худалдагч “Манай дэлгүүртэй гэрээ хийгээд нөөцийн мах нийлүүлж байгаа. гэхдээ гэрээний дагуу хугацаандаа хэвийн хэмжээгээр тогтмол өгдөггүй нь хүндрэлтэй байна. Учрыг нь асуухаар олон шалтгаан тоочдог” гэв. Мөн 7-н буудлын ойролцоох “Отгонбайгал” дэлгүүррүү утсаар холбогдоход, “Нөөцийн мах 40 кг ирсэн. Борлуулалт муу байна. худалдах үнэ нь энэ хавьд өндөрт тооцогдоно. Манай энэ хавьд мах дөрвөн мянга гаруй төгрөгийн л үнэтэй байгаа шүү дээ. Тиймээс ийм үнэтэй нөөцийн мах авах хүн алга” хэмээн худалдагч нь ярилаа. Ер нь нөөцийн махны чанар муу, яс ихтэй, хэтэрхий үнэтэй байна гэх шүүмжлэл жилийн жилд оволздог. Гэсэн ч яамны нөхөд энэ жил ч өмнөх алдаагаа давтаж буй бололтой. Нэгэнт хүн тоож авахааргүй мах бэлтгэхийн төлөө улсын төсвөөс өчнөөн тэрбумаар нь үрэх шаардлага байхгүй байна.

"ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН