Тамга авч зугтвал нэг сая төгрөгөөр торгоно
2018/05/10
Сүүлийн үед ажлаа өгөхгүй гэж тамга тэмдэг авч зугтдаг хэрэг гарсаар байгаа. Тэгвэл энэ төрлийн хэргийг шүүхээр шийдвэрлэж эхэлсэн бөгөөд тамга тэмдэг авч зугтсан этгээдэд ял оноожээ.
Монгол улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 10-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд төрсөн, эмэгтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд оршин суух хаягтай, Дээд боловсролтой, багш, арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, Бургууд овагт Хорлоогийн Өлзийсайхан гэгч тамга тэмдэг авч явсан хэргээр шүүхээс ял аваад байна. Тэрбээр 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн засаг даргын Б/30 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажлаа хүлээлцүүлж өгөлгүйгээр тухайн байгууллагын эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тэмдэгийг зориуд нуусан байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсан Хорлоогийн Өлзийсайханыг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/30 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал шийдвэр гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан аймгийн засаг дарга Ш.Оргил нь захирамжиндаа Х.Өлзийсайхантай холбоотой тооцоог хийж дуусгахыг цэцэрлэгийн нягтлан бодогчид, ажил хүлээлцүүлэх ажлыг хэсэг томилж, холбогдох акт баримтыг бүрдүүлж ажиллахыг Шаамар сумын засаг дарга М.Баярбаатарт нарт тус тус даалгасан захирамж гаргасан байдаг. Ингээд Шаамар сумын засаг дарга М.Баярбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Б/16 дугаартай ажил хүлээлцэх, ажлын хэсэг томилох тухай Шаамар сумын засаг даргын захирамж гаргасан. Х.Өлзийсайханы ажлыг хүлээлцүүлэхээр 11 дүгээр цэцэрлэг дээр очсон боловч Х.Өлзийсайхан нь ажлын байран дээрээ байхгүй, өрөө нь цоожтой байжээ. Олон хоног Х.Өлзийсайхантай хөөцөлдөж орон гэрт нь хүртэл очсон боловч тухайн үед гэртээ байхгүй, гар утас руу нь залгахад холбогдохгүй 2 сар гаран болсон. Энэ хугацаанд цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн бус явагдаж, төрийн сангаас мөнгө, төгрөгний гүйлгээ зогсож, цэцэрлэгийн багш, ажилчдын цалин хөлс болон цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол болон бусад зардлыг Дулаанхаан тосгоны захирагч нь шийдэж байж. Ингэхдээ хувь хүний дэлгүүрээс зээл авч хоол, хүнсний зүйлийг нь хүртэл шийдэж байсан гэдгийг учирлаж байна.
Х.Өлзийсайхан нь дур мэдэж албан өрөө тасалгаанаас байгууллагын тамга, тэмдэг, байгууллагын гэрчилгээ холбогдох бичиг баримт болон Өлзийсайханы нэр дээр бүртгэлтэй 1.058.400 төгрөгний зөөврийн компьютер 1 ширхэг, 777.700 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютер 1 ширхэг, 799.000 төгрөгний үнэ бүхий хөлдөөгч 1 ширхэг, 528.000 төгрөгний үнэ бүхий 4 метр эрдэнэт хивс 1 ширхэг, 1.279.000 төгрөгний үнэ бүхий Нарны цахилгаан үүсгүүр 1 ширхэг нийт 4.469.100 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг авч явсан байсан.
Түүнээс тамгыг авах гэж гуйж, аргадаж үзсэн талаар эх сурвалжууд хэлсээр байна. Тухайлбал, Ж.Ганболд шүүх хуралд хохирогчоор оролцохдоо: Х.Өлзийсайхан нь ажлаасаа халагдснаасаа хойш тус цэцэрлэгийн тэмдгийг авч өнөөдрийг хүртэл буцаан олгоогүй байна. Би Х.Өлзийсайхантай шүүх болон аймгийн засаг даргын байранд таарахдаа “ахдаа тэмдгээ буцаагаад өгчих, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан талаарх гомдлоо тусад нь гаргаад шийдвэрлүүлж болно шүү дээ” гэж хэлэхэд надад тоймтоо хариулт өгөөгүй гэв.
Сэлэнгэ аймгийн шүүх Сэлэнгэ аймгийн засаг дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайханыг “ажлаас чөлөөлөх тухай” захирамж гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзсэн. Тиймээс Х.Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бичиг баримт, тамга тэмдэг нуух” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 1. 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанар, хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр тухайн зүйл хэсэгт заасан ялаас 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шийдсэн.
Улмаар Бургууд овогтой Хорлоогийн Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бичиг баримт, тамга тэмдэг нуух” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Нэг нэгж нь 1000 төгрөг бөгөөд 1000 нэгж нь нэг сая төгрөг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэрвээ хэн нэгэн дарга цэрэг нь тамга тэмдэг аваад явах юм бол нэг сая төгрөгөөр торгуулах жишиг бүхий шүүх хурал Сэлэнг аймагт боллоо.