"2025-2026 оны хичээлийн жилд поло цамцыг сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд оруулж амжихгүй"
3 цагийн өмнө
Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмүүлэх саналаа Боловсролын Яамнаас Стандарт, Хэмжил Зүйн Газар(СХЗГ)-т хүргүүлээд байгаа.
Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хүрэхгүй хоног үлдээд буй ч уг асуудал хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа тул СХЗГ-аас өнөөдөр тодрууллаа.
Ингэхэд "Боловсролын Яамнаас 2025 оны долдугаар сарын 28-ны өдрийн өдрийн 1/3355 тоот албан бичгээр “Сурагчийн дүрэмт хувцас. Техникийн шаардлага” стандартад “Поло” загварын цамц буюу “захтай футболка”-г нэмэлтээр оруулах саналыг ирүүлсэн.
СХЗГ нь тус саналын дагуу “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 9.2, 9.3, 11 дүгээр зүйл болон ”MNS 1-1:2021, Монгол улсын стандартчиллын тогтолцоо. Техник ажлын журам” стандартад тус тус заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авч, СХЗГ-ын дэргэдэх салбарын гишүүдээс бүрдсэн “Оёмол бүтээгдэхүүний стандартчиллын дэд хороо” (ТХ 16/ДХ 02)-ны 2025 оны наймдугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн.
Цаашид MNS 6814:2019, Сурагчийн дүрэмт. Техникийн шаардлага стандартыг бүхэлд нь хянах, Сурагчийн биеийн тамирын хувцасны стандартыг шинээр боловсруулах шаардлагатай гэж үзээд энэ ажилд мэргэжлийн байгууллагууд дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлсэн" гэх тайлбарыг өглөө.
Мөн энэ хичээлийн жилд поло цамцыг сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд албан ёсоор оруулж амжихгүйг тус газраас мэдэгдэв.
Зочин · 58 минутын өмнө
ANUSN80955877