Хараат байдлаа татвараар хаах бодлого үргэлжлэх үү
2018/05/11
Он гарсаар дэлхийн зах зээл дээр нефтийн ханш тасралтгүй өссөн. Өчигдөр Вашигтоны зүгээс дэлхийн гурав дахь том нефтийн экспортлогч орон Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ сэргээх талаар мэдэгдсэн даруйд олон улсын түүхий эдийн бирж дээр газрын тосны ханш өндөр савлагаа үзүүллээ.
Нью-Йоркийн бирж дээр WTI маркийн нэг баррель (158.9873 литр) газрын тос 71.1 ам.доллар болж 2.97 хувиар өссөн бол Лондоны Brent марк гурван хувийн өсөлт үзүүлж 77 ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2014 оноос хойш анх удаагаа түүхий нефтийн ханш баррель тутамдаа 70 ам.доллар давсан тохиолдол болов. Тэгвэл олон улсын шинжээчдийн зүгээс нефтийн томоохон тоглогч Иран Улс экспортын хоригт орсноор газрын тосны ханш цаашид ч өснө гэх таамаг дэвшүүлээд байна. Дэлхийн зах зээлийн өсөлтийн нөлөөгөөр Монгол Улсад шатахууны үнэ өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тасралтгүй өссөн. Шатахууны импортлогчдын зүгээс дэлхийн өсөлтийн нөлөөллөөр алдагдал хүлээх болсон гэдгээ илэрхийлж, худалдаандаа хязгаарлалт хийснээр нийгэмд багагүй бухимдал үүсээд байлаа. Ингэхдээ Засгийн газраас татварын хөнгөлөлт үзүүлэхийг шаардаж эхэлсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанаар А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэж, дизель түлш болон АИ-95, АИ-98 шатахууны татварыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Гэвч өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард шатахууны үнэ аажмаар өсч, өнөөдрийн байдлаар монголд хамгийн их хэрэглэгддэг АИ-92 төрлийн шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 1730 төгрөгөөр худалдаалж байна. Түүнчлэн хөдөөд бүс нутгаасаа хамаараад 1790-1920 төгрөгийн ханштай байгаа аж.
Ийнхүү гадаадад ханиахад манай шатахуун импортлогчид найтаадгийн шалтгаан нь Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээгээрээ гадаадаас 100 хувь хараат орон. Гадаадын биржийн ханш хөдлөхөд манай зах зээл дээр зарагдаж буй шатахууны хилийн үнэ дагаад өсдөг. Тиймээс өнгөрсөн сард тогтоосон үнээ энэ сард мөрдөж баримталдаг. Тухайлбал, гуравдугаар сарын хилийн үнэ хоёрдугаар сараас нэг хувиар, өмнөх оны мөн үеэс 10 хувиар өсч тонн тутамд 679 ам.долларт хүрсэн нь өнөөдөр мөрдөгдөж байна. Манай улс импортын шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-ын Роснефть компаниас худалдан авч хэрэглэдэг. 2014 онд Роснефть компанитай байгуулсан гэрээний дагуу тухайн сарын худалдах үнийг өмнөх сарын Сингапурын биржийн түүхий нефтийн дундаж үнэд суурилан тогтоодог. Нэгэнт хараат учраас АН-ын Засгийн газар, МАН-ын Засгийн газар ч тэр иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг шатахууны үнийг дээр дурдсанчлан татварын аргаар зохицуулж ирсэн. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом буурах үед Онцгой албан татварыг нэмж төсвийн орлогoo бүрдүүлдэг. Харин өсөхөд татвараа хасах аргаар үнийг тогтвортой барьдаг. Энэ удаагийн Засгийн газрын хувьд өнгөрсөн онд хоёр удаа, энэ жил нэг удаа шатахууны Онцгой албан татварыг бууруулах арга хэмжээ авсан юм. Улмаар энэ оны төсвийн орлого 60 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гаргаад буй. Монголбанкны Судалгаа, статистикийн газрын эдийн засагч С.Мөнхчимэгийн хийсэн судалгаагаар импортын шатахууны нийт өртгийн 46 хувийг бүтээгдэхүүн худалдан авах үнэ, 33 хувийг татвар, 16 хувийг үйл ажиллагааны зардал, таван хувийг ашиг эзэлж байгаа аж. Уг судалгаанаас харахад, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлт үнийн өсөлтөөс сэргийлж буй харагдана. Харин өнгөрсөн хугацаанд хэрэглэж ирсэн шатахуун импортлогчдыг татвар төлөгчдийн халааснаас санхүүжүүлэх буюу үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, валютын зээл хэлбэрээр татаас өгөх зэрэг зах зээлийн бус арга замуудыг үргэлжлүүлэх нь урт хугацааны бус өнөөдөртөө гал унтраах төдий алхам бөгөөд үнийн хэлбэлзлээс сэргийлэх боломжгүй аж. Түүнчлэн шатахуун нь импортын бүтээгдэхүүн учраас валютын ханш шууд нөлөөлдөг. Валютын ханшийн хувьд сүүлийн хэдэн сар тогтвортой байгаа нь шатахууны зах зээлд таатайгаар нөлөөлж байна.
Газрын тосны салбарын судлаачдын зүгээс нэг сая гаруй тонн түүхий газрын тос гадагшаа гаргачихаад, буцаагаад мөн тооны шатахуун гадаадаас худалдаж байгаа улс дэлхийд манайхаас өөр үлдээгүй талаар шүүмжлэлийг 20 гаруй жил хэлсээр ирсэн. Энэ хугацаанд төрөөс нефть боловсруулах мега төслийг эрэлхийлэв. Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтдаг энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл өнөөдөр ч яригдаж байна. Тэгвэл хамгийн сүүлд Засгийн газраас өгсөн мэдээллээр 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Энэтхэгийн компанийн зүгээс бэлэн болгон ирүүлээд байгаа аж. Дорноговь аймгийн Алтан ширээ суманд барихаар төлөвлөсөн уг ТЭЗҮ-ийг олон улсын компаниар дахин нягтлуулж эхэллээ. Дорнод аймагт газрын тосны олборлолт явуулж буй БНХАУ-ын “Петро чайна дачин тамсаг” компанийн талбайгаас түүхий эдээ татахад ойр, дэд бүтцийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн Алтанширээ сумыг сонгосон аж. “Петро чайна дачин тамсаг” компанийн зүгээс ч түүхий эдээр хангах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.
Салбарын яамнаас өгсөн мэдээллээр газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг энэ оны III улиралд багтаан эхлүүлж, 2022 онд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар мэдээлж байсан юм. Энэтхэгээс зээлэх нэг тэрбум ам.долларын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэх бөгөөд нефтиэ нэрж эхэлсэн тохиолдолд хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцжээ. Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 560 мянган тонн шатахуун, 670 мянган тонн дизель түлш үйлдвэрлэх юм.
Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, тосолгоо зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдах тооцоо бий. Үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны импорт нэг тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах макро үр нөлөөтэй гэнэ. Улмаар Монгол Улс стратегийн бүтээгдэхүүний хараат байдлаас ангижирч, дэлхийн зах зээлийн үнийн савалгаанд өртөхгүй байх гарц нээгдэнэ. Монгол Улс энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин