Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нэгдүгээр улиралд 6.1 хувиар өсчээ. Экспорт 506.7 тэрбум төгрөг, үндсэн хөрөнгийн хуримтлал 303.9 тэрбум төгрөгөөр өссөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд голлон нөлөөлсөн аж.

Харин мөнгөний нийлүүлэлт эхний дөрвөн сард 16.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийнхээс 3.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол чанаргүй зээлийн хэмжээ өссөн байна. Чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оныхоос 117.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж байна. Мөн өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд гадаад худалдааны эргэлт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлттэй байна. Экспорт 2.1 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрчээ. Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляци өмнөх оны мөн үеэс зургаан хувьтай гарч, улсын төсөв 98.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Мөн өнгөрсөн оны эцсийн байдлаар ажиллагсдын сарын дундаж цалин хөлс 955400 төгрөг байна гэсэн үзүүлэлт танилцуулав. Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал “944500 төгрөг нь нэрлэсэн цалин. Энэ дүнгээс татвар, шимтгэлүүд суутгагдана гэсэн үг. Нийгмийн даатгал төлөгч  41.5 мянган аж ахуйн нэгжээс албан ёсоор Монгол Улсад татвараа төлж ажиллаж байгаа 700 гаруй мянган хүний цалингийн дунджаас тооцож энэхүү үзүүлэлтийг гаргасан” гэж тайлбарлав. Түүнчлэн  өрхийн сарын дундаж мөнгөн орлого нэг сая төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 137.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт байна. Уг үзүүлэлт нэмэгдэхэд цалин хөлсний орлого,  хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Үүнтэй холбоотойгоор өрхийн сарын дундаж  зардал эхний улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 118.8 мянган төгрөгөөр өссөн байна. Нийт өрхийн 13.4 хувь нь 300 мянган төгрөгөөс доош, 14.3 хувь нь 300-500  мянган төгрөгийн, 29 хувь нь 500-900 мянгөн төгрөгийн, 7.9 хувь нь 2.1 саяас дээш орлоготой аж. Ажиллах хүчний судалгааны дүнгээр эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо эхний улиралд 1.2 сая байгаа юм. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 778.8 мянга нь хотод, 487 мянга нь хөдөө амьдарч байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал ажиллагсад 4.1 мянгаар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 36.5 мянгаар буурч, ажилгүй иргэд 7.6 мянгаар өссөн. Улмаар нийгмийн даатгалын сангийн орлого эхний улирлын байдлаар 720.1 тэрбум төгрөгт хүрснийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал 72.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. 
Түүнчлэн эдийн засгийн идэвхжилийн нөлөөгөөр  барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 248 тэрбум төгрөгт хүрчээ.  Ийнхүү барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2018 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 45.2 тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 15.4   тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Барилга угсралт, их засварын ажлын 9.4 хувийг орон сууцны барилга, 71.3 хувийг орон сууцны бус барилга, 17.2 хувийг инженерийн барилга, байгууламж, 2.1 хувийг их засварын ажил эзэлжээ.  

Үндэсний шуудан сонин