-Өмнөх төслийн мөнгөний зарцуулалтыг зарлаж болох уу-

Саарал ордноос ойрын өдрүүдэд байсхийгээд л малын индексжүүлсэн даатгалын тухай яриа хөврөх болов. Мэдээж мал аж ахуйн салбараа тордож, дэмжих нь бидний хувьд эдийн засгаа солонгоруулах ганц боломж ч гэлээ гишүүдийн маргаад байгаа шалтгаан нь арай өөр зүйл дээр төвлөрөөд байх шиг. Мэдээж гишүүдийн олонхи нь дэмжиж байгаа ч малын даатгалыг хэрхэн хийх вэ гэхээсээ илүү байгууллагын дүрэм, бүтцийн талаар илүү дэлгэрүүлжээ гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Тэгвэл “Малын Индексжүүлсэн Даатгал” төслийг Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран 2005 оны долоодугаар сараас эхлэн туршилтаар Хэнтий, Баянхонгор, Увс, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж 2010 онд дуусгавар болгож байсан түүх бий. 

Зудын эрсдлээс малчдыг хамгаалах үндсэн зорилготой энэхүү төсөл амжилттай хэрэгжсэн болон дампуурсан талаар хэн ч ярьж хэлэлцсэнгүй. Одоогоор шинэхэн мэт сөхөгдөж эхэлсэн энэхүү даатгалыг гишүүд дахин ашиглахаар шийдэв бололтой. 

“Хувийн компаниар даатгалаа хийлгээд давхар даатгалыг нь төр хариуцъя. Энэ компанийг байгуулахад төрийн оролцоо чухал” гэх мэт санал гаргаж байгаа юм. 

Тэгвэл гишүүд ээ, малаа даатгая гэж байгаа нь зөв ч төр даатгалын компаниудыг энэ төслийнхөө хүрээнд дэмжих бодлого бариад байгаа юм шиг харагдаад болдоггүй ээ. Хувийн хэвшил дэх төрийн оролцоог багасгая, мал аж ахуйн салбар руу өнгийх төрийн хараа хэтэрхий шунаг байгаагаас энэ салбар урагшлахгүй, түүхий эд, бүтээгдэхүүн нь лангуун дээрээ өсөхөөс хэтрэхгүй байна. Малчдад биш ченжүүдэд ашгаа өгдөг салбар боллоо гэх мэт яриа малын индексжүүлсэн даатгал мэтийн асуудлаас ургадаг. 

Тэгвэл гишүүд ээ, малаа даатгалд хамруулаад байна уу, даатгалын компанийг дэмжиж давхар даатгалын компанийг төрийн оролцоотой байгуулаад байна уу. Арай хэн нэгнийх нь гарын хээтэй даатгалын шинэ компанийн хаалгыг нээх гээд ийн зүтгээд байгаа юм биш биз. Ингэж хардах шалтгаантай үгийг Малын индексжүүлсэн даатгалийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийнхэн саяхны УИХ-ын чуулган дээр амнаасаа унагачихсан. 

Түүнийг нь сийрүүлбэл, “Манайд эрсдэл даах хэмжээний даатгалын компани байхгүй. Мал аж ахуй бол эмзэг, эрсдэлтэй салбар. Тиймээс дурын даатгалын компани энэ ажлыг авахгүй. Авлаа ч төрийн нөмөр нөөлөг хэрэгтэй. Одоохондоо давхар даатгалыг авч явах боломжтой компани байхгүй. Хэдий ийм ч давхар даатгалын компани заавал байх шаардлагатай. Тиймээс энэ компанийг байгуулахад төрийн оролцоо хэрэгтэй. Яваандаа хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой” гэсэн юм. 

Тэгэхээр малаа хэрхэн ямар арга замаар даатгах тухайгаа дэлгэрэнгүй яриад араас нь хэчнээн компани, ямар шалгуур үзүүлэлтээр даатгалын эрх үүрэгтэй ажиллах вэ гэдгээ тодорхой болговол ажил хийх нь дээ гэж бодмоор. Гэтэл мал малчин хоёроо бүрэн тоолоогүй байж даатгал нэрээр компани байгуулж, даатгалын компанийг төрөөс дэмжиж, тэтгэх тухай асуудлаа хөндөөд баймааргүй. 

Дахин сануулахад гишүүдийн хэнийх нь ч амнаас даатгалын аль хэлбэр нь ашиг тусаа өгдөг болох, малчид ямар малаа даатгуулах нь ашигтай, даатгалын нөхөн төлбөрийн мөнгөө малчид хэрхэн авах гэх мэт амьдралд зөрчигдөж болох асуудлыг сөхөхгүй байгаа нь гайхмаар. Тэгвэл малын гэлтгүй хүний болоод эрүүл мэндийн даатгал яагаад ашгаа өгдөггүй, машины даатгалаас ч долоон дор үр дүнтэй байдгийн гол шалтгаан нь юу вэ. 

Ерөөсөө л малчид өмнө нь малаа даатгуулж байсан боловч цаашид үргэлжлүүлээгүй шалтгаан нь өөрсдийн нэхэмжилсэн нөхөн төлбөрийг авч чадаагүйд оршиж байна. Даатгалын бүтээгдэхүүнд эд хөрөнгө, осол, амь, ургац, мал, машин болон авто ослын даатгал зэрэг ордог. Гэхдээ 2002 оноос хойш малын даатгал хийгээгүй нь сүүлийн жилүүдэд тохиосон ган зудтай холбоотойг учир мэдэх нэг нь хэлж буй юм. Тэгвэл малчин малаа индексжүүлсэн даатгалд хамруулсанаар яг ямар ашигтай байх нь тодорхойгүй, даатгалын талаарх ойлголтгүй зэрэг нь малчид идэвхигүй байхад төрийн хэн нэгэн хүнд энэ төрлийн цоорхойг ашиглаж мөнгө босгох сайхан боломж олгодог мэтээр харагдуулж байна. 

Мэдээж манай улсад “Малын индексжүүлсэн даатгал”-тай холбоотой таагүй түүх байгаа. Энэ нь Дэлхийн банк болон Японы Засгийн газар, Швейцарын Засгийн газрын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг зэрэг байгууллагуудын хамтарсан санхүүжилттэй холбоотой юм. Энэ төслийн хүрээг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны захирлуудын зөвлөл 10 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталж байжээ. 

Уг мөнгийг дөрвөн аймагт хэрэгжүүлж байгаа туршилтын төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхэд ашиглах ёстой байв. 2009 онд ч мөн адил Швейцарын хөгжил хамтын ажиллагааны агентлагаас 800 мянган швейцарь франкын нэмэлт туслалцаа үзүүлсэн байдаг.

Энэ хангалттай хэмжээний санхүүжилт тэгвэл өмнө нь хаашаа, хэний халаас, хадгаламж руу орчихсон бэ. Үүнийг нэхэх хэлэлцэх зоригтой гишүүн тэгвэл одоо бий юу. Уг төсөлд хяналтын механизм огт үйлчилдэггүйгээр барахгүй төслийн мөнгө гол үр дүнг хүртэгч малчиддаа хүрэхгүй байсныг өнөөдөр сануулбал хэрэг хуучирдаггүйсэн.  Тэгвэл тухайн үедээ маш их хэмжээний мөнгөн эх үүсвэртэй төсөл байсныг хэн бусниулчихаад өнөөдөр дахин компани байгуулахаар зэхэж эхлэв.

Үүнийг бодохын тулд Монгол Улсад жилийн бүх улиралд малчдыг хоосруулам зуд нүүрлэдэг үү гэх асуулт урган гарна. 

XX зуунд Монголд гурван том зуд болсон байдаг. 1945 оны мичин жилийн зуд нийт нутаг дэвсгэрийн 65 хувь, есөн аймгийн 65 сумыг хамарчээ. Энэ үеэр 24.3 сая малаас 8.6 саяыг нь малчид алдаж байв. 1967 оны зуд гамшгийнхаа хувьд мичин жилийнхээс хоёр дахин илүү байсан хэдий ч учирсан хохирлынхоо хэмжээгээр хоёр дахин бага байсан гэдэг. Нийт нутаг дэвсгэрийн 80 хувь буюу 13 аймгийг хамарч 3.5 сая мал хорогджээ. 

2000 оны луу жилийн зуд 13 аймгийн 158 сумыг хамарч 11.2 сая толгой мал хорогдож байжээ. Малчид зуд зулагтай хэмээн амны билэгтэйгээр ярьж “зуд давсан мал түргэн өсдөг” хэмээн ярилцах нь бий. 

2010 оны зуд нь сүүлийн 30 жилд тохиолдоогүй цаг агаарын эрс хүйтрэлт, хүчтэй цасан болон шороон шуургыг үүсгэж, улсын хэмжээнд найман сая гаруй толгой мал хорогдож, 6400 өрх огт малгүй болж, 12 аймгийн 132 сум өртсөн билээ. Тэгвэл зовлон дунд малчдаа орхиод зугтах даатгалынхан байвал энэ төрлийн төсөл хэзээ ч өгөөжөө өгөхгүй юм биш үү.

М.Мөнхтунгалаг