Тосонцэнгэл, Улаангом чиглэлийн 167 км замын ажлаас 7-10 тэрбум төгрөг хэмнэхийг хүслээ
2018/06/04
Завхан аймгаас гаралтай сэтгүүлчид өнөөдөр автозамын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Улаангомын чиглэлийн 167 км замын ажил саяхан эхэлсэн явж байгаа аж.
Энэ замыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтай “Монгол ЛЗ зам гүүр” компани 660 сая юаны өртгөөр 2 жилийн хугацаатай барихаар Засгийн газартай гэрээ байгуулсан байна. Концессоор буюу өөрийн хөрөнгөөр барьж өгч байгаа гэнэ.
Зам ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд талын сумд болон Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох аж. Гэвч Улаангомын замын зургийг хийлгэхдээ өмнө нь хийлгэсэн Улиастайн замтай уялдуулаагүйгээс 20 гаруй километр газар зэрэгцсэн зам баригдахаар болчхоод байгаа аж.
Тус замуудын зураг төслийг 2012 онд Зам тээврийн яамны захиалгаар хийж байжээ. Одоогийн байдлаар Улиастайн зам баригдаж эхэлсэн ч, түрүүлж баригдсан замтайгаа уялдуулан шинэ эхлэх замын зурагт ялимгүй өөрчлөлт хийж 10 км хэмнэх санаачлагыг гаргалаа.
М.Амарбаяр: 25 км зам барихын оронд 10 км зам барьж зардлаа хэмнэх боломжтой
Сэтгүүлч М.Амарбаяр “Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Баруун аймгуудын гол чиглэлийн зам бол Увсын энэ зам байгаа юм. Тосонцэнгэлийн цаад талын дөрвөн замын уулзвараас аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Сонгино зэрэг сумаар дайраад Улаангом орох замын ажил эхэлсэн. Энэ зам ашиглалтад орсноор Увс аймаг хатуу хучилттай замаар холбогдчихно гэсэн үг юм. Энэ замыг барьж өгч байгаа компани болон бариулж байгаа Засгийн газрынханд талархах нь зүйтэй болов уу. Гэхдээ энэ зам дээр холбогдох газрууд нь ганц нэг зүйлийг анхаарч үзээсэй. Тосонцэнгэлийн цаана дөрвөн замын уулзвараас Улаангом руу 167 км газрын зураг төсөл байна. Энэ зургийн дагуу зам тавигдах ёстой. Харин Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн зам бий. Өнгөрсөн жил эхэлсэн зам барилгын ажил өнөө жил дуусах юм. Бид зам мэдэхгүй. Харин замын инженер, замын мэргэжлийн хүмүүс энэ хоёр зам дээр ажиллаад хоёр зэрэгцээ зам баригдах гэдэг талаасаа харвал жаахан үрэлгэн зардал гаргах нь гэдгийг хэлж байгаа юм. Нэгэнт Улиастайн зам эхэлсэн байгаа учраас тэндээсээ Улаангомын замыг эхлүүлбэл зүгээр юм гэсэн судалгаа хийсэн. Одоогоор бол 20 гаруй км-ийн зайтай хоёр зэрэгцээ зам явж байгаа. Энэ хоёр замыг зэрэгцүүлэхийн оронд Улиастайн замын км-ийг цаанаас эхлүүлээд авах юм бол 10 км зам барих нөхцөл байгаа. Тиймээс 15 км зам хэмнэж улсын эдийн засагт нэмэр болоочээ. 15 км замыг хэмнэсээр 7,5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэсэн тооцоолол судалгааг хийсэн байгаа юм. Тэгэхээр энэ асуудалд салбарын яам болон холбогдох газрууд нь анхаарахыг хүсье” гэлээ.
Мөн энэ замтай холбоотой асуудлыг дээрх гурван сумын иргэд Зам тээврийн яам болон холбогдох газруудад тавьжээ. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед татвар төлөгчдийн мөнгөөр заавал хоёр зэрэгцээ зам барьж байхаар энэ мөнгөө хэмнээд өөр газруудад, ялангуяа сумдад үр ашигтай байдлаар зарцуулж өгөхийг хүслээ. Өөрөөр хэлбэл, энэ замаас хэмнэсэн хөрөнгө мөнгөө сум орон нутагт хэрэгтэй зүйлд зарцуулбал илүү нэмэртэй, үр дүнтэй юм болов уу гэсэн санал санаачлагыг гаргаж байгаа ажээ.
Сэтгүүлч Ч.Батсүх “Засгийн газрын мөнгийг хий дэмий үрэлгүйгээр зөв зохистой, тэр дундаа орон нутгийнханд хүргэх юмсан гэсэн зорилготой хэвлэлийн хурал хийж байна. Үнэндээ 20 км замын үр дүнгүй ажил эхлэх гээд байна. Тэгэхээр Завхан чиглэлийн автозамаас энэ 167 км зам салаад явбал эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэдгийг хэлье. Засгийн газраас концессоор барьж байгаа болохоор Засгийн газрын мөнгө. Энэ эргээд төлөгдөх ёстой хүүтэй мөнгө. Төв магистраль зам дайрч өнгөрснөөр орон нутгийн иргэдийн амьдрал ч эрс дээшилнэ” гэв.
Сэтгүүлч И.Буянжаргал “Сүүлийн үед төр засгаас олон бүтээн байгуулалтын ажлыг Концессын гэрээгээр хийж байгаа. Гэхдээ энэ зам дайрч өнгөрч байгаа сумдын иргэдээс асууж шийдэж байгаа зүйл нь юу байгаа юм бол гэдгийг бид нар анхаарах ёстой байх. 2017 онд Нөмрөг сумын иргэдээс санал асуулга явуулахад 200 гаруй хүн сумыг дайруулж өнгөрүүлэх хүсэлт тавьж, 9 хүн зам дайруулахаас татгалзсан байгаа юм билээ. Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Замыг сум суурингийн хөгжилд зориулж байгаа учраас зүгээр нэг улсын төсвийн хөрөнгийг үргүй зарцуулахгүй байх гэж харж байна. Уг нь Сонгино, Түдэвтэй, Нөмрөг сумыг дайруулаад замыг барьчих юм бол сумын иргэд худалдаа үйлчилгээ явуулах, нүүж суухгүй, нэмэлт зардал гаргахгүй байх боломжтой юм байна шүү. Тийм учраас орон нутгийн иргэдийн саналыг сонсч өгөөсөй гэж хүсье” гэлээ.
Тэд эхний ээлжинд Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэд энэ саналаа хүргүүлж байгаа бөгөөд цаашлаад Сангийн сайд, Ерөнхий сайдад хандана, хэрвээ концесст өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл УИХ-д хандахаа илэрхийллээ.