“Юу” Монголыг хөгжүүлэх вэ?
2018/06/05
Монголчууд бид орчин үеийн нийгэм байгуулах гэж дэгэн догон бүдчиж явна даа. Хөгжил гээч сураг нь тасарсан ч найдвар алдаагүй тэр зүйлийг хүрээд ирнэ гэж итгэж хүлээсээр. Гэтэл хөгжил гээч нь хүрээд ирдэггүй, бид бодож, бүтээдэг зүйл гэдгийг ойлгох цаг болжээ.
Хүн төрөлхтөний хөгжлийн жигүүр нь институцийн хөгжил байдаг. Тэгвэл аль институци орчин үеийн дэвшилтэт нийгэм байгуулагдахад хамгийн их хувь нэмэр оруулсан бэ, аль институци орчин үеийн нийгэмд хамгийн хүчирхэг вэ гэсэн асуултад философичид, агуу удирдагчид дараах хариултуудыг өгчээ. 18-р зуунд Хегел хариулахдаа “Төр нь орчин үеийн нийгэмд хамгийн хүчирхэг институци байна “гэжээ. Харин Марксын хувьд Коммун нийгмийн цөм, хамгийн нөлөө бүхий нэгж байна гэж үзсэн. Ленин, Хитлер, Муссолини нар улстөрийн нам хамгийн хүчирхэг гэж үзсэн учир намын байр суурийг чухалчилсан байдаг. Хегел, Маркс, Ленин, Хитлер нараас өмнөх оюуны хүмүүс хаант засаглал, шашны сүм, эсвэл феодалын хамжлагат систем зэрэг тус бүрийнхээ амьдарч байсан үеийн институцийг нэрлэсэн байдаг.
Харин Экономист сэтгүүлийн Жон Миклетвайт болон Адриан Вүүлбриж нар The Company: A Short History of Revolutionary Idea (Компани буюу Хүн Төрөлхтний Түүхийг Орвонгоор нь Эргүүлсэн Гайхалтай Идей) номондоо дээр дурдсан удирдагчид, философичдын аль аль нь буруу болохыг нотолсон байдаг.
Жон, Адриан нарын дэвшүүлсэн гол санаа бол “Компани” гэх институци нь дан ганц орчин үед ч биш хүн төрөлхтөний түүхийн явцад хамгийн хүчирхэг нь байсаар ирсэн. Компани нь соёл иргэншилт нийгэм, эдийн засагт өсөлт буюу прогрессийг бий болгодог тул сайн зүйл гэжээ. Учир нь Христийн сүм хүртэл байр сууриа хадгалж үлдэхийн тулд компанийн, ялангуяа банкны үйл ажиллагаа явуулж байсан нь нэгэнт тодорхой болсон.
Түүхийг сөхөн харахад эртний Шүмэр, Ассир, Грек, Ромд, Арабт хүртэл компани өрхийн аж ахуй эсвэл түншлэл хэлбэрээр оршиж байсан боловч 15, 16-р зуунд дэлхийн хамгийн хүчирхэг, том эдийн засаг, аж үйлдвэртэй гэгдэж байсан (цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээндээ хэрэглэж байсан) Мин гүрэн ч компанийг институцийн түвшинд хөгжүүлж чадаагүй. Харин 16-р зууны сүүл, 17-р зууны эхнээс Европын тэр дундаа Голланд, Их Британы компаний концепци болон модел дэлхийд бүх талаараа давамгайлж, цойлж эхэлсэн байдаг. Чухам энэ үеэс л орчин үеийн нийгэм үүсэх эхлэл тавигдсан. Европын клончлол ч мөн адил Голланд ба Их Британы East India Company-аас үүдэлтэй түүхэн үйл явц байсан.
Тэгэхээр Европын “Компани”-ий модел дэлхийд хүч түрэн гарч ирэх нууц юунд байв?
1. Харвардын их сургуулийн профессор асан Ниал Фэргусон “Civilization” буюу Иргэншил номондоо, Европ дэлхийд цойлон гарч ирч, давамгайлахад “этикийн тогтолцоо” болон “компани ба түүнтэй холбогдох хуулийн тогтолцоо”-г тодотгосон байдаг. Жон, Адриан нар ч гэсэн номондоо компани орчин үе рүү хөл тавьж насанд хүрсэн институци болоход цогц хуулийн тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэсэн тухай онцолсон. Төр нь компаниудад бизнесийн үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд чөлөөтэй гүйцэтгэх зөвшөөрөл өгөхөөс гадна компаний эрх ашгийг дотоод гадаадад хамгаалах, хамгаалах хамгаалахдаа шаардлагатай үед батлан хамгаалах, тагнуулын байгууллага зэрэг бүхий л хүчний байгууллагуудаа дайчилж байсан. Дан ганц компаний эрх ашгийг хамгаалаад зогсохгүй компаний үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүд зэрэг чухал хүмүүсийг гэр бүлийн хамт бүрэн хамгаалалтандаа авч гадна дотны халдлагаас сэргийлж байсан. Энэ тогтолцоо өнөөдрийг хүртэл дэлхийн хөгжилтэй орнуудад хэрэгжсээр л байна. Жишээ дурдахад, Их Британы East India Company-г усан цэргийн флот байнгын хамгаалалтдаа байлгахын дээр тус компани өөрийн 230,000-аад цэрэгтэй байнгын армитай байсан. Харин компаний эзэд, гишүүд, ажилчид эрх мэдлээ хэтрүүлэн нийт улс орны эрх ашигт харшилах үйлдэл хийхгүй байх бүх хуулийн заалтууд, ял шийтгэлийг ойлгуулж хамтран ажиллаж иржээ.
Ийм нөхцөлд улстөр болон том бизнесийн хооронд үндэстний эрх ашгийг нэгт тавьсан этикийн тогтолцоо бий болох ба аль аль тал нь энэхүү тогтолцоог жанжин шугамаа болгон чандлан мөрдөх үүрэг хүлээдэг.
2. Нэг хоёр усан онгоц хөлөглөсөн, тив доторх гадаад худалдааг түншийн харилцаанд тулгуурлан санхүүжүүлж, эрсдэлээ үүрч байсан танилын хүрээний жижиг бизнесээс нэг, хоёр зуун усан онгоц бүхий флотууд тив дэлхийг хирэн хисч худалдаа хийхэд шаардлагатай өндөр эрсдлийг үүрч чадахуйц банк, санхүүгийн институциуд үүссэн явдал нь өнөөгийн үндэстэн дамнасан корпорациуд ба тэдний банкирууд болох үндэстэн дамнасан банкуудын сүлжээ бий болох суурь нь байв. Дэлхийн санхүүгийн капитализм (Global Financial Capitalism) нь Голланд болон Их Британы East India Company байгуулагдсантай шууд холбоотой.
3. Компани нь шинэ мэдлэгийг үйлдвэрлэх, шинэ мэдлэгийг практикт нэвтрүүлэн мөнгө бий болгох ажлыг ямар ч институциас илүү сайн хийж чаддаг. Петер Дракер Менежмент номондоо “том том корпорациуд байгуулагдсан нь орчин үеийн мэдлэг, инновацид тулгуурласан нийгэм, эдийн засаг бүтээх ажилд ихээхэн хувь нэмрээ оруулаад зогсохгүй энэхүү үйл явцыг хурдасгасан тухай тэмдэглэсэн байдаг.
4. Төр гэдэг институци нь олон хүний амьдрал, эрх ашгийг төлөөлөх учир хамгийн консерватив институци байдаг. Өөрөөр хэлбэл төрийн хийж чадах зүйлд хязгаар бий. Харин тэрхүү дутагдлыг компани нөхөх учиртай. Төр бол ажил олгогч биш. Төр бол арилжаа, худалдаа хийх бизнесийн байгууллага биш. Харин Компани нь төртэй маш олон нүх сүвээр холбогдож байдаг. Компани төрд татвар төлнө. Иргэдийг ажлын байртай болгоно. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлнө. Компани шинжлэх ухаан, мэдлэг үйлдвэрлэнэ. Компани ажилчиддаа ур чадвар, морал, нийгмийн тогтвортой суурьшлыг өгнө. Жишээ нь, Их Британий East India Company-ний ажилчдыг нийтийн албан хаагч буюу public servants гэж нэрлэдэг байснаас өнөөдрийн бидний хэлж заншсан нийтийн албан хаагч гэх нэршил үүссэн байдаг. Америка англи хэлэнд “Company Man” гэх хэллэг бий. Орчин үеийн нийгэмд ямар нэг компани, аж ахуйн нэгжид харьялагдахгүй хүн гэж бараг үгүй болов уу. Төр хэзээ ч нүүж чадахгүй. Харин компани бол ямар ч хэлбэртэйгээр хаана ч оршиж болно. Компанид насны хязгаар гэж үгүй. Жишээ дурдвал, City of London Corporation (Сити Лондон Корпораци) 1169 онд байгуулагдсанаасаа хойш аль ч түүхийн нугачаанд түмэн сорилтыг даван өнөөг хүртэл хүчтэйгээр оршин тогтнож байна.
Хүн төрөлхтөний түүхэнд “компани” улс байгуулсан түүх бий. Израэл улсыг байгуулахад “The Jewish Company” голлох үүрэгтэй оролцсон. Их гүрнүүдийн тохиролцоогоор улс байгуулах зөвшөөрөл авах бол асуудлын дөнгөж эхлэл. Газар худалдан авах, газар тариалангийн сууришлын бүс байгуулах, еврэйчүүдийг нүүлгэн шилжүүлэх, ажлын байраар хангах, наад захын дэд бүтэц барих гээд шаардлагатай асар их хөрөнгө босгох, менежментийг хариуцах ажлыг тус компани л гардан хийсэн байдаг.
5. Компани бол ямагт ирээдүй (Vision) рүү харж, шинэ сайхан ирээдүйг цогцлоох эрмэлзэлтэй байдаг. Тэр ирээдүйд тэргүүн эгнээнд алхахын тулд “хүн капитал эсвэл хүний баялаг” (Human Capital)-аа цаг тутамд бэлтгэх шаардлагатай. Тиймээс, компаний институци жинхэнэ утгаараа хөгжихөд боловсролын тогтолцоо дагаад жинхэнэ дүрсээ олж авдаг. Өнөөдөр дэлхийд тэргүүлэх их сургуулиуд ч мөн адил компаний хэлбэрээр байгуулагдсан нь гайхах зүйл биш. Харвард, Чикаго, Иэл зэрэг сургуулидыг тухайн үеийн бизнесийн томоохон магнатууд эсвэл компаниуд байгуулсан байдаг. Жишээ дурдвал, Чикаго их сургуулийг үүсгэн байгуулахад Жон Рокефеллер ихэнх санхүүжилтыг хийсэн.
Бидний амьдарч буй өнөөдөрийн дэлхий бол буу шийдэм барьж, сэлэм эргүүлж гүйх бус харин мэдлэгийн дайн өрнүүлж, оюунаараа өрсөлддөг дэлхий болж өөрчлөгдсөнийг Монголчууд ойлгох цаг болжээ. Монголын төр, бизнесийн институциуд өсч томрон ухаан суух шаардлагатай байна.
Орчин үеийн мэдлэгт суурилсан дэвшилтэт нийгмийг байгуулахад төр, шашины байгууллагуудын хийж чадах ажил хязгаарлагдмал, харин “Компаний” институцийг хөгжүүлсэнээр хүчирхэг улсыг байгуулж, хүн төрөлхтөний өмнө хариуцлагатай үндэстэн болж төлөвших боломжтойг түүх баталж байна.
Монголын Нууц Товчоонд ч гэсэн Чингис Хаан хөлөг, өрлөг, гишигтэн гэсэн институцийг байгуулан, үндэстний төлөө үнэлж баршгүй гавьяа байгуулсан хүмүүсийг 9 үеэр нь урамшуулж, гай тарисан балагтнуудыг 9 үеэр нь гэсгээсэн тухай тэмдэглэсэн байдаг.
Монгол улс 21-р зуунд орчин үеийн мэдлэгт суурилсан дэвшилтэт нийгмийг байгуулахад институциа хөгжүүлэх хэрэгтэй. Тэр дундаа “Компаний” институцийг үндэсний эрх ашгийг дээдэлсэн этикийн тогтолцоонд тулгуурлаж хөгжүүлэх үндэстний тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулах цаг нэгэнт болжээ. Эцсийн эцэст аливаа үндэстэн, улс орны чадавхийг компаниудын чадавхиар нь хэмждэг шүү дээ.
Монголын төр, компаниуд өсвөр насны дэггүй үеэсээ салж, насанд хүрэхийг цаг үе шаардаж байна.
Улстөр, том бизнес гэдэг цэцдийн л оролдох асуудал. Шалдар булдах халтуурддаг эд биш.
Хүний амьдрал хугацаатай бол агуу институци мөнх оршдог.
Жич: Өнөөдөр дэлхий нийтээр мөлжигч, амин хувиа хичээсэн капитализмаас татгалзаж, тэгш эрхийн капитализм рүү шилжих бэлтгэл хийгдэж байна. 2008 оны дэлхийн эдийн засаг,санхүүгийн хямралыг этикийн норматив өндөр компаниуд төвөггүйхэн даван гарч, бизнесийн ямар ч орчинд үйл ажиллагаа явуулах чадвартай байдаг тухай Блүүмбэргийн нийтлэл бий.
Энд компани гэх ойлголтоор нийтийн өмч, татварын мөнгийг хулгайлдаг, шалдар булдар хулхи импортын бараагаа төрд шахдаг, Монгол хүнээ мөлждөг, бэртэгчин шинжтэй, компаний сүг нарын талаар бичээгүй болохыг тодотгож байна. “Компани” гэдэг хүн төрөлхтөний бүтээсэн хөгжлийн агуу институцитай ялгаж, салгаж ойлгохыг дахин дахин анхааруулж байна.
“Моралтай Монгол” Сан