Автомат камераар авсан мазаалайн баавгайн 53 төрлийн зургийг дэлгэн үзүүлэв
2018/06/05
Мазаалай баавгай өсч үржихгүй байгаа гол шалтгаан нь идэш тэжээл, амьдрах орчноос болж байна хэмээн МУИС-ийн Биологийн тэнхимийн доктрант Н.Баттогтох “Бидний мэдэх мазаалай” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.
Өнөөдөр Монгол улс биологийн олон янз байдлын конвенцид нэгдэж орсны 25 жилийн ой болон Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан "Бидний мэдэх мазаалай" гэрэл зургийн үзэсгэлэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нээлтээ хийв.
Үзэсгэлэнд мазаалай баавгайн амьдарч буй орчин, идэш тэжээл, зан төрхийг харуулсан 53 гэрэл зураг дэлгэгджээ. Эдгээр гэрэл зургийг автомат камераар дарсан бөгөөд автомат камерь нь байгальд оршиж буй зэрлэг амьтдын хөдөлгөөн, дуу чимээг таньж, хүний оролцоогүйгээр зураг дардгаараа онцлогтой. Үзэсгэлэнгийн гол зорилго нь иргэд, хүүхэд залууст нэн ховор амьтан ургамлыг хайрлаж хамгаалах, мазаалай баавгайг танин мэдүүлэх, экологийн боловсрол хүмүүжил олгоход оршиж байгааг зохион байгуулагчид хэлж байв.
Мазаалай баавгайн тоо толгойг 2014 онд 28 байсан бөгөөд одоогоор цахим тооллогын аргаар дахин тоолох ажлыг эхлүүлэхээр судалж байна.
“Мазаалай баавгайг хамгаалах нь монгол улсын үүрэг. Тасралтгүй урт хугацааны ажлын дараа үр дүнд хүрнэ. Нэг хэсэг давалгаалаад л орхиж болохгүй. Мазаалай баавгайг камержуулж, хянах хэрэгтэй” хэмээн МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор, багш Р.Самъяа мөн энэ үеэр хэлсэн юм.
“Байгалиа хамгаалъя” сарын аяныг БОАЖЯ, ЦЕГ болон бусад төрийн байгууллагуудтай хамтран эхлүүлж 30 гаруй ажил төлөвлөн гүйцэтгээд байгаа талаар дурдав. Тухайлбал өнөөдөр болж буй “Бидний мэдэх мазаалай” фото зургийн үзэсгэлэн, “Тогтвортой хот суурин ба ой” сэдэвт хүүхдийн гэрэл зургийн уралдаан, “Говийн бүсийн амьтны аймгийн судалгаа, хамгаалал” эрдэм шинжилгээний хурал гэх мэт арга хэмжээг төлөвлөжээ.
Б.Халиун
Эх сурвалж: Монцамэ агентлаг