Хүн та өөрийгөө мэддэг үү?

-Би тэнэг хүн шүү. Мэдэх хийх юмаар маруухан.

-Би болсон хойно мөн мартчихаж ер ухаарсангүй. Энэ маанаг нэг мэдэхэд хар толгойгоо хаячихаад ирэх байхаа гэж өөрийгөө өөлж голж, чамладаг хүн энд тэндгүй олон байлаа. Энэ нь өөрийгөө ойлгодог, буруугаа мэдэрдэг ухаалаг хүмүүсийн даруу үгс. Одоо тийм хүн тун цөөрчээ.

Биеэ магтдаг, өмөөрдөг хүн л олширч. Бурууг өөрөөс зайлуулж, өрөөл рүү чихэхийг бодно. Бүтэхгүй бол хуйвалдаан, улс төр, шүүхээр биеэ хамгаалуулах, цэвэрлүүлэхийг оролдоно. Хүн та ямар болсноо амьдралаас хар гэж үүнийг бичиж байна. Улс, нийгмийн өмч дангаар ноёрхож байсан 70 жилд үзэгдээгүй хөрөнгө, мөнгөний төлөө их зарга, дажин энэ цагийн гүн эмгэнэл болжээ.

Урьд нь ганц халбага, өнчин ишиг ч завшдаггүй, осолдож дутаасан бол цалингаасаа төлөөд л дуусдаг байсан. Тэгвэл одоо төрийн өмч рүү довтлогчид цагаандаа гарч, бие биенээ барьж идэх дөхөж, өөрийн бурууг төр рүү чихдэг болжээ. Төр төр шиг байж улс орноо эзэгнэн төвхнүүлж чадсангүй. Хоёр хөрш маань хоёулаа эзэнтэй. Манайхан л гэж эрхээр сагасан олон толгойтой. Тэр толгойнууд дотор амин хувиа хичээгчид цөөнгүй. Төр хэрэг дээрээ өндөр дээд эрх мэдэл, ашиг хонжоо хайсан олон намын отооны дош, эрх мэдэл булаацалдах тэмцээний талбар, дөрвөн жил тутам дамжин дур хүслээ хангадаг хоноцын газар болж хувираад байна.

"Хоноц хоноцдоо дургүй" гэгчээр нам нь намаа үзэн ядаж, иргэдээ хэдэн хэсэг хуваачихжээ. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө маань хуйвалдан талцагчдын эрх зүйн бэлэн зууш болон ашиглагдаж, үндэсний эв нэгдэл будаа болон асгарах дөхөөд байна. Манайд төвлөрөл бутрал, эв нэгдэл хагарал задрал, хариуцлага сахилга задгайрал танхайрал, ардчилал анархизм, хүний эрх хүмүүжлийн дөнгө болчихсон байна. Худалдагдсан намуудын хийж ирсэн "гавьяа" нь энэ.

Шударгын дээд шударга байх ёстой шүүх засаглал гэхэд хар цагааныг ялгах үүргээ хангалтгүй биелүүлж ирснийг ард түмэн шүүмжилсээр олон жилийг үдэв. Та ажигласан байх. 2000-аад оноос хот хөдөөгийн дунд сургууль төгсөгчдийн үлэмж хэсэг хуулийн мэргэжил сонгодог болсон нь шүүгчид өр биш их орлого олдгийг аль хэдийнэ мэдсэний анир байжээ. Надад ч бас нэгийг бодогдуулсан л юм. Би нэг нийтлэлдээ шүүгч болгон бурхан биш ээ гэж дурдсанаа санаж байна. Хэрэг шийдэхдээ хэтэвчээ зузаалдаг буг байдаг нь ч тодорлоо. Боловсролтой мэдлэгтэй авлигач шиг аюултай шулам байхгүй.

 

Төрийн тэргүүн хүртэл авлигач шадарлагчдаа ивээн өөгшүүлж цалинг нь нууцаар нэмсэн нь хүмүүст бүр ч их сэжиг төрүүлсэн юм. Дээр дурдсаныг улс төр, засаглалын ялзрал, дампуурал гэхгүй бол өөр юу хэлэх вэ.

-Та юу ярьж байна аа. Манай улс дампуураагүй хөгжиж л байна шүү дээ гэх биз. Урт урт засмал зам, өндөр сүрлэг барилгууд бол монгол барилгачдын маань хөлс хөдөлмөр шингэсэн том бүтээн байгуулалт мөн. Хөрсөн доорх эрдэс баялгаа харьд худалдаж байгаа, гадаадаас 27.5 тэрбум долларын зээл авсан орон чинь даанч дээ энэ хэрийн юм бүтээн босголгүй яахав дээ. Харин ч чамлагдаж байна гэж би бол хэлнэ. Суурин газрууд битгий хэл Улаанбаатар хотоо ч сууцаар хангаж чадаагүй явна. Хамгийн өгөөжтэй орд газраа харийн мэдэлд өгчихөөд хянаж чадахгүй баялгаа гадагш алдаагүйсэн бол ид ажиллах, үржих ирэн дээрээ яваа иргэдээ дэлхийгээр нэг тараачихалгүй, ажилгүй ба ядуу хүмүүсээ уул уурхай, бүтээн байгуулалтын ажилд сайн зохион байгуулж оролцуулсан бол өнөөгийнхөөс илүү ихийг амжуулах байжээ. Гар утас, телевиз, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гудамж дүүрэн машин бол бидний бий болгосон хөгжил, бүтээл ч биш, гаднаас оруулж ирсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн юм. Ардчилал, хүний эрхийг их ярьснаар өмсөх идэх баялаг болоод хувирчихдагсан бол өдийд Монгол ажилгүйдэл, ядууралгүй, чинээлэг дунджаар чилийсэн орон болсон баймаар. Харамсалтай нь хадуураад явчихсан билээ. Тэгэлгүй аж ахуй, эдийн засаг, амьдрал, үйлдвэрлэлтэй зууралдаж, асуудлыг цогцоор нь шийдсэн бол өнөөдөр Монголын гэхээр ганц гайхуулах юмтай болох байсан. Шинэ эдийн засаг, нялх зах зээлийг хөшигний араас цаасаар домнож ирснээр иргэд өчүүхэн амьжиргаагаа нутаг нэгтнүүддээ булаалгачихжээ. Манайд баян хоосны харьцаа 5:95 болсон гэнэ. Хүн та хүнээ ингэж л шулж, тансаглаж ирэв. Нүгэл биш буян гэж өөрийгөө өмөөрнө биз.

Тавиад онд багийн агентад хуваарилагдсан ганц шил "монополь" архийг хэн ч хэрэглэдэггүй байсан бол одоогийн хүмүүс хэдэн арван вагон спиртийг дор нь далд оруулдаг лүү болон "шинэчлэгджээ". Архи савнаасаа бусдыг дийлдэг жамаараа Монголыг хэдийнэ байлдан дагуулж, орон даяар согтуурлын тахал тарааж амжсан байна. Унаган сэтгэхүйгээ цаг үеийн дарвилтад цөлмүүлэгчид, ойролцоогоор дөрвөн хүний нэг нь уг тахалд нэрвэгджээ. Хүүхэд эмэгтэйчүүд ч хамрагдаж. Архи бүхнийг дийлж байхад Монгол хүн өөрийгөө дийлэхээ больсон нь ичгэвтэр бус уу. Амраг ханиасаа гадуур янаглан хорлох ер бусын шингэнтэй нөхөрлөж, өөрөө өөрийнхөө ааш занг эвдэж эрүүл мэндээ сүйтгэж, амиа хүртэл егүүтгэж байна. Нийгэмд учруулж буй хор хөнөөлөөрөө бол их хэлмэгдүүллээс ч давсан байх. Зөвхөн ганц жилд гэхэд гэр бүлийн салалт, хүчирхийллийн 58-87 хувь нь согтуурлаас шалтгаалсан аж. Эрэгтэйчүүдийн 97 хувь гэр бүлийн хүчирхийлэгч, улс маань хүчирхийллийн орон болсон гэнэ. Ийм байтал архийг зохион байгуулалттайгаар "нийллэг" нэрээр бөөндөж уух явдал хавтгайрчээ. Хүн амаа үндэснийхээ бараа бүтээгдэхүүнээр өлсгөж байгаа хэрнээ архийг болохоор хэдэн зуун мянган тонноор үйлдвэрлэж ирэв. Архи өнөөдөр бүх нийтийн баяр ёслолын бэлэг тэмдэг, бахархалт идээ болон өргөмжлөгджээ. Архидах явдал нийгмийн шаналгаа байснаа одоо бүр цэнгэлийн манлай болсон ч юм шиг. Архинд умбагчид дээр хар тамхи, гааз, тоглоом, кино зэрэгт донтогчид нэмэгдээд монгол мансуурагчдын манлай орон болоход тун ойртжээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг, эцэг эх нь хүүхдээ хог дээр хаядаг, төөрүүлдэг, хөөдөг, нялхсыг хүртэл эцэг, ах, ойр дотнынхон нь бэлгийн хүчирхийллээр амь насыг нь хөнөөдөг болсон нь хүн та амьдаараа өмхийрч сүг болсны наад захын өчүүхэн илрэл юм. Яр тэмбүү, ДОХ мэт халдварыг чи л тээж авчирч тараасан шүү дээ. Үхэр монгол үнэхээр олширчээ. Машин техник, гал, ус, ахуйн осол, агаар хөрсний бохирдлоос үүссэн хохирол зарлаагүй дайны хэмжээнд хүрчээ. Замаар урсч байгаа автомашинтай холилдон зорчдог хүмүүс Монголоос өөр оронд байхгүй. Та бид дэлхийн дэг соёлоос хол хоцорчээ. Манайх олон чухал үзүүлэлтээр дэлхийн сүүл мушгиж явна. Энэ бүхэн монгол бидний байж байгаа царай. Миний ажигласнаар  /судалснаар ч гэж болно/ монгол олон сайн, муу чанараас энэ цагийн өнгөн дээр бусдыг хуулан дуурайдаг, даган баясдаг, амархан уйддаг, уусдаг, холбирдог, гэнэн итгэмтгий, хөөрүү дарвимтгай, давруун дэврүүн, туйлшрамтгай, цаашламтгай, биеийн амрыг харагч залхуу хойрго чанар нь хурц тод илэрч, хуний эрхийг хэтрүүлэг болгон ашиглаж, нийгэмд ихээхэн балаг тарьжээ. Та эдгээрийг тойроогүй дайрсан, өөрийгөө ба бусдыг голов уу, шүүмжлэв үү, эсвэл анзаараагүй, тоогоогүй юу, тэгээгүй л бол та мөн хөгцөрсөнд орно. Зөрчил, ялзралыг тоочоод байвал тоймгүй. Монголд энэ мэтээс гадна олон улсаар хэрэн сүлжигч хэргэмтэн тушаалтан, бизнес эрхлэгчид, ихийг мэдэгч эрдэмтэн, судлаачдаас элбэг, "Монголд үйлдвэрлэв" тэр дундаа  "Монголд зохион бүтээв" шиг ховор юм алга. Дэлхийгээр нэг тэлхсэн монголчууд. Очсон улс үндэстэн бүрт нь онцлог сайн юм олон байгаа даа. Муу ч гэсэн би монгол хүн шүү дээ ч гэж сэтгэж, биеэ зөв авч явж, төрөлх шинжээ алдалгүй, үзсэн харснаараа өөрийгөө баяжуулж, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эх орныхоо амьдрал, хөгжилд хэрэгтэй юм хэр олныг өвөрлөн ирж нэвтрүүлэв ээ. Скандиновын орнууд, Хятад, Куба, Вьетнамаас социалист баримжаатай зах зээл хөгжүүлсэн туршлагаас суралцаж замбараагүй зах зээлээ эмхлэн цэгцэлсэн эрхтэн дархтан, эрдэмтэн судлаачид хаана байна. Миний ажигласнаар богт англи, америк хүнд шинийг бүтээгч ухаалаг сэтгэлгээ, ажилч хичээнгүй чанар, герман хүнд цаг тооцоо яв цав баримталдаг хатуу сахилга, хариуцлага, япон хүнд арвич хямгач нямбай чанар, хүүхдээ багаас нь япон болгон хүмүүжүүлдэг уламжлал, хятад хүнд хүчээ жигд хуваарилан уйгагүй хөдөлмөрлөдөг эв дүй, ур ухаан, орос хүнд ухаалаг, хүнлэг, зоримог дайчин чадвар илүү давамгайлдаг юм шиг санагддаг. Энэ сайн чанаруудаас суралцан, үгүйдээ ганц технологи, стандарт судалж ирсэн хүн манайд хэд байдаг бол. Хориод жилийн өмнөөс Эрээн боомтны эргэн тойрон хэд хэдэн эгнээгээр тарьсан мөчир нь алсуур доошоогоо дугуйрч унжиж ургадаг гайхалтай модноос нэгийг ч Замын-Үүдэд суулгаагүй л байх юм даа. Үүний оронд янханддаг, мансуурдаг, донтдог, хүн худалддаг, хулгайлдаг, мөнгө угаадаг, нуудаг, дээрэм тонуул хийдэг, элдэв халдвар тээж авчирдаг аль мууг авхаалжтай сайн сурсан байх юм. 

Монголдоо байгаа нь ч гэсэн өөх ч биш, булчирхай ч биш болсон харагдана. Тархины харвалт, өвдөлт, бараандаа хямдрал, цагаан сар, наадмын хямдрал, яахуу /яах вэ/ гэж ярьж бичиж байгаа хүмүүс, сэтгүүлчийг монгол хүн гэхэд ичмээрээ. Ийм жишээ үй түм. Монгол хүн ажил, сэтгэхүйгээрээ амьдрал, хөгжилд ингэж ч гологдож байх гэж дээ. Хөдөлмөр гологчид л Монголоо голж, гологдож явна. Та энэ нийгмийн бүтээгдэхүүн болсондоо ханамжтай явдаг уу, харамсаж суудаг уу. Өөрийгөө ба нийгмээ таньсан уу, үгүй юу. Өтгөс буурлууд минь "Эрхийг сурахаас бэрхийг сур", "Эвтэй бол хүчтэй", "Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр", "Биеийн хүчээр нэгийг, оюуны хүчээр олныг ялна", "Хаа явсан газраа биеэ зөв авч яв", "Гишгээд мөрөө хар, суусан газраасаа шороо атга", "Сайнтай нехөрлөвөл сарны туяа муутай нөхөрлөвөл могойн хор", "Нүүр өгвөл бөгс өгнө" гээд мөн ч олон сайхан сургаал үлдээжээ. Энэ чинь ардчилал шүү дээ. Эдгээрийг мөрдөх нь байтугай мэдэхгүй хүн зендөө байна. Гар, толгойгоо ажиллуулахаас залхуурагчид олширсон дог. Зав, боломж нь олдох тусам зүгээр суух, зугаацах цэнгэх нь хэтрээд байна. Хурдан унаатай, амралтын хоёр өдөртэй боллоо гээд хөдөлмөрийн бүтээмж хуучнаас ахисан юм алга. Бидний энэ давруун цаашламтгай чанарыг А.Гитлер аль эрт судалчихаад хэрэв Монголыг эзэлж авбал тэднийг дээгүүр тушаалд ажиллуулж болохгүй, тэгвэл толгой цусадна гэж бичиж үлдээжээ. Тэгвэл манайхан өнөөдрийг хүртэл өөрсдийгөө ойлгоогүй явна. Монгол хүн 60 хүрээд ухаан сууна, 61 хүрээд үхнэ гэсэн хятад хүний яриа монголчуудын залхуу, цаг алддагийг мэдэрсэн үнэн үг юм. Хүнийг хүүхдээс нь, адууг дааганаас нь сурга, тэгэхгүй томруулбал дийлдэхгүй ардаг, ярдаг догшин амьтад болно.

Цаг алдвал хүн орой ухаан сууна гэсэн үг шиг санагдана. Гэтэл манай хүний эрх хамгаалагчид хэт сүржигнэж, хүүхдийг хамгаалах гээд эвдэж байна. Хүмүүжилтэй хүн хүний эрхийг хүндэтгэдэг, зөв эдэлдэг. Хүн болох гэдэг хүмүүжих, хүн чанар цогцлох гэсэн үг. Хүн хөдөлмөр хүмүүжлээр мэдлэг, боловсрол, соёл эзэмшинэ. Зөвхөн мэдлэг мэргэжилтэй, хүмүүжил, соёлгүй бол араатан, алуурчин ч болж мэднэ. Сурган хүмүүжүүлэх ухаан сураг тасраад удаж байна. Монгол хүн оюун ухаанаараа дэлхийд дээгүүр ордог ч ажилсаг чанар, амьдрах ухаанаараа адагт явна. Ухамсаргүйгээсээ улс нийгэм, өөрийгөө дэлхийн доог тохуу болгож явна даа та. Үүнээс өөртөө дүгнэлт хийж, өөрийнхөө онцлог, сайн муу талыг судалж, мөн чанар, үнэн нүүр царай, тар тамираа таньж, хорин хэдэн жил толгойдоо хуримтлуулсан хог новшийг цэвэрлэвэл шударга сайн цаг эрхбиш ирнэ.

Г.ДАЛАНТАЙ /Ахмад сурвалжлагч/