Би өөрийн фб-тээ хоёр хүнийг гэрийн үйлчлэгчээр шалгаруулж авна" гэсэн утга бүхий “зар” оруулаад чамгүй хугацаа өнгөрлөө. Зорилго нь Монголчуудын ажлын байрны эрэлт болоод, ажил эрэлхийлэгчдийн хандлагыг анзаарах гэсэн үйлдэл билээ.

Харин энэ маань та бүхний үзэл бодол, аливаад хандах хандлагын талаар огт төсөөлж байгаагүй дүр төрхийг харуулсан юм. Өнөөгийн Монголын ажилгүй, бас завтай залхуучуудын хийж чаддаг ганц ажил нь цахим сүлжээнд хэнийг ч, юуг ч хамаагүй шүүмжилж, доромжилж суух ажээ!!!

Би олон нийтийн сүлжээг ашиглан нийт монголчууддаа хэрэг болох вий гэсэндээ хэд хэдэн нийтлэлүүдийг түгээж байв.

Хөгжлийн тухай, бодлогын тухай, бүх нийтийг ажилтай орлоготой болгох боломжийн тухай тэдгээр нийтлэлүүдийг хамгийн ихдээ нэг удаад 10-гаруй хүн LIKE дарж, хэдхэн хүн сэтгэгдэл үлдээн, цөөн тооны хүн SHARE хийсэн байх атлаа ХОЁРХОН үйлчлэгч ажилд авах зар дээр долоо хоногийн дотор маш олон хүн LIKE дарж, COMMENT бичин, цөөнгүй хүн цааш түгээсэн нь тун хачирхалтай үзүүлэлт!!!

Бид аливаа зүйлийн үнэ цэнийг үнэлж дүгнэх, аль асуудал нь илүү их жин дарах сэдэв бэ? Ямар мэдээллийг дэмжин түгээж, үзэл бодлоо хэрхэн соёлтой, ухаалгаар илэрхийлэх вэ? гэдэгт огт дүгнэлт хийдэггүй нь тэндээс анзаарагдсан.

Жишээлбэл: Ийм өндөр боловсролтой хүн чамд очиж иймхэн хөлсөөр зарагдаж яах юм? Гэх...

Зарын агуулгад төгөлдөр хуур, хийл хөгжмийг “мэргэжлийн төвшинд” тоглодог байхыг огт шаардаагүй юм. Язгууртан үндэстний үр сад бид ая дуугүй амьдарна гэж юу байхав ээ.

Мөн тэнд “Гадаад хэлүүдийг өндөр төвшинд эзэмшсэн” гэдэг шаардлага ч тавиагүй. Тэр зараар би албан гэртээ орчуулагч авах гэсэнгүй!

Дэлхий дахинд технологийн дэвшил асар хурдтай өөрчлөгдөж байна. Гэр цэвэрлэх, угаах арчих, хоол хийх зэрэг түгээмэл ажлуудыг хүн биш техник хийж гүйцэтгэдэг болсон өнөө үед ахуйн хэрэгцээний техник хэрэгслээ горимын дагуу ажиллуулахад олон улсад түгээмэл хэрэглэгддэг хэдхэн хэлнээс гадарладаг байх хэрэгцээ тулгарна. Миний шаардлага ердөө л ийм, энгийн байв.

Тэгвэл эрхэм комментчид та бүхнийг хараал доромжлол урсгаж байх зуурт ард нь бас Англи, Америк, Швед, Солонгос, Япон Швейцар, Монголоос ч 20 гаруй хүн цахим шуудангаар мэдээллээ илгээн, ажиллах сонирхолтойгоо илэрхийлэхийн зэрэгцээ, ахуйн бүх зардлаа даалгаад, сард 1200$-ын цалин авах нь тийм ч муу үнэлгээ биш гэдгийг өөр өөрсдийн ажиллаж буй нөхцөлтэй харьцуулан дүгнээд, бичиж илгээжээ.

Тухайлбал: Солонгосоос холбогдсон нэгэн хүний жишээлснээр “Гадаад улс руу, тэр дундаа Солонгост ажиллахаар явж буй хүн бүр очсон даруйдаа ажилд ордог нь тун цөөн. Ажилд орсны дараа дунджаар 2,500,000 төгрөгийн цалин авлаа гэж бодоход түүнээсээ байрны түрээс, хоолны мөнгө, хэрэглээндээ зарцуулсаар өчүүхэн бага мөнгөтэй үлддэг. Харин таны зарын тухайд байр хоол, ахуйн бүх хэрэглээ, визний асуудлаа даалгаад, сарын цалингаараа хуримтлал үүсгэх боломжийн нөхцөл санагдлаа” гэжээ. Мөн Шведээс бичсэн хүн “Энд сайн ажиллавал 1500-2000 доллар олно гээд мөн дээрх жишээтэй адил энэ мөнгөнөөсөө идэж, суух зардлаа төлөхөд 300-500 $ л хойш хийдэг. Гэлээ гээд бид тансаг байранд амьдарна гэж байхгүй, танай цалинг хангалттай гэж үзэж байна” хэмээн илэрхийлсэн юм.

Одоо гол асуудал руугаа ороё!!!

“Гэрийн үйлчлэгч ажилд авна” гэх зараас өмнө би хоёр хүнийг бус хоёр сая Монголчуудыг ажлын байраар хангах эдийн засгийн тооцоо судалгаа, ТЭЗҮ боловсруулчихаад Монголын төрд санал болгоод их удлаа. Монгол төрийн, шийдвэр гаргагчид нь харийн гүрнүүдээс зээл авч, улс орноо барьцаанд тавин, ард түмнээ эх нутгаасаа дүрвүүлсээр...

Миний гайхаад барахгүй нэг асуулт бол Монгол ахан дүүст эх орон, газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байлдын баталгаа, нэгдсэн үнэт зүйл гэж байна уу?

Монгол улсад ажилгүйдэл ядуурал ямар их газар авсан нь, эх орноосоо дүрвэхийг чармайж өдөр бүр гадаад пасспорт захиалахаар дугаарлагсад болоод, харийн нутагт хар ажил хийе хэмээн Солонгосын виз мэдүүлэхээр хаврын хахир шөнүүдэд хонон өнжин зогсож буй монголчуудын дүр төрхөөс тодорхой харагдана.

Асар олон Монгол хүн ертөнцийн өнцөг буланд хүрч хаа таарсан газраа ахуй амьдралаа залгуулахаар эцэж цуцахгүй хөдөлмөрлөж байна.

Гэвч эргээд ирэх нутгийг чинь ганц хоёрхон нам, хэдхэн олигархууд цөлмөж, ард үлдсэн аав ээж, ахан дүүс чинь сүйдсэн балгас шиг эх нутагтаа ороо бусгаа он цагийн гэрч болж, амь тэмцсээр суух уу!!!

Дүр эсгэсэн ардчилал Монгол оронд нутагшихдаа завхрал бүхний эхийг тавьжээ. Үеийн үед МАНАН бүлэглэл бие биесээ ээлжлэн намнах захиалгат жагсаалыг зохион байгуулуулж, тэдний популист дүрүүд энэ нийгмийн завхралыг засч залруулах яг юуг бүтээж чадав? Хаврын хаварт хэдэн бүсгүйчүүд төв талбай дээрээ нүцгэн жагсаж, хэнийг ч юм, юуг ч юм эсэргүүцсээр л... Үр дүн нь юу вэ??? Энэ асуултыг та бүхэн дахин дахин бодож үзээрэй.

Тэгвэл би та нөхдөөс нэгдсэн үнэт зүйл нэхэхийн учир, ядаж иргэн бүртээ олгосон 1072 ширхэг хувьцааныхаа төлөө, өөрийнхөө төлөө, үрс хойчсынхоо төлөө яагаад үгээ хэлж, эвлэлдэн нэгддэггүй юм бэ?

Хүний, намын гар хөл болон жагсагчид аа! Эх орны чинь баялагийг гадны луйварчид 20 жил зөөлөө, бүх хилийн боомтуудаар гадагшаа зөөгдсөн баялгийнхаа мэдээллийг гаргаж ирэхийг, тэндээс хэр хэмжээний ногдол ашиг ард олон хүртэх ёстой байсныг тооцоолж гаргаад, баялгийн хуваарилалтын 20%-ийг авах бүх нийтийн тэмцэл өрнүүлж, засагтайгаа заалд!!!

Үеийн үед, үрийн үрдээ идэх хөрөнгөнийхөө төлөө бүх нийтээрээ зарга хийхэд Монголын ард түмэн гарцаагүй ялна. Монголын төр ард түмнээ сонсдоггүй юм бол та нарыг ДЭЛХИЙ сонсохыг бүү мартаарай.

Иймд иргэн ТА миний төлөө биш, өөрийнхөө төлөө, байгалийн баялгаасаа хувь хүртэх эрхтэй энэ улсын эзний хувьд Монголд оруулах хөрөнгө оруулалтын төслийн тухай, мөн холбогдол бүхий бусад нийтлэлүүдийг маань шэйрлэн түгээж, олон нийтээрээ илүү ихээр анхааран хэлэлцэнэ үү хэмээн уриалж байна.

Дашрамд хэлэхэд: Монгол ахан дүүс минь ээ! Халимаг, Буриад, Тува, Өвөрмонгол ахан дүүс чинь харийн нутагт, түмэн үндэстний дарлалыг үзэж туулаад өнөө цагтай золгосон учраас Туурга тусгаар Монгол улсынхаа бүрэн бүтэн байдалд та бүхнээс дутуугүй сэтгэлээ чилээн явдаг. Өр, зээлийн барьцаанд газар нутгаа алдаж, колони орон болчих вий гэсэндээ дэлхийн аль нэг улсад суугаа Монголчуудын л нэгэн адил би ч бас сэтгэл тавьж суугаа минь энэ юм.

Гэтэл Өвөр монголчууд бид яг ямар буруутай зүйл хийсэн болоод ахан дүүс та бүхэн биднийг “хужаа” гэж доромжлон, элдэв янзаар харааж зүхнэ вэ?

Ингэснээрээ та нөхдийн бах ханадаг хэрэг үү?

Миний мэдэхээр өнөөг хүртэл Өвөрмонголчууд Монголын алдартай дуучид, жүжигчид, зохиолчдийг чадлаараа л дэмжиж тэтгэсээр ирсэн. Дэлхий дээр Халимаг, Буриад, Тува, Өвөрмонголчууд л Монгол хэлийг ойлгож, Монгол бүтээлийг үзэж, сонсохоос биш ТА нар Англи, Америк, Хятад болон бусад гүрнүүдэд хүрч, хошин шог тоглоод хэн ч та бүхнийг ойлгохгүй, шударга үнэн ийм л юм.

Бас нэгэн жишээ: Монгол ахан дүүст ямар л хандив тусламж хэрэг болно бид байдгаа бариад л очдог. Хамгийн сүүлийн тохиолдол л гэхэд яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн эмчилгээнд юун түрүүнд Өвөр монголчууд хандив цуглуулан, чамгүй мөнгө босгож өгснийг олон даяараа мартаагүй биз ээ. Түүний ачаар өнөөдөр тэр хүн, ард түмэнтэйгээ мөр зэрэгцэн сэрүүн тунгалаг суугаа бус уу?

Өвөр монголчууд дунд сар шинэдээ бэлдэхдээ ч Монголдоо хөрөнгө оруулна гэж Улаанбаатарыг зоригчид чамгүй олон. Тийм атал эх нутгаа гэх бидний сэтгэлийг яагаад үл ойшоон, харааж зүхэн, хагацах сэдэл төрүүлнэ вэ? Бид ингэж хагарах, хагацах ёстой юм уу?

Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаар бахархан, үргэлж сайн сайхныг хүсч суудаг бидний халуун сэтгэл рүү хүйтэн ус бүү цацаасай гэж хүсэмжлээд энэхүү бичвэрээ өндөрлөе!

#Хүндэтгэсэн_Шинху_группийн_Далайгаас