Сая, сая хөгжөөн дэмжигчдийг догдлуулсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд арав гаруй хонож байна. Хүн төрөлхтнийг яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгээс нь үл хамааран нэгэн дээвэр дор хөгжөөн жаргааж чаддаг гэдэг утгаараа хөлбөмбөг бол энх тайвныг эрхэмлэсэн спорт юм.

Дөрвөн жилд нэг удаа явагддаг энэ удаагийн ДАШТ манайхаас олон цагийн зөрүүтэй ОХУ-д болж буй ч монголчууд нойроо харамлахгүй үзэж байгаа. Шууд дамжуулалтыг МҮОНТ, NTV телевиз тусгай зөвшөөрөлтэйгөөр тайлбарлан хүргэж байна. Лидер тоглогчдын ур чадвар, багийн спортын амжилт, улс орнуудын чансаа гээд хөлбөмбөгийг нэвт шувт мэддэг хүмүүс л энэ спортыг хүнд хүргэж чадна. Тиймээс хөлбөмбөгийн дэлхийн аваргыг шууд дамжуулж буй телевизүүд Монголдоо урдаа барьдаг гэсэн тайлбарлагч нарыг сонгож ажиллуулдаг байх. Манай телевизээр тэр, тэр хөлбөмбөг тайлбарлана гээд л рекламдах юм билээ. Тэгвэл Монголын тайлбарлагч нарын тэргүүн манлайд орос хэлний багш мэргэжилтэй Э.Балжинням байна, бас жүжигчин Д.Энхбаяр гээд хөлбөмбөгийн “хорхойтой” хүмүүс дэлхийн аваргын тэмцээнийг үзэгчдэд тайлбарлаж, хүргэдэг болоод удав. Энэ улсуудын тайлбарлаж байгааг сонсоход үе, үе тамирчдыг доош нь хийсэн, доромж өнгө аястай байх юм аа.

Тэр тамирчин бол тэдэн эхнэрээс салсан, одоо тэрэнтэй амьдарч байгаа, багадаа ийм өвчтэй байсан гээд л хувийн амьдрал руу нь хэт өнгийж, дайрдаг. Эсвэл тэндээс цагаачилж ирсэн тийм дүрвэгсэдийн хүүхэд гээд л удам судар, гарал үүслийг нь сөхнө. Нэг бол хар, шараар нь ялгаж зүсэлнэ. Дэлхий нийтийн энэ спортыг манай тайлбарлагчид дэндүү монголчлоод байна. Шуудхан хэлэхэд, байнга л цусны шинжилгээ хийж байгаа мэт ярих юм.

Жишээлбэл, “Африк гаралтай харууд яасан муу байна вэ. Энэ удаад цагаан арьстнууд гайгүй үзэж байх юм”, “Эд нар ер нь дандаа л муу юманд орооцолдож, хэл ам таталж байдаг дөө”, “Германы шилдэг тамирчдын дийлэнхийнх нь өвөг эцэг Туркээс дүрвэж ирсэн” гэх зэргээр гаднынхны хэлэхээс тун болгоомжилдог, эмзэг сэдвийг тайлбарынхаа дундуур хачирлах нь их болжээ. Дэлгэцийн өмнө хамгийн олон үзэгчийг татдаг хөлбөмбөгийн тэмцээний тайлбарлагчдын яриа, эмоцио илэрхийлэхдээ анзааргагүй унагасан үг хэл нь монголчуудын үндсэрхэг үзлийг дэвэргэх нэг сэдэл болж мэднэ.

Ялангуяа Э.Балжинням үзэгчдийг хөгжөөх гээд байгаа онохгүй тайлбаруудыг их хийдэг. Түүний дандаа хэлдэг үгийг Монголын фанатууд бараг цээжилсэн биз. Реал Мадрид-Барселонагийн тоглолтын үеэр “Реал Мадрид тоглолтынхоо өмнө Сантиаго Бэрнабэу цэнгэлдэхдээ Шакирагийн дууг тавьдаг байсан юм байна. Тэгсэн нөгөө Шакира нь Пикэтэй орооцолдоод Барселоны бэр болсон чинь "Реал Мадрид"-ынхан уурлаад дууг нь тавихаа больсон юм байна. Оронд нь Жавхлан мавхлангийн дуу тавьж байгаа юм биш үү" гэж тайлбарлаж байсан. Бас үзэгчдийн сэтгэгдэлд тод үлдсэн өөр нэг тайлбар гэвэл “1998 оны ДАШТ-д аваргын төлөө тоглох гэж байсан Бразилын шигшээ багийн довтлогч Рональдо найз охинтойгоо муудалцсан тул бие нь муудаж улмаар халуурч байтал хажуу өрөөний Робэрто Карлос гүйж орж ирээд “Зүгээрээ Рональдо,бид ялна...” гэсэн гэх зэргээр хормой хотны явдлыг дэргэд нь байсан мэт тайлбарлах юм. Түүнчлэн дэлхийн аваргын таван удаагийн Алтанбөмбөгийн эзэн Аргентины шигшээ багийн лидер Л.Мессиг хүртэл итали ээжтэй, цагаач гэж хочилдог. Түүний амьдралын түүхийг ярьж байна гээд дандаа өвчнийх нь онош юм уу, болохгүй бүтэхгүй, амьдралд нь тохиолдсон хар бараан дурсамжуудыг дэлгэнэ. Ер нь бол мань эр “Би ээжийгээ шүтдэггүй, аавыгаа шүтдэггүй. Лэмпардыгаа шүтдэг” гэж ирээд л хамаа намаагүй, зоргоороо ярьдаг хүн л дээ. Тийм болохоор манайхан түүнийг уухайлан дэмжээд, шүтээд, мундаг гээд л баясаад байдаг. Сая гэхэд К.Рональдог гоол оруулангуут “Экс хадмындаа ирж агсам тавилаа” гэж тайлбарлаж байх шиг. Үүнийг нь сошиал сүлжээнд шүүрч аваад давалгаалан хөөрцгөөсөн. Үнэн хэрэгтээ хөлбөмбөг хэмээх мэргэжлийн спортыг манай тайлбарлагчид хошин шогийн хэмжээнд аваачиж тайлбарлаад байх юм. Энэ бол аливаад жалга довондоо ойж буудаг үзлээр ханддаг, норм стандартыг ном ёсоор нь хийдэггүй, бүх зүйлийг монголчилж хэт мэдэмхийрдэг манайхны дэндүү бүдүүлэг зан. Тэдний орилоо тайлбараас болж хөлбөмбөг яасныг мэдэхгүй шахам өнгөрдөг. Үүгээрээ тэдний хоббиг буруутгаагүй. Гагцхүү дэлгэц бол нийгмийг соён гэгээрүүлж, танин мэдүүлдэг үүрэгтэй. Тэрнээс хэн нэгэн рүү дайрч, гутаан доромжилдог хэрэгсэл биш. Дээр нь мөнгөө төлөөд үзэж байгаа үзэгчдээ хүндлээд ёс зүйн өндөр ухамсартай байх ёстой. Гэтэл манай хөлбөмбөг тайлбарлагчид хамгийн дуртай спортоо тайлбарлахдаа дэлхий дахинд мандуулсан гол урианых нь эсрэг ажиллаад байна шүү дээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA нь “Say no to racism” гэсэн уриатай байдаг. Энэ бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг хориглосон үзэл юм. Гэтэл Монголын тайлбарлагчид яг тэрийг нь сөрж яриад зогсохгүй залуу хойч үеийнхэндээ буруу үлгэр дуурайлал, хандлагыг шингээж байна. Хэрэв FIFA манай тайлбарыг сонсвол Монголын хөлбөмбөгийн холбоонд асар өндөр торгууль тавина даа.

Хөлбөмбөг тайлбарлаж дуусчихаад санамсаргүй хэлсэн үгнээсээ болж дуртай ажлаа хийж чадахгүй хавчигдсан Рон Аткинсон хэмээх англичуудын гүн хүндэтгэлийг хүлээсэн нэгэн эрхмийн жишээ бий. Тэрбээр 14 жилийн өмнө шууд нэвтрүүлэгт хөтлөгчөөр оролцож байхдаа “Челси” хожигдсон тэмцээний дараа микрофон унтарчихсан, ажил дууссан гэж бодоод хамтрагчдаа “Энэ Десай шиг хүмүүсийг бага байхад нь тэнэг залхуу не..р гэж дууддаг байлаа” гэжээ. Энэ өгүүлбэр түүнийг өдий хүртэл ажилгүй явах шалтгаан болсон аж. Рон Аткинсон бол олон ч ДАШТ-д хөтлөгч хийсэн, Английн алдарт “МЮ” багийг Фергюсоны өмнө бүтэн таван улирал дасгалжуулсан, Африк гаралтай хөлбөмбөгчдийн замыг зассан хүн. Хөлбөмбөг тайлбарлах өвөрмөц аялгатай, түүнийг нь бүр “Ronglish” гэж тусгайлан нэрлэгддэг байсан энэ хүн эфир дууссан хойно ингэж дуугарснаасаа болж арьс өнгөөр ялгаварлагч нэр зүүж шоовдорлогдон урт хугацааг туулсан тухайгаа өөрийнхөө номд өгүүлсэн байдаг юм билээ. Манай тайлбарлагчдын хагархай хэнгэрэг шиг цуурдгийн дэргэд түүний хэлсэн үг юу ч биш. Дэлхий дахинд хөлбөмбөг хэмээх спорт ийм л хатуу зарчимтай, тайлбарлагч нар нь ёс зүйтэй байхыг шаарддаг юм. Харин монголын тайлбарлагчид хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл дэлхийн хөлбөмбөгийн баярыг үзэгчд түмэнд хүргэхдээ хагалан бутаргасан үзэл гаргадаг гэдгээ мэдэж байгаа юу.

Эх сурвалж: Өдрийн сонин

М.Мөнхцэцэг