Ш.Нямсүрэн : Олон улсын төмөр замчин залуус анх удаа Монгол Улсад чуулах гэж байна
2018/08/20
-Энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо олон улсын төмөр замчин залуучуудын чуулган болох гэж байгаа гэж сонслоо. Энэхүү чуулганыг урд өмнө нь зохион байгуулж байсан уу?
-"Төмөр зам ба залуучууд" сэдэвт олон улсын чуулганыг энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага 2018 оны ажлын төлөвлөгөөндөө тусгасан. Үүнтэй холбоотой тушаал шийдвэрүүд нь батлагдаад бэлтгэл ажил ер нь бүрэн хангагдаад байна. Энэхүү чуулган нь Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж, хөгжсөний түүхт 80 жилийн ойн нэгдсэн төлөвлөгөөнд багтаж, манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой.
-Чуулганд ямар улсын төлөөллүүд оролцох вэ?
-Анх төлөвлөсөн удирдамжаараа бол ОХУ-ын төлөөлөгчдийг нэн тэргүүнд оролцуулахыг тусгасан. Одоогоор РЖД нийгэмлэгийн төв байгууллагаас хүмүүсээ оролцуулахаа албан ёсоор мэдэгдээд байна. Мөн Дорнод Сибирийн төмөр замын залуучуудын байгууллагын дарга Кузнечихин Д.В ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг ирнэ. Забайкальскийн төмөр замаас зургаан залуу оролцоно. Урд хөрш болох БНХАУ-ын зүгээс урилга хүргүүлсэнд талархал илэрхийлээд "Одоогоор манай талаас төлөөлөгч оролцуулах боломжгүй" гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ 23 хүртэл хугацаа бий учраас тэдний зүгээс төлөөлөгчөө оролцуулна гэж найдаж байна. Түүнчлэн, Казахстаны төмөр замын залуучуудын байгууллагатай өмнөх жилүүдэд болсон дэлхийн залуучуудын байгууллагын чуулганд оролцох үеэрээ харилцаа холбоо тогтоосон учраас урилга хүргүүлсэн. БНСУ-аас дөрвөн хүн оролцуулах тухай мэдээллээ ирүүлсэн. Японы Зүүн төмөр зам компани УБТЗ-тай хамтын ажиллагааны санамж бичигтэй ажилладаг учраас урилга хүргүүлсэн. Тэд харин энэ сарын эхний болон хоёр дахь долоо хоногт UIC-ын хуралд оролцох учраас ирж чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Вьетнамын төмөр замын залуусаас оролцох тухай мэдээллээ урьдчилсан байдлаар ирүүлээд байсан ч саяхан тус улсын төмөр зам дээр зорчигчийн галт тэрэг мөргөлдсөн томоохон осол гарсан учраас оролцож чадахааргүй боллоо гэж мэдэгдсэн. Мөн УБТЗ ХНН Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн учраас БНАСУ-ын төмөр замын залуучуудын байгууллагад урилга хүргүүлсэн хэдий ч энэ удаад оролцож чадахгүй гэсэн хариуг ирүүлсэн. Тэгэхээр энэ чуулганд дөрвөн орны төмөр замчин залуусын төлөөлөл оролцох нь одоогоор тодорхой болоод байна.
-Энэхүү чуулганыг зохион байгуулахын ач холбогдол нь чухам юунд оршиж байна вэ?
-Монголоос оролцож буй залуус маань чуулганд хүрэлцэн ирсэн орнуудын төмөр замын хөгжлийг танин мэдэх. Бид дэлхийн төмөр замын салбартай өөрсдийгөө харьцуулбал аль түвшинд явна вэ гэдгээ харах. Мэргэжил нэгтнүүдээсээ харилцан туршлага солилцох. Тэр дундаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах чиглэлээр өндөр хөгжилтэй орнууд хэрхэн ажилладаг вэ гэдэг мэдээллийг авах гээд маш чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд чуулганы ач холбогдол оршиж байгаа. Ер нь, тээврийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэдэг хөрш орнуудынхаа төмөр замаас маш их хамааралтай байдаг учраас хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь өндөр ач холбогдолтой гэж харж байгаа. Цаашлаад харилцаа холбоо тогтоосон орныхоо төмөр замчин залуустай илүү өргөн цар хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэх. Тухайн орнуудад зохион байгуулагддаг ийм төрлийн чуулганд төлөөлөгчөө оролцуулах гэхчлэнгээр гарах үр дүн ч их байх болов уу
-УБТЗ-ын зүгээс хэчнээн залууг оролцуулах төлөвлөгөөтэй байна вэ. Мэдээж тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтийг ч тавьж буй болов уу?
-Чуулганд нийт 100 төмөр замчин залуу оролцоно. Үүний 60 хувь нь УБТЗ-аас үлдсэн 40 нь гаднаас байх юм. Өөрийн талаас оролцуулах 60 залуугийн эхний 10-ыг нь "Төмөр зам ба залуус" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанаас шалгаруулсан. Энэхүү уралдааныг "Хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах", "Залуучуудын байгууллагын оролцоо болон түүний үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг яаж дээшлүүлэх" гээд үндсэн гурван чиглэлийн доор зарласан. Уралдаанд оролцсон залуус маань бүгд өөрийн мэргэжлийнхээ онцлогийг харуулсан, бидний тэр бүр олж хардаггүй шинэ санаа, шинэлэг, оновчтой шийдлийг дэвшүүлсэн байгаа нь үнэхээр олзуурхууштай санагдлаа. Заавал хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хэрэгжүүлээд явах боломжтой санаачлагыг ч залуус цөөнгүй дэвшүүлсэн байсан. Тэгэхээр эхний гурван эссэг төсөл болгож, Замын захиргааны бодлого шийдвэрт тусгуулах чиглэлийг баримтална.
-Форумын хүрээнд ямар асуудлыг хэлэлцэх вэ?
-Өмнөд, хойд хөршийн төмөр замчидтайгаа уулзаж байсан тохиолдол бол бий. Гэхдээ яг энэ удаад зохион байгуулж байгаа шиг бусад орны залуусын төлөөлөлтэй эх орондоо чуулж байсан удаа бол байхгүй гэдгийг дахин онцолъё. Форумын эхний өдөр гаднаас ирсэн зочид төлөөлөгчид маань УБТЗ ХНН-ийн үйл ажиллагаатай танилцана. Хоёр дахь өдөр нь Форумын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, үдээс өмнө, хойно гэсэн хоёр хэсэгтэй үргэлжилнэ. Энэ үеэр мэдээж харилцан туршлага, мэдээлэл солилцоно. Бусад орны төмөр замын хөгжил ямар түвшинд, манайх тэдэнтэй харьцуулахад хаана явна вэ гэдгээ ярилцана. Түүнээс гадна чуулганы хөтөлбөрт Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын арын цэцэрлэгт хүрээлэнд "Замчин" хөшөөг бүтээн байгуулах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд бараг цор ганцаар үлдээд байгаа цэцэрлэгт хүрээлэнгээ тохьжуулах, сэргээн засварлах ажилд Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Хөдөлмөрийн баатар Р.Рашийн санаачилгаар Залуучуудын төв байгууллага нэлээд идэвхийлэн оролцож, мод бут тарьсныг уншигч та бүхэн санаж буй болов уу.
-Залуучуудын төв байгууллага эхний хагас жилд төлөвлөсөн ажлынхаа ард амжилттай гарлаа. Сүүлийн хагас жилд чухам ямар ажлуудыг Замын хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байна вэ?
-Энэ жилийн тухайд бол мэдээж хамгийн том нь одоо зохиогдох гэж буй олон улсын чуулган. Анхны гэдэг утгаараа биднийг нэлээд сорьсон, ихээхэн хичээл зүтгэл шаардсан ажил юм байна. Дараа нь, бидний санаачилсан "Говийн төмөр замчин" хөтөлбөрийн үргэлжлэлийг ирэх есдүгээр сард Замын урд хэсэглэлд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн "Яг түүн шиг-2" шоуг зохион байгуулна. Түүнээс гадна Замын хэмжээнд залууст маань санхүүгийн боловсрол маш чухал байгаа учраас өөрийн цалингаа хэрхэн зөв зарцуулах, өрхийнхөө төсвийг хэрхэн оновчтой зохион байгуулахад чиглэсэн сургалтуудыг хийнэ. Түүнчлэн, өнгөрсөн хавар зохион байгуулагдсан "Нийгмийн хариуцлага-2018" зөвлөгөөний үеэр хөндөгдсөн нэн тэргүүний асуудал бол залуу төмөр замчдын орон сууц, мөн өвчлөлийн байдал байсан. Тиймээс эдгээр чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулна гэхчлэнгээр олон ажил бий.
-Замын хэмжээнд гарч байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон сахилга баттай холбоотой осол зөрчлийн хэдэн хувийг нь залуу ажилтнууд эзэлдэг вэ. Тодорхой судалгаа бий юу?
-Гарсан гологдол зөрчлийн шалтгаан нөхцөлийг цаг тухайн үед нь судлан тогтооход 1-2 жил ажилласан, ажлын байрандаа дадаж амжаагүй залуус байх нь бий. Гэхдээ нөгөө талдаа 20-30 ажилласан хашир туршлагатай гэж дүгнэгддэг төмөр замчид бас байна. Тэгэхээр энэ бол хоёр талтай асуудал юм. Эхний хагас жилд Замын хэмжээнд гарсан осол зөрчлийн тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тоон үзүүлэлтээрээ буурсан дүн гарсан. Замын захиргааны зүгээс ч ажилтнуудынхаа хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйтай холбоотой осол зөрчлийг багасгах чиглэлээр онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа. Тухайлбал, бидэнд энэ чиглэлээр дутагдаж байсан 11 тушаал шийдвэр батлагдаж гарсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нормативтай болсон. Ер нь, манай салбарт галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй гэдэг ойлголт нэгдмэл уялдаатай байх ёстой гэж харж байгаа.