Манай улсын хувьд өвөлтэй зэрэгцээд хүн бүрийн амны уншлага нь утаа гэх үг болсон. Урин дулаан цагтаа утааг мартдаг ч өвөл болохоор эргээд л энэ үгээ хэлнэ.

Ийм байдлаар сүүлийн 10 жилд дорвитой өөрчлөлт гарсангүй. Утаатай тэмцэхийн тулд олон янзын төсөл хэрэгжүүлсэн бөгөөд утаагүй зуух, утаа бага ялгаруулдаг түлш гэх мэтээр олон арга сэдсэн ч тусыг эс олж, зарим нэг этгээд нь энэхүү төслийн хөрөнгө дээр тоглон төсвийн мөнгийг үрэн таран хийсэн. 

2011-2015 онд Мянганы Сорилын сан, Дэлхийн Банк, Цэвэр агаар сан, Улсын төсвөөс нийт 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан гэсэн тооцоо байдаг. Энэ хөрөнгөөр сайжруулсан зуух тарааж, утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжсэн. Нийт гэр хорооллын иргэдийн 90 орчим хувь буюу 176 мянган өрхөд сайжруулсан зуух тараасан хэдий ч тус зуухны хэрэглээ бага байгааг түүвэр судалгаанаас харж болохоор байна. Түүвэр судалгаа хийж үзэхэд зарим хороодод сайжруулсан зуухны хэрэглээ 20 хувьд ч хүрэхгүй байжээ. Тиймээс өмнө хэрэгжүүлсэн утаагүй зуух гэх мэт үрэлгэн төслүүд үр дүнгүй болсныг харуулж байна. 

Харин энэ жил ямар арга хэмжээ авах нь мөн л тодорхойгүй байсаар зун дууслаа. Манай улсын Засгийн газраас энэ онд Өмнөд Солонгос улсаас 500 сая ам.доллар зээлэхээр болсон. Тус улсаас авч буй зээл нь 0.2 хувийн хүү, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэй юм.

Энэ зээлийн 50 хувь буюу 250 сая ам.долларыг орон сууцанд зарцуулах төсөл явж байгаа талаар Барилга хот байгуулалтын яамны сайд мэдээлсэн байна. Эхний шатанд уг төслийг нь дэмжсэн аж. Харин эцсийн шийдвэр нь энэ сарын сүүлчээр гарна. Ямартай ч Ерөнхий сайдын өгч байгаа чиглэл бол Солонгос улсаас зээлсэн 500 сая ам.долларыг орон сууцанд зарцуулна. Утааг бууруулах эцсийн арга хэмжээ бол хүмүүс орон сууцад орох явдал гэдгийг хэлж байгаа юм.

Үүнээс харахад утааг орон сууцаар л шийдэхээр болж ..... Гэхдээ нэгэнт өвөл хаянд ирж байгаа одоо цагт энэ асуудлаа хурдан шийдэж арга хэмжээгээ эртхэн аваасай. Үүнийг шийдэхийн тулд Ипотекийн зээл мөн л чухал нөлөөтэй. 

Өнөөдөр улсын хэмжээнд 5822 орон сууц борлогдоогүй байна. Үүнээс стандартын орон сууц, зэрэглэлээр нь харахад 2000 гаруй орон сууц ам метр нь хоёр сая төгрөгөөс доош үнэтэй, төрийн албан хаагчид авах боломжтой юм байна гэсэн саналыг холбогдох яам салбарууд Засгийн газарт оруулж байгаа аж. 

Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд Сангийн яамнаас хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх хэрэгтэй гэсэн санал ирүүлжээ. Нэг ёсондоо хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхгүйгээр ипотекийн зээлийг олгоход хүнд. Юуны түрүүнд төрийн албан хаагчийн цалинг 10 хувиар нэмэхийн тулд 200 тэрбум төгрөг шаардлагатай. Харин орон сууцаар хангахын тулд 160 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс энэ мөнгийг төрийн албан хаагчийн цалинг нэмэх юм уу эсвэл төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох уу гэдэг хувилбар бас л тулгараад байгаа.

Энэ мэтээр нэг асуудлыг шийдэхийн тулд өөр нэг асуудал тулгарсаар. Ямартаа ч УТАА, ИПОТЕК, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ цалин гурав хурдхан шийдлээс гараасай хэмээн залбирч суух үлдэж.

Энэ бүхэн шийдэгдвэл гэр хороолол дахь яндангийн тоо багасч, орон сууцад амьдрах иргэдийн тоо нэмэгдэж эсрэгээрээ УТАА багасаасай. 

С.Отгон